Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 788

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00191 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г” ХХК,

Хариуцагч “Ө” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 128 768 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Уламсайны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Аззаяа, Д.Ганхүрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэй, Д.Ганхүрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь “Ө” ХХК-ийн барьсан СБД-ийн 4-р хороо, 5-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 37-р байрны 68 тоот 58 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв нь 1 800 ам.доллароор үнэлж, 2012 оны 4-р улиралд хүлээн авахаар 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А/15 тоот “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан төлбөрөө гэрээний дагуу бүрэн төлж 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус байрыг хүлээн авсан. Бид байраа хүлээн авахдаа талбайг нь “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу хэмжиж үзэхэд гэрээнд заагдсан 58 м.кв талбайгаас дутуу байсан тул тус компанид энэ талаар хандахад тус компанийн архитектор н.Хүрэлчулуун ирж хэмжиж үзэн 3.72 м.кв талбай дутуу байгааг нотолсон юм.

Иймд бид энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр тус компанид 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өргөдлөө өгсөн хэдий ч тус компанийн захирал Н.Төмөрхүү 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13/792 тоот албан бичгээр бидний гомдлыг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэн. Иймээс бид 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр архитектурын зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөл бүхий “Инженер геодези” ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 3.38 м.кв дутуу байгааг гэрчилсэн тул 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ШӨХТГ-т бидний хохироож буйг мэдэгдэж дутуу талбайн хохирол болох 3.38 м.кв х1800=6084 ам.доллар болон байрны талбай хэмжүүлсний төлбөр болох 82 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргасан. Бидний хүсэлтийн дагуу ШӨХТГ-аас шалгаж үзээд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 7/94 тоот албан бичгээр “Ө” ХХК-д зөрчлийг арилгах шаардлагыг хүргүүлсэн боловч өдийг хүртэл бидний хохирлыг барагдуулаагүй.

Мөн тус барилга нь 2013 оны 06 дугаар сард ашиглалтанд орсон нь “Ө” ХХК-тай байгуулсан гэрээ ёсоор 2012 оны 4-р улиралд тус барилгыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул тус гэрээний 1.4-т заасны дагуу “Орон сууц 2012 оны 4-р улиралд ашиглалтанд орно”, 5.2-т заасны дагуу “Гүйцэтгэгч гэрээний 1.4-д заасан хугацаа 90 хоногоос илүү хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэсэн заалтыг зөрчиж байгаа.

Бид гэрээний үнийн дүн болох 79 000 ам.долларын 0.2 хувь болох 158 ам.долларыг хэтэрсэн хоног болох 61 хоногоор /2013 оны 04 болон 05 cap/ тооцон 158х61 хоног= 9638 ам.доллар болж байна. Иймд нийт нэхэмжлэлийн хэмжээ 15 722 ам.долларыг энэ өдрийн Монгол банкны 1 долларын ханшаар 1 984.65 төгрөгөөр бодож 31 202 667 төгрөг болон байрны талбай хэмжүүлсний төлбөр болох 82 000 төгрөгийг нэхэмижлнэ.

Гэрээнд зааснаар гэрээний үнийн дүн болох орон сууцны үнийг ам.доллараар бодох тухай гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд байрны нэг м.кв-ийг 1800 ам.доллар гэж тооцсон ба гэрээний дагуу үнийн дүнг графикийн дагуу дөрөв хувааж төлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл, анх гэрээ байгуулсан үе буюу 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ам.долларын ханшаар бодож гэрээ байгуулсан байтал 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр сүүлийн шилжүүлгийг хийх үеийн ам.долларын ханш зөрүүтэй байсан бөгөөд тус ханшийн зөрүү 9 844 101 төгрөг болсон байна. Энэ талаар хариуцагчаас гаргуулсан “Авлагын дэлгэрэнгүй бүртгэл” дээр “Ханшийн зөрүү” гэсэн агуулгаар тусгасан байдаг.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаас үзвэл анх гэрээ байгуулсан буюу 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ам.долларын ханшаар тооцон мөнгөн төлбөрийг бодож ханшийн зөрүүнээс үүдэн нэхэмжлэгчийн илүү төлсөн мөнгө 9 844 101 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд “Ө” ХХК-иас 41 128 768 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5-р хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамжинд орших Ү-2203020096 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй /37-р байр/ орон сууцны барилгыг “Бэгдү констакшн” ХХК-иас 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу дутуу барилга шилжүүлэн авч өөрийн хөрөнгөөр гүйцээн барьж ашиглалтад оруулсан. Уг барилгыг хүлээн авахдаа барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллагын гаргасан батлагдсан ажлын зураг, давхарын байгуулалт, өрөөний хэсэгчилсэн байгуулалт, тодорхойлолт, ил далд акт зэрэг холбогдох баримт материалын хамт хүлээн авсан бөгөөд энэхүү зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, орон сууцны талбайн хэмжээг тооцон борлуулалтын үнэ тогтоосон.

Орон сууцны талбайн хэмжээ болон борлуулалтын үнийг иргэдэд урьдчилсан байдлаар танилцуулсны дагуу захиалагч өөрөө сонголтоо хийн орон сууцны талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний нөхцөл, үр дагаврыг хүлээн зөвшөөрч орон сууц захиалгын гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэтэл гүйцэтгэгч компанийн төлөөллийг байлцуулахгүйгээр хөндлөнгийн аль нэг архитектурын зураг төслийн компаниар хэмжүүлсэн дүгнэлтийг үндэслэн талбайн зөрүүнд төлбөр шаардах нь үндэслэлгүй гэж бид үзэж байна. Учир нь, захиалагч уг байрыг 3 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд энэ хугацаанд барилгын үндсэн хийц, өрөөний зохион байгуулалт, цонх, шугам хоолойн хаалт зэрэгт өөрчлөлт оруулсан эсэхийг бид мэдэх боломжгүй юм.

Иймд талбайн зөрүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай компани нь захиалсан байрыг 2012 оны 6 дугаар сард “Г” ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас барилгыг бүхэлд нь ашиглалтанд хүлээлгэн өгөх хугацаа тодорхой хэмжээнд хойшилсон болно. Захиалагч “Г” ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.8-д давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж /улс төр нийгмийн байдал, төрийн байгууллагын шийдвэр, гал ус цаг агаар гэх мэт/ барилгын ашиглалтанд орох хугацаа хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй гэж харилцан тохиролцсон бөгөөд уг барилгын зүүн талд байрлах 149 дүгээр цэцэрлэгийн удирдлагын зүгээс гаргасан газрын маргаан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн шийдвэр, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэдэгдэл, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа зэргээс шалтгаалан барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон болно.

2008 оны зураг төслөөр барьсан учраас 2009 оны стандартыг баримтлах боломжгүй. 2012 онд барилга баригдаад дууссан байсан, орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж хүлээн авсан тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан. Мөн захиалагч “Г” ХХК нь гэрээний 4.1-д заасан графикийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасан хүү, алданги авах эрхээ алдах хууль зүйн үндэслэл болсон. 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч 36 000 ам.доллар төлөх ёстой байтал төлөөгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.4 дэх хэсэгт зааснаар өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй тул шаардах эрх үүсэхгүй.

Графикийн дагуу төлбөр төлөх үүрэг үүсч байгаа, энэ хүмүүс ам.доллароор үнийг төлнө үү эсвэл тухайн үеийн ам.доллартай төгрөгийн харьцах ханшаар төлнө үү өөрсдөө шийдэх ёстой асуудал. Иймээс ханшийн зөрүү шаардах эрхгүй. Төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тул алданги шаардах эрхгүй. Иймд “Гео орон” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар “Г” ХХК-ийн “Ө” ХХК-иас 41 128 768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 600 төгрөгөөс 363 594 төрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 124 006 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын  200600910 тоот данснаас буцаан гаргаж, “Г” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “Г” ХХК-иас 183 612 төгрөгийг гаргуулж “Л” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Уламсайн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэрт гэрээний тал болох “Г” ХХК болон “Ө” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 37-р байрны 68 тоот орон сууц нь гэрээнд заасан 58 м.кв талбайн хэмжээнээс дутсан гэдгийг тогтоосон байдаг. Энэ нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан доголдолтой ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн буюу гэрээнд заасан орон сууцны талбайн хэмжээгээс 3.38 м.кв хэмжээгээр дутсан учир хариуцагч “Ө” ХХК-ийг гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гомдол гаргагч энэ хэсэг дээр маргахгүй байгаа. Харин тухайн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бий болсон хохирлыг өөр этгээдтэй байгуулсан гэрээгээр хохирлоо барагдуулсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, "Ө" ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй ба тухайн үүрэг нь одоо ч хадгалагдсан хэвээр байгаа. Энэ үүргийг гуравдагч этгээд "Ө" ХХК-ийн өмнөөс хохирлыг төлж гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан нь гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийг гэрээний хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр гарч байгаа тул үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т "Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх" гэснийг хэрэглээгүй байна. Тиймээс гэрээний үүрэг биелүүлээгүй буюу гэрээнд заасан тооноос дутуу талбайн хэмжээтэй орон сууц хүлээлгэж өгсөн "Ө" ХХК-иас гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн хохирол болох 6 084 ам.доллар буюу 12 074 611 төгрөгийг захиалагч тал болох “Г” ХХК-д нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй.

Ийнхүү доголдолтой орон сууц хүлээлгэж өгснөөс үүдэн захиалагч тал болох “Г" ХХК нэхэмжлэлд дурдсан орон сууцыг "Инженер геодези" ХХК-иар хэмжилт хийлгүүлсэн ба түүний зардал 82 000 төгрөгийг мөн гаргуулах эрхтэй гэж үзэж байна. Шүүгч уг шаардлагыг үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу шаардах эрхгүй гэж шүүхийн шийдвэртээ үндэслэсэн байх боловч нэхэмжлэлд дурдсан шаардлагын үндэслэл нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын актад дурдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг үндэслэсэн болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулах үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байдаг ба талууд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд аль аль нь харилцан анз авахаар тохиролцсон байна. Гэтэл шүүгч, захиалагч үүргээ биелүүлээгүй учир анз шаардах эрхээ алдсан гэж үзсэн байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний заалтыг үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Гэрээнд гэрээний хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дотор анз тооцохгүй ба түүнээс хойш тооцохоор заасан байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс захиалагч талд анз шаардах эрх үүссэн ба тухайн орон сууцыг гүйцэтгэгч тус оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгсөн байдаг.

Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан ба 4 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ хугацаа хүртэл гүйцэтгэгч талаас анз шаардах эрхтэй байсан боловч захиалагч тал тухайн үед төлсөн үнийн дүнгээсээ 2 сарын алдинги тооцсон байгаа юм. Захиалагч тал 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийг бүрэн төлж дууссан ба гүйцэтгэгч тал орон сууцыг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ нь захиалагч талыг алданги авах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэдгийг харуулж байна.

“Г” ХХК болон "Ө" ХХК нар 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр "Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулсан ба тухайн үедээ талууд гэрээндээ төлбөрийг 104 400 ам.доллар гэж тохиролцон, уг үнийн дүнг тухайн үеийн төгрөгийн ханшаар тооцон гэрээ байгуулсан. Иргэний хуульд зааснаар гэрээний агуулгыг талууд чөлөөтэй тодорхойлох боломжтой боловч тухайн агуулга нь хүчин төгөлдөр хууль, тогтоомжоор хязгаарлагдана.

Төлбөр, тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээ байгуулахдаа гэрээнд доллар гэж дурдсан байх боловч тухайн гэрээг хуульд нийцүүлэн тайлбарлах замаар харилцан тохиролцож 104 400 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 135 720 000 төгрөгөөр орон сууц захиалан гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл төлбөрийг гүйцэтгэхэд төгрөгөөр төлсөн үнийн дүн ам.долларт шилжин гүйцэтгэгч талын дансанд орж байсны улмаас захиалагч гэрээнд зааснаас илүү үнийн дүн буюу 145 564 101 төгрөгийг гүйцэтгэгч талд төлсөн байдаг.

Үүнийг орон сууц гүйцэтгэгч "Ө" ХХК-иас гаргасан авлагын дэлгэрэнгүй бүртгэл гэсэн баримт бичигт "Ханшийн зөрүү" 9 844 101 төгрөг гэж тэмдэглэсэн байдаг. Тиймээс уг үнийн дүнг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн "Лэндс" ХХК нь шүүгчийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй атал шинжээчийн дүгнэлт гаргасан зардал хэмээн нэхэмжлэгчид үүрэг болгосон нь үндэслэлгүй байна. Дээрхийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 41 128 768 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 128 768 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээгээр шилжүүлсэн орон сууцны м.кв-ын зөрүүд 6 084 ам.доллар буюу 12 074 611 төгрөг, алдангид  9638 ам.доллар буюу 19 128 056 төгрөг, ханшийн зөрүү 9 844 101 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 82 000 төгрөгийг тус тус гаргуулна гэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/15 тоот “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” авагдсан ба талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Харин ажил гүйцэтгэгчээс захиалагчид шилжүүлсэн орон сууц нь гэрээгээр тохиролцсон хэмжээ болох 58 м.кв-аас 3.38 м.кв дутуу буюу ажлын үр дүнгийн доголдолтой холбоотойгоор талууд маргасан ба эрх бүхий шинжээчийн хэмжилтээр орон сууцны талбай 54.62 м.кв болох нь тогтоогдсон гэж 3.38 м.кв талбайн үнэд төлсөн төлбөр 6 084 ам. долларыг /3,38 м.кв*1800 ам.доллар/ ажил гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар буцаан шаардсан боловч хэрэгт “Г” ХХК нь маргаж буй 37 дугаар байрны 68 тоот 2 өрөө орон сууцыг 58 м.кв талбайтайгаар хүлээн авч өөрийн өмчлөлд бүртгүүлсэн баримт /хх-98/ авагдсанаас үзвэл захиалагч доголдлыг мэдэж байсан боловч ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дахь хэсэгт зааснаар мөн зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Түүнчлэн тус компани 58 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхээ иргэн У.Аззаяад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлснийг өмчлөх эрхээ хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар захиран зарцуулсан гэж үзнэ.

Иймд талбайн зөрүүгийн төлбөр, түүнтэй холбоотой шаардсан хэмжилтийн хөлс, гэрээний үүрэгт төлбөр төлснөөс үүссэн ханшийн зөрүү гэж нэхэмжилсэн 22 000 712 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Харин захиалагч байрны түлхүүрээ 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд  ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөн байх тул 90 хоногоос илүү хойшилсон буюу 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 73 хоногийн хугацаанд 0,2 хувийн алданги тооцож шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, гэрээний 1.4-т зааснаар нэхэмжлэгч буюу захиалагчид үүссэн байх тул нэхэмжлэгчийн 61 хоногоор тооцсон дүнгээр буюу 19 128 056 төгрөгийг /9638 ам.доллар/ алдангид шаардсаныг хангах нь зүйтэй байна.

Захиалагч нь төлбөрийг хугацаа хоцроон төлж байсан тул алданги шаардах эрхгүй гэж хариуцагч маргасан боловч захиалагч орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацаанаас өмнө гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн, тухайн үед төлбөр төлөх хуваарийг  баримтлаагүй нь ялимгүй шинжтэй, бүхэлдээ гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00191 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-аас 19 128 056 төгрөгийг гаргуулж, “Г”ХХК-д олгон, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар үлдэх 22 000 712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Г” ХХК-д олгосугай” гэснийг “хариуцагч "Ө” ХХК-иас 253 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д  тус тус олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

А.ОТГОНЦЭЦЭГ