| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2019/0398/Э |
| Дугаар | 690 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 690
й
Д.Ж-, Х- /H-/ нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Очбадрах,
шүүгдэгч Х-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч Д.Ж-, Х- нарын өмгөөлөгч Г.Ганбадрах,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/592 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х-, Д.Ж-, шүүгдэгч Х-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Х-, Д.Ж- нарын өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Ж-, Х- нарт холбогдох эрүүгийн 1806036151510 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Орлойн Боржигон овгийн Д.Ж, 19.. оны .. дугаар сарын 3-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “......” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл..., ......... хамт ......... дүүргийн ........ дугаар хороо,.......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;
2. БНХАУ-ын иргэн Х- /H-/, 19.. оны 11 дүгээр сарын 21-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Отог хошууч суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “..............” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл .., .......... хамт ........ дүүргийн ..... дугаар хороо, ......... тоотод оршин суух, ….....дугаарын паспорттай, Монгол улсад ял шийтгэлгүй;
БНХАУ-ын H-, Д.Ж- нар нь бүлэглэн хүчин төгөлдөр бус гэрээг ашиглан , “Ган Илч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Дундговь аймгийн Баянжаргал сумын нутагт байрлах Хөөтийн хонхор нэртэй 65.46 гектар талбайгаас нүүрс олборлоход бэлэн мэтээр төөрөгдүүлж, хамтарсан компани байгуулах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон БНХАУ-ын иргэн Yang Wen Hu-г залилснаас их хэмжээний буюу 160.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Ж-, Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ж-, Х- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан , тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Ж-, Х- нарыг тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Д.Ж-, Х- нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Ж-, Х- нараас тус бүр 70.000.000 төгрөгийг гаргуулж, нийт 140.000.000 төгрөгийг хохирогч Ян Вэ Хө-д олгохоор тогтоож, Д.Ж-, Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ж- эхний гаргасан давж заалдах гомдолдоо: “... хохирсон гэх хүмүүс болсон үйл явдлын талаар, түүнчлэн цагдаагийн байгууллага дээр ч, шүүх хуралдаан дээр ч орчуулагчаар ажилласан хүмүүс ч үнэн бодитой орчуулсан гэхэд туйлийн эргэлзээтэй байсан. Х- болон түүний орчуулагчаар шүүх хуралдаанд орсон орчуулагч, манай өмгөөлөгч нараас орчуулга буруу байгаа талаар хэлсээр байхад шүүх хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Цагдаа, прокурорын шатанд холбогдох материалыг өгөх гэхээр авахгүй байсан, зарим баримтыг /чатны орчуулга, хөрвүүлэг/ бидний эсрэг болгосон байгаад гомдолтой байна. Гэм буруугүй талаарх нотлох баримтуудаа хуулийн байгууллагуудад гаргаж өгч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Миний бие цагдаагийн байгууллагад, шүүх хуралдаан дээр болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Хохирсон гэх БНХАУ-ын иргэнтэй хамтарч ажиллахаар тохирсон, Ян Вэ Хө нь өөрийн геологич болох Сүн Лин Мин гэж хүнтэй нүүрсний хайгуул хийх гэж байсан талбай дээр хамт очиж үзсэн, талбайг эзэмшдэг компанийн хүмүүстэй очиж уулзсан. Бид нар мөнгө дутуу байсан тул түрээслэх гэж байгаа тухайгаа хэлсэн. Ян Вэ Хө дээрх нөхцөл байдлуудтай танилцсаны дараа хамтарч ажиллахаар болж гадаадын хөрөнгө оруулалттай “Уудам говь энержи” хамтарсан компанийг байгуулсан. Хамтарсан компани байгуулахдаа “Чин Сор” ХХК-д хувьцааний 40 хувийг эзэмшүүлж, өөрөө 60 хувийг эзэмшсэн. Учир нь, “Чин Сор” ХХК нь өрмийн ажил болоод нүүрсний талбай ашиглахтай холбоотой гэрээ хэлэлцээрийг “Ган Илч” ХХК, “Орд Гео” ХХК-тай хийсэн байсантай холбоотой юм. Ингээд миний данс руу 180 гаруй сая төгрөг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн. Би Ян Вэ Хө-г банкинд дагуулж очоод өөрийн данснаас уг мөнгийг аваад өөрийнх нь данс руу хийж өгсөн.
Хохирогч худал мэдүүлэг өгч байгаа: Ганбат гэдэг хүн дээр Дундговь аймагт очиж дайлуулж, ууж идэж, ажил ярьж суучхаад мэдүүлэгт Ганбаттай ярьж байгаагүй гэж мэдүүлсэн. Сун Лин Мин энэ орд ажиллах уу, нөөц байна уу гэдгийг үзэхээр ирсэн мэргэжлийн шинжээч хүн. Сун Лин Мин шинжээч ирээд яаралтай өрөмдлөг хий гэж хэлсэн, өрөмдлөг хийх зураглал зурж өгсөн. Бид энэ мэргэжлийн хүний заавраар өрөмдлөг хийсэн. Энэ хүн 30 гаруй жил энэ мэргэжлээр мэргэшсэн хүн. Гэтэл одоо ийм зүйл болоогүй гээд байгаа. Өрөмдлөг хийх бэлтгэл ажлын зардлыг “Чин Сор” ХХК-иас гаргасан байсан. Бид нарын зорилго яаралтай өрөмдлөг хийх байсан. Мөнгийг нь бид шийднэ гэж Ян Вэ Хө хэлж ажлыг эхлүүлсэн. Хэрэв тэгж хэлээгүй байсан бол бидэнд мөнгө байхгүй байсан тул өрөмдлөг хийж эхлэхгүй байсан. Банкинд очиж итгэмжлэл гаргаж баталгаажуулна гэж хэлж интернэт банкны эрх нээлгэсэн байсан гэж Сун Лин Мин мэдүүлээд байгаа. Ямар ч банк итгэмжлэл баталгаажуулдаггүй шүү дээ. Мөн Монгол улсад оршин суух бичиг баримт, жолооны үнэмлэх аваад өг гэж паспортоо өөрөө өгсөн. Сун Лин Мин худал мэдүүлээд байгааг шалгуулмаар байна. Хамтарсан ажлыг үргэлжлүүлж бай гээд Ян Вэ Хөн нь Сун Лин Минд бүх эрхээ шилжүүлж итгэмжлэл хийж өгсөн, хамтарсан компанийн тамга тэмдгийг үлдээсэн, түүний дагуу бид хамтдаа банк руу очиж мөнгө шилжүүлсэн, өрмийн ажил хийгдсэн. Х-ын хувьд Хятад хэлтэй учир Ян Вэ Хө нартай харьцаж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны үед Ян Вэ Хө би хамтарч ажиллахгүй, ажлаа зогсооё гэхээр нь би мөнгийг нь буцааж өгнө гэж баримт болгож бичиг хийж өгсөн гэж надад хэлсэн. Гаргасан зардал мөнгөн дээрээ тооцоо нийлж асуудлыг шийдэх юм байна гэж миний зүгээс ойлгож байсан.
Хохирогч Ян Вэ Хө мэдүүлэхдээ “...эхлээд хамтарсан компани байгуулъя гэж шийдсэн. Би 60 хувийг эзэмшээд, Х- 40 хувийг эзэмшхээр болсон. Эхлээд хөрөнгө оруулалттай компани байгуулахад шаардагдах байршуулах мөнгийг би гаргасан. Компани байгуулаад аль ажил руу орохоо шийдээд хөрөнгө оруулалтыг ярьж эхэлнэ гэж тохирсон. Компани байгуулаад Хятад улсад ажилтай болоод буцахдаа Сун Лин Мин-д итгэмжлэл өгөөд явсан. ...компани байгуулах явц нь 60, 40 хувь гээд байгаа. 60 хувийн мөнгийг би гаргаад, 40 хувийг Х- гаргана гэж тохирсон. Би 60 хувьд нь 800.000 юань оруулсан. ...” гэж мэдүүлсэн. Гэрчээр нягтлан Баярмаа мөрдөн шалгах ажиллагааны үед болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн. Анхаарч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Ж- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие 88 настай эх, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Надад 4 жилийн хугацаагаар хорих ял, 70.000.000 төрөгийн нөхөн төлбөр төлөх ялыг үндэслэлгүйгээр буюу нотлох баримтуудыг бүрэн гүйцэд нягталж шалгалгүйгээр хүчээр тулган ял өгсөнд гомдолтой байна. БНХАУ-ын иргэн Ян Вэ Хө нь Дундговь аймгийн Баянжаргалан суманд орших А12401 тоот лицензтэй “Ган Илч” ХХК-ийн нүүрсний талбайд нүүрсний хайгуул, өрөмдлөг болон нүүрсний олборлолт хийх талаар хамтран ажиллахаар аман хэлцэл хийсэн гэж миний хамтран ажиллагч Х- надад тайлбарлаж ойлгуулсан. Тэгээд Ян Вэ Ху нь өөрийн бие төлөөлөгч гэх Сун Лин Минийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын Замын-Үүд боомтоор ирүүлсэн. Х- бид 2 Замын-Үүд боомтоос Сун Лин Минийг тосч тэр өдөртөө Дундговь аймгийн Баянжаргалан сумын А12401 тоот лицензийн талбайд очсон. Яагаад гэвэл Х- надад тайлбарлахдаа Сун Лин Мин 32 жил нүүрсний уурхайд ажилласан, нүүрсний мэргэжлийн шинжээч, Ян Вэ Хөгийн бие төлөөлөгч бөгөөд энэ нүүрсний уурхайд өрөмдлөг хийх эсхүл хийхгүй байх талаар шийдвэр гаргах эрх бүхий төлөөлөгч гэж ойлгуулсан. Сун Лин Мин нь А12401 тоот талбайг нягталж үзээд “маш сайн талбай байна. Нарийвчилсан хайгуул яаралтай хийж түүнийхээ үр дүнг үндэслэн олборлолт ажлаа эхлүүлэх хэрэгтэй” гэж дүгнэлт гаргалаа хэмээн надад ойлгуулсан. Хайгуулын ажлын зардлыг хэн, хэзээ, яаж гаргах вэ гэж хэлээд тэр өдөртөө бид Улаанбаатар хотод ирж амарсан. Маргааш нь Х- Сун Лин Минтэй уулзаж хайгуулын зардлыг хэн гаргах талаар асуухад “ Би Ян Вэ Ху даргалтай утсаар холбогдож заавар авсан. Одоогийн байдлаар надад /Ян Вэ Ху өөрийгөө хэлж байгг/ Монголд компани байхгүй учир та нар /Х-, Ж-/ зардлаа гаргаад хайгуулын ажлаа хурдхан эхлүүлж бай, хамтарсан компани байгуулаад та нарын зардлыг буцаагаад төлье” гэж дамжууллаа гэж хэлсэн. Энэ зааврын дагу өөрсдийн “Чин Сор” ХХК-иар “Орд Гео” ХХК-тай 1000 тууш метр өрөмдлөг хийх гэрээ, “Универсал Лайнинг” ХХК-тай цооногийн гэрээ, “Гео Мастер” ХХК-тай зураглал зүйн гэрээ, зөвлөх геологич Батням, Содномдаржаа, Даажамба нартай хайгуулын ажил хамтарч хийх тухай гэрээнүүдийг байгуулж 4.250.000 тонн нүүрсний нөөц илрүүлсэн юм. Бидний хийсэн хайгуулын ажлын үр дүнгээр “Ган Илч” ХХК нь А12401 тоот лицензит талбайдаа Уул уурхай хөнгөн үйлдвэрлэлийн яамны ашигт малтмалын газрын эрдэс баялгын улсын мэргэжлийн зөвлөлөөр батлуулахаар холбогдох бүх тайлан материалаа хүлээлгэж өгөөд байгаа нь бидний хайгуулын ажлаа чанартай, үр дүнтэй хийсний баталгаа болж байгаа юм. Би өөрийн өмгөөлөгч Г.Ганбадрахад “Орд Гео” ХХК-тай өрөмдлөгийн ажил хийсэн гэрээ, “Гео Мастер” ХХК-тай байр зүйн зураглал хийх гэрээ, геологич Батням, Содномдаржаа, Даажамба нартай хийсэн хамтран хайгуул хийх гэрээ болон зурагнуудыг өөрийн биеээр хүлээлгэн өгсөн болно. Ян Вэ Ху-тай хамтран “Уудам говь энержи” ХХК-ийг хамтран байгуулсан. Ингэхдээ Ян Вэ Ху компанийн хувьцаанаас 60 хувь, манай “Чин сор” ХХК 40 хувийг эзэмшихээр харилцан тохиролцож хамтарсан компани байгуулан ажлаа эхэлсэн юм. Гэтэл 4.250.000 тонн бидний хайгуулын ажлаар илэрсэн нүүрсний үнийн тонн тутмыг 50.000 төгрөг гэж тооцвол 212.500.000.000 тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг 3-5 жилийн хугацаанд Монгол улсын төсөвт оруулахаар тооцож ажиллаж байсан юм. Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр Ян Вэ Ху, Сун Ли Мин нар худал мэдүүлэг өгч байсан. Сун Ли Мин мэдүүлэхдээ “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ирээд А12401 тоот лицензтэй талбай руу явсан” гэж хэлсэн. Сун Ли Миний паспортыг шалгавал 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсад орж ирсэн дардас байгаа бөгөөд үүнийг мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүх бүгд шалгаж үзээгүй юм. Ян Вэ Ху ямар учраас хамтарсан компани байгуулаад ажлаа хамтарч хийж байснаа гэнэт “би мөнгөө авья” гээд шууд цагдаад өгөөд эрүүгийн хэрэг үүсгүүлээд явж байгааг ойлгохгүй байна. Энэ бол “Уудам говь энержи” ХХК нэртэй хамтарсан компанийн санхүүгийн асуудал ба энэ нь Монгол улсын Иргэний хуулиар шийдвэрлэгдэнэ гэж бодож байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр Ян Вэ Ху, Сун Ли Миний худал зөрүүтэй мэдүүлгийг нягталж шалгалгүйгээр хүчээр тулгаж ял оногдуулсанд гомдолтой байна. Өдий наслахдаа гэмт хэрэгт холбогдолгүйгээр үнэнч, шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Одоо Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нүүрсний уурхайн дэд захирлаар ажиллаж байгаа. Энэ хэргийг үнэн зөв, бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х- гаргасан давж заалдах гомдолдоо: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний бие Х- болон Ж- бид хоёрыг хүчингүй гэрээг ашиглан, хамтран Хятадын иргэн Yаn Wen Hu-ийн 160.000.000 сая монгол төгрөгийг залилсан гэж, мөн тус хүнд их хохирол учруулсан гэж дөрвөн жилийн хорих ялаар шийтгэх шийдвэр гарсан байна. Иргэний хэрэг яагаад Эрүүгийн хэрэг болсныг би одоо болтол ойлгохгүй байна.
YAN WEN HU-ийн явуулсан хамтрагч SUN LI MING хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр уурхай дээр ирээд бүх ажлаа зохицуулж явсан байтал шүүх манай талын бичиг баримт болон хэлсэн үгийг үл хүлээн аван зөвхөн YAN WEN HU-h ярьсан зүйлээс бэдэнд ял өгөх нь буруу гэж үзэж байна. YAN WEN HU-ийн хэлсэн үг нь зөрүүтэй бөгөөд Sun Li Ming-ийн хэлсэн үг нь ч зөрөөтэй байхад яагаад тэдний үгээр нотолгоо болгосон бэ?
YAN WEN HU-ийн хэлсэн хамтарсан компани намайг захирлаар томилсонгүй гэж худал хэлж байна. Улсын бүртгэлийн газраас өгсөн бичиг болон компанийн дүрэм, мөн компанийн хөрөнгө оруулагчийн хурлын шийдвэр, тогтоолоор намайг захирлаар томилсон бөгөөд YAN WEN HU-ийн гарын үсэг байгаа байтал яагаад түүний худал ярихыг сонсож бидэнд ял оноосон бэ?
2010 оны 3 дугаар сарын 22-нд SUN LI MING цагдаад хэлэхдээ биднийг 3 сарын 22-ны өдөр онгоцоор Улаанбаатар хотод ирж 3 дугаар сарын 23-ны өглөө хоёр машин, зургаан хүн, менежер Бат-нямын хамт Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөтэйн уурхай руу очоод 65 га нүүрсний ордыг биеэр хараад YAN WEN HU хамтран ажиллахаа шийдсэн гэж хэлж байсан атал яагаад шүүхийн танхимд очоод “би тийм шийдвэр гаргасангүй, хэд хэдэн төсөл байсан” гэж худал хэлж байгаа тэдгээрийн үгийг нотлох баримт болгосон бэ? Нүүрсний ордыг үзээд хамтран ажиллах шийдвэр гаргаад Дундговь аймаг дээр очоод Ганбаттай уулзаад хамтран ажиллахаа хэлж тохироод маргааш нь Улаанбаатарт хамтран ажиллах компаниа ярьж тохироод YAN WEN HU 60%, Чин Ху 40%-н хувьцаатай компани байгуулсан байна. Ийм байтал яагаад залилан гэж хэлэх бэ? Энэ дотор хамгаас худал хэлдэг хүн бол SUN LI MING. Өөрийн хариуцлагыг бусад хүнд тохохын тулд худал хэлсэн. Тэр интернэт банкны сүлжээ нээхийг бүрэн мэдэх бөгөөд хөдөө гадаа явах тул дөхөм гэж хэлж байсан. Гэвч уурхай ажиллахыг больсныг мэдээд юу ч мэдэхгүй гэж хэлж болох юм уу? Хэрвээ би тэрийг мэхэлж байгаад гарын үсэг зуруулах гэвэл тэр гарын үсэг зурах хүн мөн юм уу? Би ч монгол хэл, хятад хэл мэднэ, юуны төлөө би түүнийг монгол хэлээр ярьж мэхлэх юм бэ? Бид хоёр харьцахдаа үргэлж хятад хэлээр харилцаж байснаас монгол хэлээр ярьж байгаагүй. Шүүх шатанд монгол хэл мэдэхгүй, бүр юу ч мэдэхгүй гэж овлож болох уу? SUN LI MING ба YAN WEN HU хоёрын нэг зүйлийн талаар ярьсан яриа нь нэн зөрөөтэй байхад тэр үгийг яагаад нотлох баримт болгож байгааг ойлгохгүй байна. Мэдлэг боловсролтой, бие даан сэтгэн бодох чадвартай мөн удаан жил уурхайн талын ажил хийсэн хүмүүс байтлаа яалаа гэж тэр олон зүйлийг мэдэхгүй гэж хэлж болох вэ? Бид бүгд YAN WЕN HU-н томилсон ажилтан болон SUN LI MING-н тушаалын дагуу өрөмдлөгийн ажил хийсэн бөгөөд бүх зүйл нотлох баримттай. бичсэн үг, бичлэгүүд WECHAT-д байгаа. Гэвч эдгээрийг нотлох баримтаар хүлээж авахгүйгээр зөвхөн SUN LI MING-ийн ярьснаар надад ял оноосонд гомдолтой байна.
YAN WEN HU хэдэн зальтай үг "монгол улсад хэчнээн хөрөнгө оруулалт хийх гэснийг надаас болоод хийлгэсэнгүй'* гэж худал зүйл шүүхийг мэхэлсэн. Би түүнээс болж найз нөхөд, нэр хүндээ алдаж аргагүйн эрхэнд дахин хөрөнгө оруулагч олж Дорноговь аймгийн Алаг толгойн уурхайг 2018 оны 11 сарын 3-наас эхэлж ажиллуулж тус аймгийн иргэдийг 100 гаруй ажлын байраар хангахын зэрэгцээ нийгмийн хариуцлага ажил болгож 25 дугаар багт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 76 ортой хүүхдийн цэцэрлэгийг бусад компанитай хамтран байгуулсан. Мөн 2018 онд сумын засаг даргын тамгын газартай хамтран уурхайн үйл ажиллагаа явуулж буй багийн гурван хүүхдэд 3 сая төгрөгийн эмнэлгийн зардлыг гаргасан. Ноднингийн 11 дүгээр сараас одоо болтол аймгийн засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байгаа ба цаашид нэн олон ажлын байр бий болгож Монголын орон нутагт хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна. Энэ хэргээс болж манай уурхайн үйл ажиллагаа зогсож олон хүмүүс ажилгүй, олон айл ерхүүд орлогогүй хэцүү байдалд ороод байгаа тул эрхэм шүүгч та бүхэн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Миний бие эхнээс нь одоог хүртэл мөнгө төгрөгийн буцааж өгөхгүй, илүү дутуу тооцоогоо тооцоод аль алины хариуцлагыг хүлээж, хэрэв төлөх буцаах ёстой мөнгө байвал би бүгдийг буцааж өгнө. Энэ ажлын төлөө хагас хөөцөлдсөн ч ямар ч мөнгө аваагүй. Бүгдийг ажилдаа зориулсан бөгөөд YAN WEN HU ба SUN LI MING хоёрын монголд байх хугацаан дахь бүх зардал болон замын зардлыг даасан. Гэтэл тэр хоёр хувийнхаа ашиг сонирхлын төлөө худал, үнэнийг хэлж шүүх цагдааг мэхэлж, ажил хийсэн хүнээ хилс хэрэг хүлээлгэж. үнэнч шударгаар зүтгэж цаг зав мөнгө төгрөгөө гаргасан хүнд ял оноох нь шударга бус. Та бүхэн миний үнэн учрыг ойлгож надад оноосон хилс хэргийг цагаатгаж өгнө үү. Баянзүрх Дүүргийн Анхан Шатны Шүүхийн 2015 оны 4-р сарын 7-ны өдрийн 592 дутаар тоггоолын дөрөвдүгээр нүүрт бичигдсэн SUN LI MING-н хэлсэн үгс нь худал гэдэг нь тодорхой байна. Тэрээр хэлэхдээ “Би Х-гай 3 сарын сүүлчээр танилцсан” гэсэн боловч үнэн хэрэгтээ 3 сарын 23-ны өдөр бид Дундговь аймгийн Баянжаргалын Хөөтийн уурхай орсон бөгөөд тэр хэлэхдээ YAN WEN HU тухайн газрыг очиж үзээд хамтарч ажиллахаар ярьсан. YAN WEN HU тухайн үед тийм шийдвэр гаргасан байтлаа яагаад шүүх танхимд шийдээгүй гэж хэлснийг би ойлгохгүй байна. Ингэж шийдсэний дараа Дундговь аймагт Ганбаттай уулзаж уурхайн бүх мэдээлэлтэй танилцсаны дараа тэр өдөртөө Улаанбаатар хотод ирээд маргааш нь компани байгуулж хамтарсан компанийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр гаргаж надад хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлыг хариуцуулж хурлын шийдвэрээ улсын бүртгэлийн газар өгсөн. Гэтэл тэр үүнийг мэдэхгүй гэж хэлсэн нь байж болох зүйл үү? 4 дүгээр сарын 3-ны өдөр "Уудам Говь" ХХК нь Улсын Бүртгэлийн газраас компанийн гэрчилгээгээ авсан. Гэрээ бүтэмжгүй болонгуут арван хэд хоногийн дараа цагдаад залилан гэж мэдүүлсэн. Арав гаруйхан хоногт уурхайн ямар ажил явагдаж амжих вэ? Уурхайн ажилд хугацаа их орно шүү дээ.
Хэрэв би үнэхээр залилах гэж бодсон бол "Уудам говь" компанийнхаа дансан дахь бүх мөнгөнөөс яагаад 160 сая төгрөгийг шилжүүлсэн? Учир нь би ажлын хэрэгцээтэй дүйх мөнгийг шилжүүлсэн юм. Хэрэв залилахаар байсан бол 267 сая төгрөгийг бүгдийг нь шилжүүлэх байсан. Шүүхийн бичиг дээр манай хайгуул ямар ч үр дүнгүй гэж бичсэн. Гэвч бид 17 өрөмдлөг хийгээд одоо энэ шинжилгээний хариугаар Ганбат Уул уурхайн яаманд 5 сая тонн нөөцтэйгөөр батлуулж байна. SUN LI MING менежер нь уул уурхайн ажилд цаг хугацааг мэдэхгүй байна гэж байхгүй ээ. Кадастр хийсэн бүх зураг байгаа, үүнийг цагдаад өгсөн. SUN LI MING цагдаад хэд хэдэн удаа очсон. Яаж хэлсэн, хэдэн удаа очсон зэрэг нь бичлэгээр нотлогдоно. 160 сая төгрөгийг зарцуулсан баримт бүгд байгаа. Би өөрөө нэг ч төгрөг аваагүй. SUN LI MING биднийг хэрхэн яаж өрөмдлөг хий гэснийг заасан нь бичлэг дээр байгаа.
Дээрх миний бичсэн зүйлүүд нь болсон бүх үйл явц болно. Үнэнийг хэлэхэд хохирогч нь би болж байна. SUN LI MING ба YAN WEN HU хоёрын үгэнд итгэж хэдэн cap ажлыг нь хийж өгсний эцэст юу ч олоогүйн дээр өерийн нэр хүндээ алдаж, найз нөхдийн итгэлийг алдсан хэрэг явдал болоод байна. Энэ бол мөнгө төгрөгөөр хэмжиж болохгүй хамгийн том хохирол юм. Хамгийн харамсалтай нь би цагдаа, прокурор, шүүхэд бүгдэд нь хэлж байснаар би мөнгө төгрөг төлөхгүй гээгүй, харин энэ хэрэг нь иргэний хэрэг учир хоёр тал сууж ярилцаж байгаад хэн нь ямар хариуцлага хүлээх, хэр их мөнгө гаргах гэдгийг тогтоох хэрэгтэй гэж байхад надад ял оноох нь шударга бус явдал юм. Үүнд би гомдолтой байна. Хилс хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд "Ж-, Х- нар нь бүлэглэн, хүчин төгөлдөр бус гэрээг ашиглан, нүүрс олборлоход бэлэн мэтээр төөрөгдүүлж, хамтарсан компани байгуулах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон БНХАУ-ын иргэн Ян Вэн Хө-г залилснаас их хэмжээний буюу 160 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлцэгдсэн хохирогч Ян вэн ху, гэрч Сүн Ли Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж дүгнэжээ.Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Компани бол ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээд. Ийм ч учраас "Чин cop" ХХК-ны захирал Ж-, түүнтэй хамтран ажиллагч Х- нар нүүрсний уурхайг хамтран ашиглаж, нүүрс олборлон, гадагш гаргах зорилготой байсан тул нүүрсний уурхайг судлан сонгож Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Хөөтийн уурхайг эзэмшдэг “Тан илч" ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцжээ. Ингээд нүүрсний давхрагийн тархалтыг тогтоох өрөмдлөг хийхээр 2018 оны 02 сарын 01-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба мөн 2018.03.01-ний өдөр "Ордгео" ХХК-ар өрөмдлөг хийлгэхээр тус тус гэрээ байгуулсан байна. Зорилго нь нүүрсний нөөц тогтоох байсан бөгөөд үүнд өөрийн компаний зүгээс 60 сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь Ян вен хе, Сүн Ли Мин нартай танилцахаас cap хагасын өмнө болсон явдал.
Үүний нотолгоо нь хавтас хэрэгт авагдсан гэрээнүүд, хамтран ажилласан компаний төлөөллүүд болох О.Ганбат, О.Саранхүү нар болон, "Чин cop" ХХК-ны ня-бо Б.Баярмаа нарын гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогддог. Мөн Ян вэн хө, Сүн ли мин нар "өөрсдийн биеэр Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Хөөтийн уурхай дээр очиж өрөмдлөгийн ажилтай танилцаж, уурхайн талбайн эзэн Ганбаттай уулзаж, "Чин cop" ХХК-тай хамтран гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулахаар Х-, Ж- нартай тохиролцсон "тухай мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус батлагддаг. Энд ямар ч хүчин төгөлдөр бус гэрээ байгаагүй. Ямар гэрээг хүчин төгөлдөр бус гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Уурхай бодитоор байсан. Нөөц тогтоох үйл ажиллагаа явагдаж , хөрөнгө мөнгө зарцуулсан байсан. Хариуцдаг эзэд нь байсан. Үүнийг байхгүй уурхайг байгаа мэтээр, ажиллахгүй байсан газрыг ажилтай байгаа мэтээр зөвхөн тэдэнд үзүүлж, итгүүлэн төөрөгдүүлэх үйл ажиллагааг зориуд зохион байгуулсан гэж / үзүүлэх тоглолт/ маягаар хийсэн гэж узэж дүгнэх үндэслэлгүй юм.
Шийтгэх тогтоолын 9-р хуудсанд хохирогч Ян вэн ху "... Тэр өрөмдлөгийн талаар нэг ч ярьж байгаагүй.... Тэгээд компаниа ч байгуулж чадаагүй, гэрээ ч хийгээгүй. Гэрээний 2-3 төсөл үзүүлсэн.Би ийм нөхцлөөр ажиллахгүй гэж хэлсэн. Х-ыг захирлаар тавиагүй. Ж-, Х- нарыг ямар ч юмны захиралаар тавиагүй. Тэр хоёр Монгол дахь харилцаа холбоогоо хариуцах байсан. Ганбаттай уулзаж байгаагүй" гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэж дурьдсан Гэвч энэ нь шүүхийн хэлэлцүүлэг дээр өгсөн мэдүүлэг биш харин мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан мэдүүлэг юм. Энэ мэдүүлгийг шүүх, нотлох баримтаар авсан. Мөн тогтоолын 4 дүгээр хуудсанд дээрх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг гэж давтан бичиж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг ялгалгүй хольж хутган бичсэн нь ойлгомжгүй.
Ян вэн ху шүүхийн хэлэлцүүлэгт: "Компани байгуулаад Хятад улс руу буцсан....Өрмийн хайгуулын ажил намайг ирэхээс өмнө хийгээд эхэлчихсэн байсан" гэж мэдүүлсэн нь дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Ян вэн ху-гийн дээрх эхний мэдүүлэг нь дараах баримтаар үгүйсгэгдэж байгаа. Үүнд: а/ Компани байгуулсан талаар. 2018.03.29-нд " Уудам говь энержи" ХХК үүсгэн байгуулах шийдвэрийг хувьцаа эзэмшигчид гаргаж, 2018.04.03-нд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. б/ Х-ыг захирлаар томилоогүй гэх талаар. 2018.03.28-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын 2 тоот шийдвэрт " Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах гүйцэтгэх захирлыг томилох" тухай хэлэлцээд Х-ыг тус компаний гүйцэтгэх захирлаар томилж, энэ нь компанийн гэрчилгээнд тусгагдсан байна. Шийдвэрүүд цөм хятад, монгол хэл дээр бичигдэж Ж-, Ян вэн ху нар гарын үсгээ зуржээ. "Уудам говь энержи" ХХК-ны дүрмийн 8-д " Компанийн гүйцэтгэх удирдлага нь компаний гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна" гэж заажээ.
в/ Өрөмдлөгийн талаар Гэрч Сүн ли мин х/х 1-36-37-д " Х- ,Ж- нартай 2018 оны 3 сарын сүүлээр танилцсан. Тэр хүмүүстэй шууд Дундговь аймагт Хөөтийн уурхай дээр очиход 65 га газар дээр өрөмдлөгийн компани оруулчихсан байсан.2018 3.22-нд Ян вен ху, Ж-, Х- бид нар Баянжаргалан сум руу явсан. Ян вен ху тухайн газрыг очиж үзээд хамтарч ажиллахаар шийдсэн. Ганбат гэгчтэй уулзаад газрыг ашиглаж байсан хүмүүсийн талаарх мэдээлэл, нөхцөл байдал.уурхайн бичиг баримттай танилцаад цаашид бид нар энэ газарт ажиллавал тусалж дэмжээрэй гэсэн." гэсэн мэдүүлгээс үзэхэд өрөмдлөг эхэлсэн, Ганбаттай уулзсан гэдэг нь давхар нотлогдож байна. Мөн Сүн ли мин, Ян вэн ху нар өрөмдлөг хийгдэж байсныг мэдэж байсан нь Х-тай Ви чатаар харьцаж байсан баримтуудаар нотлогдож байгаа. Тухайлбал:
- Сүн ли мэн 3 сарын 8,11нд 3,12 нд 28-нд 1, 31 -нд 1, 4 сарын 3-ид 3 дуут мессеж,-д итгэмжлэл бичиг баримтын зураг,
-Ян вэн ху 3 сарын 27-нд би таныг бүртгэж авсан. Одоо чатлах боломжтой. 9.44
27-д 14.36 гүйлгээний мэдээлэл, банкны карт, 28-нд амжилтгүй дуудлагууд, 29-нд 2 удаа, нүүрс олборлолтын гэрээ файлаар, гэрээг засаж залруулах тухай, 4 сарын 7-нд 1удаа тус тус холбогдож байсан байна.
Ян вэн ху-г 160 сая төгрөгөөр хохироосон гэх асуудлын талаар авч үзвэл: Гадаадыи хөрөнгө оруулалттай компани байгуулахад тавигдах гол шаардлага нь 100,000 -аас доошгүй долларын дүрмийн сантай байх. Энэ бол дүрмийн санд байрлагдсан хөрөнгө оруулалтын мөнгө гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой мөнгө. Х-ын хувьд мөнгийг "Чин cop" ХХК-ны дансанд шилжүүлэх болсон шалтгаан нь "өөрөө тус компанийн гүйцэтгэх захирал, өдөр тутмын компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй" гэдэг утгаараа компанынхаа үйл ажиллагааг цаг алдалгүй эхлэх,өрөмдлөгийн ажлыг шуурхайлж, нөөцөө тогтоолгох асуудал шийдвэрлэгдвэл олборлолтын ажлаа эхлэх, мөн шинээр байгуулагдсан компанийнхаа ажлын байрыг тохижуулах, ажиллах нөхцлийг хангах зорилгоор оффисын тавилга, шаардлагатай техник хэрэгслийг авахад зарцуулсан. Учир нь мөнгө шилжүүлэн авсан "Чин cop" XXK бол "Уудам говь энержи"-ийн нэг хувьцаа эзэмшигч нь.
Тэгээд ч олборлолт эхлэх юм бол мөнгө орж ирэх учраас мөнгө эргэн төлөгдөх боломжтой гэж үзсэн. Ер нь бол компанынхаа үйл ажиллагаанд зарцуулж байгаа учраас ямар нэг асуудалд орно гэж бодоогүй. Энэ нь Х-ын дараах мэдүүлгээс харагддаг." 2018.03.1-д Ж-.Зоригт, Сүн нартай уурхай дээр очсон. Тэр үед уурхай ажиллаж байгаад түр зогсчихсон байсан. Сүн үүнийг үзчихээд энэ газарт өрөмдлөг тавьж шалгах хэрэгтэй "Чин cop", Тан илчтэй" гэрээ байгуулаад ажиллаж эхэл. Манай талаас мөнгөний асуудал хурдан шийдэхгүй учир танайх /Чинсор мөнгөө гаргаад ажиллаж бай. Ян-г ирэхээр мөнгөний асуудлыг шийднэ гэсэн.Тэгээд манайх 170 сая төгрөг зарцуулсан. Өөртөө мөнгө зарцуулаагүй. Бүх мөнгийг" Орд гео" ХХК-д өгсөн." гэсэн мэдүүлэг мөн " Би Сүнтэй ярилцаад хөдөө орон нутагт мөнгө хэрэгтэй бол шилжүүлэхэд хэцүү гээд интернет банк нээлгэсэн. Сүн Ли Мин мэдэж байсан. "гэсэн мэдүүлгээс үзэхэд 1-д уг мөнгөөр ажлаа хийж болох юм байна. 2-т Сүн ли мин интернет банк нээлгэхийг зөвшөөрч гарын үсэг зурсан учраас орон нутагт шаардлагатай мөнгө авахыг мэдэж байгаа гэсэн ойлголтыг авсан гэж үзэж байна. х/х-ийн 1-0023/.2018.8.30/
Мөн Х- Ян вэн ху-д мөнгийг төлөх тухай баримт бичихдээ " Ж-д
мөнгө шилжүүлэхийг би зөвшөөрсөн" гэснээс үзэхэд гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд үүнийг хийсэн гэсэн ойлголт түүнд байсан харагдаж байна. Энэ бичиг бол цагдаад гомдол гаргахаас өмнө Ян вэн ху-тай уулзахдаа бичиж өгсөн бичиг юм. ЭХХШХ-ийн 36-ийн 6-гийн 1.3-д " Дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй" бол энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүйд тооцох нэг нөхцөл гэдгийг заасан. Гэтэл шүүх Сүн ли мин-ий " юугий нь ч мэдэхгүй баримт бичигт надаар гарын үсэг зуруулж, интернет банк нээж намайг хуурсан" гэсэн мэдүүлгийн нотлох баримт болгон авсан атлаа Д.Ж-, Х- нарын " Ян вэ хө та нар ажлаа хийж бай. Бид хөрөнгийг дараа нь өгнө. Өрөмдлөгийг эхлүүл", мөн Х-ын " Сүн ли минд орон нутагт шаардлагатай мөнгө авахад интернет банк хэрэгтэй гэж хэлэхэд Сүн ли мин зөвшөөрсөн" гэсэн мэдүүлэг нь нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. Тэгвэл Ян хө вэн, Сун ли мин нарын мэдүүлэг юугаар нотлогдоод байгаа юм бэ.Сүн ли мин банкан дээр оччихоод учир шалтгааныг нь ололгүй гарын үсэг зурсан гэдгийг хэн нотлох юм бэ. Шүүгдэгч, гэрч, хохирогч нар адилхан л өөр өөрсдийнхөөрөө мэдүүлж байгаа.Тэхээр аль аль нь бусад нотлох баримтаар өөрсдийн мэдүүлгээ нотлож чадахгүй байна гэж үзэж болохоор байна. Тэгвэл энэ нь ЭХХШТХ-ийн 16-гийн 3.3-д " Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй " гэж заасны дагуу аль нь ч нотлох баримтаар үнэлэгдэхгүй гэсэн үг. Х-, Ж- хоёрын хувьд нэгэнт ажлаа эхэлсэн байсан , хөрөигө оруулагч олдож, хамтарсан компани байгуулсан нь ажиллах урмыг сэргээж,Ян-ыг ирэхэд ажлаа зохих хэмжээгээр амжуулчихсан байхаар бодож, яарсан тал байж болох юм. Түүнээс биш ирэхээс нь өмнө мөнгий нь аваад ашиглачихъя гэсэн бодол байгаагүй. Энэ мөнгө бол зөвхөн уурхайн үйл ажиллагаанд болон компани байгуулахад л зарцуулагдсан.
Хохирогч Ян вэн ху мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ "Хөрөнгө оруулж эхлээгүй байхад хөрөнгө оруулахад шаардагдах мөнгийг авсан.Х- надад тайлбарлахдаа " бид нарт одоохондоо мөнгө байхгүй байгаа учраас та энэ мөнгийг эхний ээлжинд явуулаад компани байгуулж, үйл ажиллагаагаа эхэлж байх нь чухал байна гэж хэлж байсан" гэж мэдүүлж байжээ. Үүнээс үзэхэд Х- Ян вен ху-д өөрсдөө мөнгөгүй учраас мөнгө шаардлагатай байна гэдгийгээ хэлж байсан, үүнийг Ян ойлгосон учраас мэдүүлэгтээ үүнийг дурьдсан байна. Эдний хамтран ажиллаж чадаагүйн гол шалтгаан нь гэрээний нөхцлөө тохирч чадаагүйгээс болсон. Энд хугацааны асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. 4 сарын 3-нд "Уудам говь энержи" ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Ян 4 сарын 14-нд Монголд ирсэн. Өрөмдлөгийн хариу гарсны дараа хамтран ажиллана гэдгээ хэн аль нь мэдэж байсан учраас гэрээг маш олон хувилбараар хийж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Гэрээгээ хийж амжаагүй байтал Ян ирж мөнгөний асуудал босож ирсэн. Арваадхан хоногийн хугацаанд нөхцлөө тохирч, гэрээ хийнэ гэдэг бол амаргүй асуудал. Шүүгдэгч нар гэрээнд онцгой анхаарч, олон хувилбараар хийсэн . Гол нь" Ган илч" ХХК-ны нөхцлийг Ян зөвшөөрөхгүй байсан учраас гэрээ хийгдэж чадаагүй байсан. Энэ гэрээг л шүүх хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзээд байгаа юм уу гэж бодож байна. Энэ гэрээний төсөл бол уг болсон явдалтай огт хамааралгүй. Урьд хийгдсэн хоёр гэрээгээрээ өрөмдлөгөө хийж, төлбөрөө төлж байсан. “Ордгео” ХХК 30.0 сая төгрөгийн төлбөр дутуу учраас өрөмдлөгийн тайланг "Чин cop" ХХК-д тухайн үед өгөөгүй байна. Залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлж , дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийх зэргээр бусдаас авсан зүйлээ буцааж өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхитэй үйлдэл байдаг.
Гэтэл шүүгдэгч Х-ын үйлдэлд дээр дурьдсан субъектив санаа байхгүй нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа тул залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Харин болсон асуудал нь БНХАУ-ын иргэн Ян вэн ху, Монгол улсын "Чин cop" ХХК-тай хамтран байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай "Уудам говь энержи-"хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа эзэмшигч нар болон гүйцэтгэх захирлын хооронд үүссэн, хөрөнгө оруулалтын мөнгийг зарцуулахтай холбоотой иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Х- гэм буруутай нь нотлдогдоогүй тул гомдолд дурьдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж ЭХХШТХ-ийн 39.9-ийн 1-ийн 2-д зааснаар Баянзүрх дүүргийн зрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 .04.15-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон , Х-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Ж-, Х- нарын өмгөөлөгч Г.Ганбадрах гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял хариуцлага халдаасан. Анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 2019/шшт/592 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан Гэм буруугийн зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй. Өмгөөлөгчийн зүгээс хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулна, ... орчуулагч хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана гэж хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлд Орчуулагч, хэлмэрчийн эрх үүргийг хуульчилсан. Хавтаст хэргийн 29, 57-60 дугаар хуудсан дахь тайлбар мэдүүлэгт дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй, хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мордөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хонгорүүлэх нохцол байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд Нотолбол зохих байдлын талаар хуульчилсан. Хавтаст хэргийн 63-99 дүгээр хуудсанд байх ярианы хөрвүүлэг нь хэт нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалсан, миний үйлчлүүлэгч нарыг яллах талыг баримталсан байсан. Уг ярианы хөрвүүлгийн шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, болсон үйл явдлын бодит үнэнийг тодруулсан хэсгийг хавтаст хэрэгт оруулаагүй, мөрдөгчийн зүгээс хүлээж аваагүйд миний үйлчлүүлэгч нар гомдолтой байгаа. Миний үйлчлүүлэгчийн хэрэгжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн диспозицод заасан нөхцөл байдалтай тохирохгүй байгаа, Эрүүгийн эрх зүйн харилцаа бус Иргэний эрх зүйн харилцаа болохын тухайд: Талуудын хоорондын тохиролцоо, хамтран ажиллахаар хийгдсэн гэрээ, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсан зэрэг нь Компаний тухай хуульд нийцсэн, Иргэний хуулийн 195 дугаар зүйл. Гэрээ байгуулах санал, 196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох зэрэг зүйл заалтын дагуу хийгдсэн байна. Талуудын хооронд маргаан үүссэн бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйл. Гэрээнээс татгалзах журам, 225 дугаарзүйл. Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах, 355 дугаар зүйл. Гэрээ цуцлах гэсэн зүйл заалтын дагуу гэрээг дуусгавар болгон Иргэний шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх асуудал байгааг анхаарна уу. Талуудын хамтарч байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай компани нь татан буугдаагүй, хүчинтэй хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байна. Хамтарч байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 60 хувийг БНХАУ-ын иргэн Ян Вэ Хө, 40 хувийг "Чин Cop" XXK эзэмшиж байгаа. Залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүуний шинж нь: Иргэний хуулийн 56 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, 58 дугаар зүйл. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйл. Хууран мэхэлж хийсэн хэлцэл, 60 дугаар зүйл. Хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж заасан гэрээ, хэлцлүүдээр халхавчлан шунахай сэдэлтээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар авсан мөн бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг. Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш бөгөөд хуулийн шаардлагад нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцож хийсэн, хэрэгжсэн болох нь хэрэгт авагдсан тайлбар, мэдүүлэг, нотлох баримтуудаар нотлогддог. /Улсын Дээд Шүүхийн тогтоол, 2010.06.22-ны өдөр, № 17/
Иргэний эрх зуйн гэрээний харилцааны явцад бий болсон эрсдэл буюу байгалийн давагдашгүй хүч, нийгэм эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 6.13, 6.14, 6.15-т заасан асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх шаардлага байгааг анхаарч үзэлгүйгээр, талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангалгүйгээр хэргийг шийдэж шүүгдэгч нарт ял халдаасанд гомдолтой байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...: 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байдаг. Энэ гэрээ Ган илч ХХК-ний эзэмшилд байгаа лицензтэй газраас нөөцийг тогтоох зорилготой гэрээ байдаг. Тухайн үед уг гэрээг байгуулаад хохирогч БНХАУ-н иргэн Ян Вэ Хө гэх хүн ирээд газартай танилцахад өрөмдлөгөө хийгээд эхэлчихсэн, үйл ажиллагаа явагдаж байгаа байдлаар харагдуулсан гэх дүр зураг хавтас хэргийн материалаас харагддаг. Ганбатыг гэрчээр мөрдөн байцаалтын шатанд асуусан байдаг. Мэдүүлэхдээ “би зөвхөн нэг л гэрээ байгуулсан. Өөр ямар нэгэн гэрээ байгуулсан тохиолдол байхгүй. Би газар дээр өрөмдлөг хийхийг зөвшөөрсөн. Түүнээс гарах зардалыг Чин Сор ХХК өөрөө бүрэн хариуцана гэсэн. Харин нөөц тогтоогдоод цаашид олборолт хийгдээд явагдах юм бол тонн тутмаас нь би мөнгө авна шүү гэдэг байдлаар анх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан” гэж хэлдэг. Энэ хэрэгт гарын үсэг зураад, тамга тэмдэг дарсан нэг ч хүчин төгөлдөр гэрээ байхгүй. Дандаа байгуулахаар төлөвлөсөн гэрээндийн төслийг хэрэгт хавсаргуулахаар өгсөн гэж ойлгож байна. Уг гэрээг байгуулсан мэтээр БНХАУ-н иргэн Ян Вэ Хө гэдэг хүнийг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 160.000.000 төгрөгийг залилсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж миний хувьд ойлгож байна. Өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралд оролцсон орчуулагч нарыг худлаа орчуулсан гэх зүйл ярьж байна. Үнэхээр хардаж байгаа зүйл байгаа бол анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг аваад өөрсдөө мэргэжлийн хөндлөнгийн орчуулагчаар орчуулуулж үнэн орчуулсан уу, үгүй юу гэдгийг шалгах боломжтой. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х-ыг нилээн олон удаа байцаахад өөрөө “би монгол хэл, бичиг мэднэ” гэдэг, мөн давж заалдах шатны шүүх хурал хойшилоход өөрөө онлайнаар оролцсон. Тэгэхдээ мөн монгол хэл, бичиг мэднэ гэдгээ хэлсэн. Сүн Ли Мин гэх хүнийг гэрчээр байцаасан. Энэ хүнтэй ганц харьцаж байсан хүн бол шүүгдэгч Х- байдаг. Хохирогч БНХАУ-н иргэн Ян Вэ Хө нь өөрийн итгэмжлэлийг Сүн Ли Минд хийж өгсөн байдаг. Сүн Ли Мин мэдүүлэхдээ “банкинд очоод юун дээр гарын үсэг зураад байгаагаа мэдээгүй, надад хэлэхдээ итгэмжлэлийг чинь сольж байна, баталгаажуулж байна гэж хэлсэн” гэдэг. Энэ талаар хавтас хэрэгт авагдсан байдаг. Ганбат гэх хүнийг Ган илч ХХК-тай холбогдуулаад маш олон удаа байцаасан байдаг. Ганбат мэдүүлэхдээ “гэрээнийхээ гол нөхцөл дээр тохиролцохгүй байсан. Ганц байгуулсан гэрээ нь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байдаг. Уг гэрээ тус газар доор нөөц байна уу гэдгийг тогтоох зорилготой гэрээ” гэдэг. Өрөмдлөгийн ажил эхэлсэн байсан гэдэг дээр хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь маргадаггүй. Голомт банкинд байршуулсан мөнгийг зарцуулах эрх зөвхөн хохирогч БНХАУ-н иргэн Ян Вэ Хө болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүн Ли Минд л байсан. Ямар нэгэн байдлаар шүүгдэгч Х-, Д.Ж- нарт зарцуулах эрх байхгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ж-, Х- нарт холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарчээ. Тухайлбал;
Прокуророос “Д.Ж-, Х- нарыг бүлэглэн хүчин төгөлдөр бус гэрээг ашиглан “Ган Илч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Хөөтийн хонхор нэртэй 65.46 гектар талбайгаас нүүрс олборлоход бэлэн байгаа мэтээр төөрөгдүүлж, хамтарсан компани байгуулах зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон БНХАУ-ын иргэн Yang Wen Hu-г залилж түүнд их хэмжээний буюу 160.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж үзэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсан үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх болсон үндэслэл нь тодорхойгүй байх бөгөөд прокурор анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “Ган илч”, “Чин сор” ХХК-иудын хооронд байгуулагдах байсан талуудын гарын үсэг зураагүй байгаа гэрээ гэж тайлбарлаж байх ба уг гэрээний талаар “Ган илч” ХХК-ийн захирал О.Ганбат “тийм ямар ч гэрээ байхгүй. Байгуулсан ганц гэрээ нь би газраа ашиглуулж өрөмдлөг хийлгэхээр хийсэн ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нэртэй гэрээ байгаа. Уг гэрээнд хайгуулын ажлын үед гаргасан зардлыг хайгуулын ажлын үр дүн хангалтгүй гарсан тохиолдолд “Ган илч” ХХК хариуцлага хүлээхгүй гэсэн ганц заалттай гэрээ байгуулаад би газраа өрөмдүүлсэн. Хэрвээ хайгуул хийгээд ашигтай байвал би “Чин сор” ХХК-д ашиглуулна гэсэн байгаа. Өөр ямар ч гэрээ байгуулаагүй. Хамтран ажиллах гэрээ байгуулахаар уулзсан нөхцөл нь тохироогүй гэрээ байгуулагдаагүй. Олон дахин уулзсан шалтгаан нь манай хөрөнгө оруулагч нар зөвшөөрөхгүй, энэ заалтыг оруулчих, тэр заалтыг нэмчих гээд байдаг байсан. Би ганцхан зүйл нь манайхаас мөнгө гарахгүй, харин гаалиар гарч байгаа жин тутмаас мөнгө авна гэдэг дээр энэ хоёр өөрчлөөд байсан. Тэгэхээр нь би за минийхээр явна, үгүй бол боль гэсэн байр суурьтай л байсан” /2 хх 62/ гэж,
Шүүгдэгч Д.Ж- “...Yang wen hu-тай анх уулзахад хамтарсан компани байгуулъя, Yang wen hu 60 хувь, Чинсор ХХК 40 хувь эзэмшихээр тохиролцсон. Хайгуулын зардал болон бусад зардлыг та нар гаргаж бай хамтарсан компани байгуулаад та нарын гаргасан мөнгийг буцаан өгнө. Тухайн газар нь 65 га Ган илч ХХК-ийн нэр дээр байсан. Тухайн компанитай тонн дутам 35 юань Ган илч ХХК-д өгөхөөр тохиролцож түрээслэсэн. Ган илч ХХК-тай хяналтын хайгуул болон олборлолт хийх түрээсийн урьдчилсан гэрээ байгуулсан” гэж гэрчээр /1 хх 19/ тус тус мэдүүлсэн ба тухайн хүчин төгөлдөр бус гэх гэрээний хуулбарыг хэрэгт хавсаргасан /1 хх 142/-аас өөрөөр түүнийг хүчин төгөлдөр бус гэх үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, прокуророос уг гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь ойлгомжгүй, Иргэний хуульд заасан “хүчин төгөлдөр бус байх хэлцэл”, “хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл”-үүдийн аль алинд хамаарахгүйгээс гадна уг гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, гарын үсэг зурагдаагүй учраас энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ биш, харин гэрээний төсөл гэж ойлгогдохоор байна.
Прокурор болон анхан шатны шүүх, дээрх гэрээний төслийг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэж, энэ гэрээг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байхад хохирогч Yang wen hu “...65 га газар байсан ба Х-ын найз Ганбат гэдэг хүний нэр дээр байсан. Ганбаттай бид нар уулзсан. Тэгээд тэр газрыг худалдах биш хамтарч ажиллах талаар санал тавьж, би Х-тай хамтарч Уудам говь энержи ХХК-ийг байгуулж, 60 хувийг эзэмшихээр болсон. Х- бид хоёрт хэлэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад Монгол Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй болохын тулд 100 мянган доллар буюу 630.000 юань болно, танай тал тэр мөнгийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн” гэж гэрч /1 хх 15/-ээр, “Х-, Ж- нар нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад 800.000 юань хэрэгтэй, компанийн дансанд байж байж компани байгуулагдана гэж хэлсэн. Үүнийг нь би компани бүртгүүлэхэд 800.000 юань хэрэгтэй, түүний дараа би уг компаниараа дамжуулан хөрөнгө оруулалтаа оруулж ирнэ гэж ойлгосон” гэж хохирогч /2 хх 55/-оор мэдүүлсэн ба анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаараа мөн мэдүүлсэн /2 хх 221/-ээс үзэхэд тухайн хэргийн үйл баримт тодорхойгүй буюу “хүчин төгөлдөр бус гэрээ ашигласан”, “гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад шаардлагатай” гэж мөнгө шилжүүлж авсан эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдал бий болсон байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” зэргийг прокурор яллах дүгнэлтдээ тусгана гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж чадаагүй байна.
Иймд Д.Ж-, Х- нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн ба “хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгөх” талаар гаргасан шүүгдэгч Д.Ж-, Х-, тэдний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Г.Ганбадрах нарын давж заалдах гомдолд энэ удаа үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/592 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ж-,Х нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ