Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0183

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЖА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Г.У, Л.М

Нэхэмжлэгч: “ЖА” ХХК

Хариуцагч: Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга

Хариуцагч: Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/89 дүгээр захирамж, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/127 дугаар захирамжийн Н.Б , Н.О,  Д.М, Д.Э нарт холбогдох хэсэг, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар захирамжийн Ч.Д, В.Э, Д.Б, Ц.Ц, Д.И, Ж.Н, Б.М, Н.Н, Т.Г, Д.Н, З.Т, М.Э, Э.Ч, Б.Т, Д.М нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг,

Хариуцагч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,

Хариуцагч Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.У , Л.М

Гуравдагч этгээд Б.Т, Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 123/2022/0057/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЖА” ХХК-иас хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга, Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус  холбогдуулан “Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/89 дүгээр захирамж, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/127 дугаар захирамжийн Н.Б , Н.О ,  Д.М, Д.Э нарт холбогдох хэсэг, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар захирамжийн Ч.Д, В.Э, Д.Б, Ц.Ц, Д.И, Ж.Н, Б.М, Н.Н, Т.Г, Д.Н, З.Т, М.Э, Э.Ч, Б.Т, Д.М нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ЖА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/127 дугаар захирамжийн Н.Б , Н.О ,  Д.М, Д.Энарт холбогдох хэсэг, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар захирамжийн Ч.Д, В.Э, Д.Б, Ц.Ц, Д.И, Ж.Н, Б.М, Н.Н, Т.Г, Д.Н, З.Т, М.Э, Э.Ч, Б.Т, Д.М нарт холбогдох хэсэг, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...“ЖА” ХХК нь 2018 оноос хойш уринш болон тариалалтын үйл ажиллагаа эрхлээгүй нь 2018, 2019, 2020, 2021 онуудын уринш боловсруулалт тариалалт, ургац хураалтын мэдээгээр харагддаг, хэдийгээр н.Э тариалалт хийсэн гэх боловч Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар заавал сум орон нутгийн удирдлага, газрын албанд мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл мэдэгдээгүй, газрыг бусдад шилжүүлэх болон ашиглуулахыг хориглодог байхад хууль зөрчсөн. Энэ талаар шүүхийн шатанд маргасаар ирсэн атал шүүх маргаагүй гэсэн ойлгомжгүй юм. н.Э-тай хамтран ажиллах гэрээг байгуулсныг мэдэгдэх үүрэгтэй мэдэгдээгүй, шүүхэд гаргаж өгсөн н.Э-ы гэрээг хэрэгт хавсаргуулсан гэрээтэй харьцуулан үзэхэд зөрүүтэй байдаг, шүүхэд нотлох баримтаас хасуулах хүсэлтийг тавихад хангаагүй орхигдуулсан.

 

3.2. Тухайн газар дээр “ЖА” ХХК нь “ЖХ” ХХК-иар уринш хийлгэсэн гэх боловч хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үзвэл энэ хоёр хооронд хийгдсэн гэрээ хэлцэл авагдаагүй, харин “ТЭ” ХХК-ийн “ЖХ” ХХК-тай байгуулсан гэрээг хэрэгт хавсаргасан байдаг эндээс үзвэл ямар ч уринш хийлгэсэн гэх баримтгүй юм.

 

3.3. Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй боловч Сүмбэр сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 10-нь өдрийн А/174 дүгээр захирамжаар Газрын хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажиллаж, нөхцөл байдлыг тодруулан, гэрэл зургаар бэхжүүлсэн байдаг. Эндээс  үзвэл үүргээ биелүүлсэн байна. Нэхэмжлэгч талаас газар дээрээ уринш хийсэн, тодорхой байдлаар ашиглаж байсан гэж маргаж байхад шүүх өнжөөсөн газар байна гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа атаршуулсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа нь шүүх хэт нэг талыг барьж байгаа болох нь харагдаж байна.

 

3.4. “ЖА” ХХК нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх буюу газар эзэмшигч дүгнүүлэх үүрэгтэй байсан, энэ үүргээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

3.5. “ЖА” ХХК нь Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/149 дугаартай шийдвэрээр 231 га газрыг Төв аймгийн Сүмбэр сумын “Мужинтын ар”-д үр тариа тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Бид тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан, 2015 оноос хойш газрын төлбөрийг цаг тухайд нь хийж, үйл ажиллагаа эрхэлж байсан гэсэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаа тодорхой байна. Өөрөөр хэлбэл уг компани газар дээрээ үйл ажиллагаагаа явуулж байсан нь илэрхий бөгөөд гэрээ байгуулаагүй гэж үзэхээргүй юм. Тус Сүмбэр сумын Засаг дарга нь “ЖА” ХХК-ийн газар эзэмшиж ашиглахтай холбоотойгоор тухайн компанид мэдэгдлийг хүргүүлж байсан баримтаар тогтоогддог байна.

 

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2023/0053 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Л.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. “...Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг баримталсангүй.

 

4.2. Нэхэмжлэгч “ЖА” ХХК нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Мужинтын ар гэх газарт Үр тариа тариалах зориулалтаар 231 га газрыг эзэмшдэг. Газар эзэмшигч байгууллага нь тухайн газартаа 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл тогтоогдсон, мөн Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйл Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, 20.2.2-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”, 20.2.3-д “тариалангийн газарт хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн бол мэргэжлийн байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэх, шаардлагатай арга хэмжээ авах” зэрэг газар эзэмшигчийн хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг мэдэгдэж албан бичиг, мэдэгдлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгч байгууллагын оршин байрлах хаяг, утасны дугаар, цахим шуудан зэрэг хэлбэрээр мэдэгдэж байсан бөгөөд шүүх хуралдаан дээр ч тайлбарлаж, нотлох баримтаа гаргаж өгсөн байдаг.

 

4.3. Гэвч шүүх үүнийг үл хэрэгсэн Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь хавтаст хэргийн 26-33 талд авагдсан хариуцагчийн тайлбар, хавсаргаж өгсөн нотлох баримтууд хавтаст хэргийн 71-85 талд авагдсан Төв аймгийн Хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн Сүмбэр сумын ургац, тариалалтын тайлангийн мэдээ, хавтаст хэргийн 183-189 талд авагдсан Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын албан бичиг, хавсаргасан нотлох баримтууд, хавтаст хэргийн 233-235 талд авагдсан Сумын Засаг даргын 174 дугаартай захирамжаар Газрын хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтуудаар хариуцагч байгууллага нөхцөл байдлыг тогтоох бүхий л арга хэмжээг авч захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоож, эрх нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэл хүргэж хуульд заасан арга хэмжээг авч ажилласан байна.

 

4.4. Түүнчлэн Сүмбэр сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/42 дугаартай захирамжаар “П” ХХК-ийн хүсэлтээр түүний эзэмшиж байсан 230 га газраас 200 га газрыг “ЖА” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, ... гэрчилгээг тус компанид 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр олгон, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 4119020454 дугаарт бүртгэжээ. Үүнээс үзвэл Засаг даргын Б/42 дугаартай захирамжаар 200 га газар нэхэмжлэгч “ЖА” ХХК-д шилжүүлсэн атал гэрчилгээнд 231 га гэж авагджээ. Хэдийгээр хэргийн оролцогчид үүн дээр маргаагүй боловч газар эзэмшигч “П” ХХК-ийн эзэмших эрх хөндөгдөх боломжтой юм.

 

4.5. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг дүгнэхдээ хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан, шийдвэрийн хавтаст хэргийн 16 талд авагдсан ... маргаж буй газрын 8 га-д ногоон тэжээл тариад үүнээс урагш 200 га-д үр тариа тариалсан... гэж бичигдсэн нь нэхэмжлэгч байгууллагыг үр тариа тариалсан мэтээр харагдаж, ойлгогдох авч Р.Эрдэнэсайхан гэгч этгээд бусдын газарт дур мэдэн тариалалт хийсэн байдаг. Үүнийг шүүх нэхэмжлэгч байгууллага тариалалт хийсэн гэж ойлгож дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

4.6. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг хуульчилсан. Үүний дагуу захиргааны эрх бүхий ажилтан газар эзэмшигч буюу нэхэмжлэгч байгууллагыг хүрэлцэн ирж гэрээгээ байгуулахыг шаардсан боловч ирээгүй, ирсэн этгээд нь төлөөлөх эрхгүй байсан зэргээр шүүхэд тайлбарладаг. Гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх үүрэг хүлээсэн. Хуулийн энэ зохицуулалт нь дан ганц төрийн байгууллагад үүрэг хүлээлгээд байгаа ойлголт биш, газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд ч мөн энэ үүргийг хүлээхийг хуульчлаад өгсөн, мөн энэ үндэслэлээр гагцхүү төрийн байгууллагыг буруутай хэмээн дүгнэх нь учир дутагдалтай юм.

 

4.7. Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг хангаагүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянав.

 

2. Нэхэмжлэгч “ЖА” ХХК-иас Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/89 дүгээр захирамж, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/127 дугаар захирамжийн Н.Б , Н.О , Д.М, Д.Э нарт холбогдох хэсэг, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар захирамжийн Ч.Д, В.Э, Д.Б, Ц.Ц, Д.И, Ж.Н, Б.М, Н.Н, Т.Г, Д.Н, З.Т, М.Э, Э.Ч, Б.Т, Д.М нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

 

5. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.

 

6. Энэхүү хэргийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгч “ЖА” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу маргаан бүхий газрыг 3 жил дараалан ашиглаагүй гэж, харин нэхэмжлэгч нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас тухайн талбайдаа тариалалт эрхлэх бодит нөхцөл байдал бүрдээгүй, ... “ТЭ” ХХК, “ЖА” ХХК-иуд нь нэгдмэл ашиг сонирхолтой бөгөөд “ТЭ” ХХК нь “ЖХ” ХХК-тай техник түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 230 га газарт химийн болон механик уринш хийсэн гэж тус тус маргаж байна.

 

7. Тариалангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Өнжөөсөн газарт хоёр жилийн хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбай хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Атаршсан газарт гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна”, 20 дугаар зүйлийн 20.2.6-д “таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй болох”-ыг тус тус заасан.

 

8.  Анхан шатны шүүх “...маргаан бүхий 230 га талбай нь Сүмбэр сумын хогийн цэгийн дэргэд байршилтай байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон уг талбайд 2020 онд “ЖХ” ХХК уринш хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй, ... хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг батлан гаргах үед тухайн талбай нь атаршсан газарт хамаарахгүй, харин өнжөөсөн газарт хамаарч байна гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа атаршуулсан гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна” хэмээн дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

9. Учир нь уг маргааныг хянан шийдвэрлэхэд  “ТЭ” ХХК нь “ЖХ” ХХК-тай техник түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 230 га газарт химийн болон механик уринш хийсэн гэх боловч энэ талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

9.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “доор дурьдсан компаниуд нь 1 эзэнтэй” гэх тайлбарыг өгсөн бөгөөд  “ТЭ” ХХК нь нэхэмжлэгч “ЖА” ХХК-тай ямар хамааралтай болохыг тогтоох буюу тус компаниудын дүрмийг нотлох баримтаар авах, мөн “ТЭ” ХХК нь хаана, хэдэн га газар эзэмшдэг болохыг тодруулах шаардлагатай байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан “ТЭ” ХХК, “ЖХ” ХХК-тай байгуулсан техник түрээсийн гэрээний хавсралт болох “ажил хүлээлцсэн акт”-д тусгагдсан “Сүмбэр-1” гэх “225 га” талбай нь “ТЭ” ХХК-ийн талбай юу, эсхүл “ЖА” ХХК-ийн эзэмшлийн 230 га талбайд хамаарч байгаа эсэх болон “ТЭ” ХХК нь Сүмбэр-1 талбайд газар эзэмшдэг эсэх зэргийг тодруулах,

 

9.2. Мөн үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтын 2021 оны судалгаанд[1] “ТЭ” ХХК-ийн эргэлтийн талбайн хэмжээ 1310 га түүнээс нийт тариалах талбай 1000 га гэж, Химийн уринш хийсэн ажил хүлээлцсэн актад[2] тус компанийн нийт тариалангийн талбай 1775 га гэсэн зөрүүтэй байдлыг тодруулж улмаар “ТЭ” ХХК-ийн уринш хийлгэсэн гэх 1775 га талбайн хэдэн га талбайд нь нэхэмжлэгч “ЖА” ХХК-ийн газар орсон эсэхийг зургаар илэрхийлэх буюу тус компаниудын эзэмшил газрын кадастрын зураглалыг холбогдох газраас нотлох баримтаар гаргуулан авч үйл баримт бүрд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

10. Мөн хэрэгт авагдсан “ЖА” ХХК, иргэн Р.Б нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах” №2022/10 тоот гэрээгээр иргэн Р.Б нь 2022-2024 онуудад тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, “ЖА” ХХК-иас ирсэн хөрөнгө оруулалтаар аж ахуйн хашаа, тариалангийн талбайг хашаажуулах бусад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжилтийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх бөгөөд уг гэрээнд заасан газар нь нэхэмжлэгч компанийн 230 га газрын аль хэсэгт хамаарч байгаа эсэхийг тодруулах,

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч компани нь иргэн Р.Б-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж байгаа боловч бодит байдалд н.Э 8 га газарт ногоон тэжээл, үүнээс урагш 200 га газарт тариалалт хийсэн” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд уг 200 га талбай нь нэхэмжлэгч “ЖА” ХХК-ийн эзэмшлийн талбайд хамаарч байгаа эсэх, хэрэв хамаарч байгаа тохиолдолд хэдий хэмжээний талбай болохыг мөн тодруулах, түүнчлэн н.Э ямар эрх зүйн актын үндсэн дээр уг газар дээр ногоон тэжээл болон тариалалт хийсэн талаар холбогдох баримтыг бүрдүүлж, н.Эрдэнэсайханаас тариалалтын тайлан хүргүүлсэнтэй холбоотой баримтыг мөн нотлох баримтаар цуглуулах шаардлагатай.

 

12. Түүнчлэн нэхэмжлэгч “ЖА” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж буй тохиолдолд тус актын үндэслэл болсон газраа зориулалтын дагуу 3 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулахын тулд нэхэмжлэгч этгээдийн тариалалт болон уриншийн талаарх тайлан, мөн хариуцагч Сүмбэр сумын 2018,2019,2020, 2021,2022 онуудын уринш боловсруулалт, тариалалт, ургац хураалтын мэдээг холбогдох бусад дээд шатны байгууллагуудад хүргүүлсэн эсэх, нэгдсэн аймгийн болон улсын тайлан мэдээнд хэрхэн тусгагдсантай холбоотой баримтыг нотлох баримтаар гаргуулан авах шаардлагатай байна.

 

13. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “өнгөрсөн 3 жилийн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас тухайн талбайдаа тариалалт эрхлэх бодит нөхцөл байдал бүрдээгүй” гэх байдлыг тодруулж, дүгнэлт өгөх, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай” 01 дүгээр тогтоолоор гуравдагч этгээдүүдэд олгосон газрын нэр тодорхойгүй байгаа талаар хариуцагч байгууллагаас нэмэлт тайлбар авах нь зүйтэй.

 

14. Зүй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шүүх нотлох зарчим буюу хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлснээр нэхэмжлэгчийн шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тодорхой болох учиртай бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж хэргийг шийдвэрлэснээр захиргааны хэргийн шүүхийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үндсэн чиг үүрэг, зорилготой нийцэх юм.

 

15. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримтыг дүгнэхдээ зайлшгүй тогтоох шаардлагатай нөхцөлүүдийг бүрэн тогтоож, дүгнээгүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА 

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 127 дугаар тал

[2] 3 дугаар хавтаст хэргийн 73 дугаар тал