Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 282

 

 

 

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2018/00282

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Сүмбэр байшин, 4 дүгээр гудамж 3 тоотод оршин суух, 49 настай, эмэгтэй, Ц Б ын,

 

Хариуцагч: Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.О, гэрч Ц.Б, Ц.Т, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Уртнасан нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 10 жил үдийн цай хөтөлбөрийн тогоочоор ажилласан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй аймаг сумаас ирсэн шалгалтанд 90 хувиас доош оноо авч байгаагүй. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай сургуульд мах нийлүүлсэн ганцхан хөлдөөгчтэй нэг үхрийн махыг хөлдөөгчинд хийгээд үлдсэн махыг шинэ хөлдөөгч ирэхээр хийнэ гээд алаг түмдэнд хийчихсэн байж байсан. 2 хоног өнжөөд 3 дахь хоног дээрээ шинэ хөлдөөгчинд хийсэн. Тэр мах үмхийрсэн биш нялцайсан тиймэрхүү үнэртэй байна гэхэд нярав хулдаасны үнэр байх гэсэн. Миний хийсэн хоолноос нэг ч хүүхэд хордоогүй, нэг ч багш акт аваагүй өдөр бүр хүмүүст амсуулж амталгаа хийлгэдэг. 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ажил хүлээлцсэн. Яагаад ямар шалтгаанаар ажлаас халах болсон шалтгааныг мэдэхгүй байна. 10 жил тогооч хийхдээ өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг. Эд нарын үдийн цай хөтөлбөрөөс яаж мөнгө иддэгийг мэднэ тийм болохоор ажлаас халсан. Намайг хоол хийсэн эрүүл ахуйч Отгон, захирал Г.Э амталж үзээд гарын үсэг зурсан нь байгаа. Иймд ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас халсан тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 7 үндэслэлийг заасан байдаг. Г.Э захирлын ажлаас халсан тушаал нь аль үндэслэлээр цуцалж байгаа нь тодорхойгүй энэ тушаалыг тэргүү нь ямар ч утга авцалдаагүй хэрэв ажлаас халах гэж байгаа бол эхлээд сахилгын арга хэмжээ авах ёстой. Хэлээд өнгөрөх биш, сануулж хамт олны хурлаар оруулж, проткол хөтөлсөн байх ёстой. Гэтэл сахилгын арга хэмжээ авсан ч юм шиг, аваагүй ч юм шиг харагдаад байгаа. Хэрэв сахилгын зөрчил гаргасан бол тодорхой хугацаанд хариуцлага хүлээлгэсэн байх ёстой. Мөн тушаалын 1 дүгээр хэсэгт сахилгын зөрчил гаргасан гэж үзээд байгаа юм уу ноцтой зөрчил гаргаад шууд халагдаж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Энэ хүн гудамжнаас муудсан мах авч ирээд хоол хийгээгүй. Муудсан гэдгийг яаж тогтоож байгаа нь тодорхойгүй. Няраваар дамжин тогооч дээр ирж байгаа, сургуулийн хүүхэд, эцэг эхчүүд, захирал өөрөө тэр өдөр амталгаа хийж гарын үсэг зурсан байдаг. Тогтоох хэсэгт Засаг даргын зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл байгаа. Үүнийг үндэслэн ажлаас халж байгаа нь хуулиа баримтлахгүй Засаг даргын захирамжийг баримталж байгаа нь үндсэн хууль зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тогооч Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсгийн 2.3.2-т заасан ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээний 131 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэсэн. Хөдөлмөрийн хуулийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заасан байгаа. Энэ заалтыг үндэслэн ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т заасан заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарах заалтуудад хамаарахгүй заалт байсан учир энэ зүйл заалтыг баримтлаагүй. Гэхдээ сумын эрүүл ахуйн байцаагчийн дүгнэлт гараад, засаг даргын хурлаар хэлэлцээд тухайн үед надад хаяглагдан ирсэн тэгээд ноцтой зөрчил гэж үзсэн. Би энэ тушаалыг гаргахад удаан хугацаанд бодож шийдвэр гаргасан. Ажлын хариуцлага алдсан гэдгийг Сонинтуяа, Баярмаа, Майдар нар гэрчилж байгаа. Тухайн үед муудсан махны үнэр үнэртэж байсан. Харин би засаг даргын хэлсэнг тоогоогүй. Өөрийнхөө шийдвэрээр үргэлжлүүлэн ажиллуулсан. Тэгтэл эцэг эхчүүдээс гомдол ирж, яриа гарч эхэлсэн. Тийм учраас ажлаас халсан. Сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авсан хэдий ч мөнгөө суутгаагүй байсан учраас ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэрээ цуцлахтай холбоотой зүйл байгаа. Ажилтан нь давтан зөрчил гаргасан, эсвэл ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр гэж заасан байгаа энэ зөрчлүүдийн аль нь ч биш болохоор энэ зүйл заалтыг баримтлаагүй. Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн байцаагчийн дүгнэлт байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт эдгээрийг зөрчсөн байна гэж үзэж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр 131.3-т заасан заалт үндэслэлтэй гэж үзэж байна. Муудсан махаар хоол хийсэн нь удирдах зөвлөлийн хурал, эрүүл ахуйн байцаагчийн дүнэлтүүдээр тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.700.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ. /хх-1-2/,

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шаардах эрхтэй болно.

 

Ц.Бт нь Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж, энэ хугацааны цалин олговроо зохих журмаар авсан, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх 7-10/,

 

Ажил олгогч буюу Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Г.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар захирлын тушаалаар Ц.Быг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр,

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, сумын Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 05/178 дугаар албан тоот, Засаг даргын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/209 тоот захирамж, хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн

Үдийн цайны тогоочийн үүрэгт ажлаас нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр чөлөөлсөн байна. /хх 22/,

 

Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний бие хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй ажиллаж байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх, түүнийхээ үр шимийг хүртэх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаад маш их гомдолтой байна,

 

Хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Г.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ тогооч Ц.Б нь муудсан махаар хоол хийсэн тул ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэж Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэсэн гэж тайлбарлаж маргаж байна.

 

Ажил олгогч буюу Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Г.Э нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийг аль нэгийг заавал баримталсан байвал зохих бөгөөд тухай ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгож, ногдуулах нь хуульд нийцэх юм.

 

Мөн түүнчлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан тушаалыг гаргах ёстой юм.

Өөрөөр хэлбэл: Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Г.Энь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж үзэж ажилтан Ц.Бт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах хэлбэрээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна.

 

Иймд Ц.Быг Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн үдийн цайны тогоочийн ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь ажилгүй байсан хугацааны олговорт 1.700.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг...-ыг олгоно гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан Ц.Бын 0291524 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн байдал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү-д зааснаар тооцсон болно.

Сарын дундаж цалинг тооцохдоо 0291524 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн 2017 оны 12 дугаар сард 1017796 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 560056 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 583177 төгрөгийн цалин авсан байх ба 1 сарын цалингийн дундаж тооцоход 1.017.796 + 560.056 + 583.177 =2.161.029 : 3 сар =720.343 : 22 хоног = 32.742 төгрөг /1 өдрийн цалин/ байна.

 

Ц.Б нь ажлаас 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр чөлөөлөгдсөн бөгөөд шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажлын 47 хоногоор тооцсон бөгөөд 32.742 х 47 = 1.538.914 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 161.086 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 1.538.914 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох байгууллагад төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ц Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн үдийн цайны тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх /ажлын 47 хоногийн/ олговорт 1.538.914 /нэг сая таван зуун гучин найман мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, үлдэх 161.086 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 39572 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчид олгох 1.538.914 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох байгууллагад төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ