| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2018/00390/И |
| Дугаар | 574 |
| Огноо | 2018-06-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 574
| 2018 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2018/00574 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын 03 дугаар баг Хайлааст өгөөмөр 10 дугаар гудамж 14 тоотод оршин суух, Д.У
Хариуцагч: Төв аймгийн Заамар сумын 03 дугаар баг Хайлааст өгөөмөр 10 дугаар гудамж 14 тоотод оршин суух,Д.У холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, түүний өмгөөлөгч Ш.С /1943/, хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Миний бие нь 2006 онд Н.Ттай гэр бүл болж 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 2008 онд Т.Е, 2010 онд Т.Б нарыг төрүүлсэн. Бид хамтран амьдрах хугацаандаа газар, үл хөдлөх хөрөнгө, барааны мухлаг зэрэг эд хөрөнгөтэй болсон. Хамтран амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсч Н.Т удаа дараа зодож, эрх чөлөөнд халдах болсон. Иймд бидний гэрлэлийг цуцалж 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид хоёр гэр бүлийн дундын хөрөнгө Н.Тын өмчлөлд бүртгэлтэй байгаа Төв аймгийн Хайлааст өгөөмөр 15 дугаар гудамж 40 тоот хаягт байрлах Г-141500623 бүртгэлтэй, 484 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт Ү1415000184 бүртгэлтэй 220 мкв талбайтай засварын газрын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг Д.Уын нэр дээр шилжүүлэхээр эвлэрсэн тул шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...”Миний бие нь Д.Утай 2003 онд танилцаж гэрлэлтээ бүртгүүлэн 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин Т.Е, 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүү Т.Б нарыг төрүүлсэн. Бид хоёр 2016 оноос эхлэн архи дарс бусад асуудлын улмаас таарч тохирохоо байж тус тусдаа амьдарч байна. Миний хувьд хоёр хүүхдээ бодоод эвлэрэх боломжтой гэж үзэж байсан. Одоо шүүх хуралдаан дээр хэлэхэд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Д.Уыг гомдоож байсандаа уучлалт хүсье. 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээнэ, тэтгэлэг төлнө. Дундын эд хөрөнгө болох газар, байшинг Д.Уд шилжүүлж өгөхөөр бид хоорондоо эвлэрч тохирсон” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У, хариуцагч Н.Тт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д,У Н.Т р нар нь 2006 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Заамар сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 48 дугаарт бүртгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин Т.Е, 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүү Т.Б нарыг төрүүлж өсгөн гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн хамтран амьдарч байсан болох нь гэрлэлтийн 0024507 тоот, хүүхдийн төрсний 0113701-06, 0447724 Г-100 тоот гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй харьцааны байдал, хэрүүл маргааны улмаас эвлэрэх боломжгүй мөн хариуцагч Н.Т нь гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул учирч болзошгүй болох нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар захиргааны шийтгэл оногуулсан шийтгэвэр, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 168 дугаар шийтгэл оногдуулах тухай шийтгэвэрүүдээр тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэрлэгчид нь насанд хүрээгүй хүүхэд охин Т.Е, хүү Т.Баасан-Оичр нарын саналыг үндэслэн эх Д.Уын асрамжид үлдээхээр тохиролцсон бөгөөд хуульд зааснаар эцэг Н.Таас тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.У нь Т.Е, Т.Б нарын хамт Төв аймгийн Заамар сумын 03 дугаар баг Өгөөмөр 10 дугаар гудамж 14 тоотод оршин суудаг болох нь засаг даргын тодорхойлолт, Т.Е, Т.Б нар нь Төв аймгийн Заамар сумын Шижир-Алт ерөнхий боловсролын сургуульд суралцдаг болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул хүүхдэд төлөх тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингээр тогтоох нь зүйтэй. /Төвийн бүс амьжиргааны доод түвшин 175 600 төгрөг/
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно гэж заажээ.
Зохигч талууд дундын эд хөрөнгө болох хариуцагч Н.Тын өмчлөлд бүртгэлтэй байгаа Төв аймгийн Хайлааст өгөөмөр 15 дугаар гудамж 40 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-141500623 бүртгэлтэй, 484 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1415000184 бүртгэлтэй 220 мкв талбайтай засварын газрын зориулалтай үл хөдлөх хөрөнгийн нэхэмжлэгч Д.Уын нэр дээр шилжүүлэхээр эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Цагаан ураг овгийн Д.У Боржигон овгийн Н.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Т.Е, 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ТБ нарыг эх Д.Уын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Т.Е, Т.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Н.Таар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
5. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 136 496 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Н.Таас 136 496 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Уд олгосугай.
8. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч Н.Тын өмчлөлд бүртгэлтэй байгаа Төв аймгийн Хайлааст өгөөмөр 15 дугаар гудамж 40 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-141500623 бүртгэлтэй, 484 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1415000184 бүртгэлтэй 220 мкв талбайтай засварын газрын зориулалтай үл хөдлөх хөрөнгийн нэхэмжлэгч Д.Уын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохироцсон болохыг дурдусугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН