Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, 5 дугаар баг, Баянбулагт оршин суух, М.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Баянбулаг Хөшигт 1 гудамж 3 тоотод оршин суух, Ж Гд холбогдох,

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.О нь 2008 оноос хойш Ж.Гтай хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд 2011 онд хүү Г.М төрсөн, одоо надтай хамт амьдарч байна. Ж.Г нь надтай сууна гэрлэнэ гэж 3 жил манай ахынд хамт амьдарч байснаа сүүлийн жилүүдэд ирж хонох нь цөөрсөн асуухаар ажил ихтэй ажил дээрээ хонодог гэж хэлдэг. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар ярихад боломжтой үедээ албан ёсоор бүртгүүлье гэж хууран мэхлэж байсан. Одоо Ж.Г нь тусдаа амьдралтай болсон байна. Хүүгийн минь эцэг Ж.Г мөн гэхдээ гэрлэлтийн баталгаагүйн улмаас өргөдөл бичиж гарын үсэг зурснаар Ж.Гаар овоглосон юм. Ж.Г өөрөө ч хүүгийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд хүү Г.Мт хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.О нь Ж.Гд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийггаргажээ.

 

Хариуцагч Ж.Г нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргасан болно.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2008 оноос хойш хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү Г.М төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 4/-аар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр хуульд заажээ.

Нэхэмжлэгч М.О нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч Ж.Г нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.

 

Иймд М.О хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Ж.Г, М.Онар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн дундаас төрсөн хүү Г.Мыг аль аль нь тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.О нь улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70.200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 28209 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Од олгож шийдвэрлэх нь хууль нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Г.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэгЖ.Гаар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 28209 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Ж.Г сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ