Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/640

 

 

 

 

 

 

 

 

   2022         7           28                                     2022/ШЦТ/640

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ц.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц-Шд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2211 00419 1287 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо, 14-173 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Ш, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ш нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 15-173 тоотод амь хохирогч болох хадам аав Б.Баасанхүүг архи ууж, агсам тавилаа гэх шалтгаанаар түүн рүү зурагтны удирдлага шидэж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ц.Ж нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа ойлгож байгаа...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

- Гэрч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 38 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 665 дугаартай шинжээчийн задлан шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 50-53 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 503 дугаартай шинжээчийн гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

- Яллагдагч Ц.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 105 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 103 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ц.Ш 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 15-173 тоотод амь хохирогч болох хадам аав Б.Б-г архи ууж, агсам тавилаа гэх шалтгаанаар түүн рүү зурагтны удирдлага шидэж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.Шд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ц.Ш нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 15-173 тоотод амь хохирогч болох хадам аав Б.Б-г архи ууж, агсам тавилаа гэх шалтгаанаар түүн рүү зурагтны удирдлага шидэж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаач Б.Б-эй 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсон, гэрлэлтийн баталгаатай, 38 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд дундаасаа 3 хүүхэдтэй. Нас барахынхаа өмнө Сэлэнгэ аймагт хүргэн Ш, охин Хандсүрэн нарын хүүхдийг харж байгаад хотод ирээд хэд хоног архи ууж байгаад нас барсан. Талийгаач яагаад архи уух болсон гэхээр гарын ур дүй сайтай, цахилгааны хэрэгсэл засаж янзалдаг байсан юм. Тэгээд юм аа янзлуулсан хүмүүс мөнгө өгөхгүй оронд нь архи дарс өгдөг байсантай холбоотой. Түүнээс биш яадгаа алдсан архичин хүн биш байсан. Сэлэнгэ аймагт хүргэн Ш, охин Хандсүрэн нарын хүүхдийг харж байсан. Хавирганы хугарал нь өөрөө архи дарс ууж явж байгаад унаж гэмтсэн юм болов уу гэж бодож байна. Нүд нь яасан эсэхийг мэдэхгүй байна. Архи дарс ууж яваад энд тэнд уначихсан байна гээд хүмүүс нэлээд хэдэн удаа гэр рүү хүргэж өгч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- Гэрч Ш.Ан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицер албан тушаалтай 24 цагаар үүрэг гүйцэтгээд 48 цаг амрах ажлын хуваарьтай. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 31 минутад 80602611 дугаарын утаснаас Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо дэнжийн 14-173 тоотод хүргэн ирээд зодоод байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу жолооч цагдаа дэд ахлагч Э.Мөнхжавхлангийн хамт дуудлага мэдээллийн дагуу очсон. Гэрт дуудлага мэдээлэл өгсөн хүний хүргэн нь гэх Ш байсан бөгөөд тэр хүн “...ажпаасаа тараад гэртээ иртэл хадам аав хүмүүстэй нийлээд архи ууж байсан, би боль гээд уурласан чинь өөдөөс шилэн аяга шидэхээр нь намайг оноогүй, харин би зөрүүлээд зурагтны удирдлага шидсэн...” гэж хэлсэн. Дуудлага мэдээлэл өгсөн хүн өөрөө гэртээ байгаагүй. Тухайн Ш гэгчийг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд тайлбар мэдүүлэг авсан. Архи дарс хэрэглээгүй, эрүүл, саатуулах үндэслэл байхгүй учраас явуулсан. Харин дуудлага мэдээлэл өгсөн утасны дугаар луу залгасан чинь “...би өөр тийшээ явчихлаа, дуудлага өгсөн хүн байхгүй...” гээд нэлээд согтолттой хүн ярьсан. Шилэн аяга хагарсан байсан, тэрийг Ш хадам аав над руу аяга шидээд хагалчихсан гэж ярьж байсан. Бусдаар ямар нэгэн зодоон цохион болсон гэх шинж тэмдэг ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 38 дахь тал/,

- Гэрч Б.Цн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг тоот хашаанд түрээсээр гэр барьж суудаг. Энэ хашааны байшинд настайвтар хөгшин, түүний охин, хүргэн гэх нэг залуу байдаг. Хөгшин ах өдөртөө ихэвчлэн ганцаараа байдаг бөгөөд архи их уудаг. Өдөр бүр л согтуу харагддаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Гэрч Б.Дн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Амь хохирогч тэтгэвэрт байдаг. Согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг эрүүл байх нь ховор байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 665 дугаартай шинжээчийн:...Б.Б-үүгийн цогцост зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, зүүн хөмсөгт шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ...” гэх задлан шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 50-53 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 503 дугаартай шинжээчийн: “...Б.Б-ийн биед учирсан зүүн хөмсөгт шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

- Шинжээч эмч Э.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...цээжинд цус хуралт, гэмтэл нь амьлуулах тусламж үзүүлэх буюу зүрхэнд шууд биш массаж хийхэд үүсэж болох ба мөн цохигдох, унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/

- Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн НХЖХТасгийн эргүүлийн офицер Ч.Цэнд-Аюушийн илтгэх хуудаст: “...амь хохирогч тухайн сууцны ертөнцийн зүгээр хойд хэсэгт байрлах орон дээр байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 23 цагийн үед унтсан гэх ба орон дээрээ бөөлжсөн байдалтай байв. Гэр орны нөхцөл байдал хэвийн зодоон цохион болсон, эвдэрч сүйдсэн зүйл ажиглагдаагүй...” гэх  /хавтаст хэргийн 90 дэх тал/,

- Яллагдагч Ц.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Тухайн өдөр тайлийгаач над руу аяга шидээд агсраад байхаар нь би түүн рүү зөрүүлээд зурагтны удирдлага шидсэн юм. Тэр үед дух орчим нь бага зэрэг шалбарсан байсан. Бусдаар түүнийг цохиж, зодсон зүйл байхгүй. Хадам аавтай сүүлийн 10 орчим жил хамт амьдарч байна. Урьд нь бид хоёрын дунд зодоон болж байгаагүй. Харин намайг ажлаас ирэхэд байнга гэртээ хүн цуглуулаад архи уудаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Ш амь хохирогч болох хадам аав Б.Баасанхүүг архи ууж, агсам тавилаа гэх шалтгаанаар түүн рүү зурагтны удирдлага шидэж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Баасанхүүгийн биед учирсан “зүүн хөмсөгт шарх” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Ш итэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Ш хадам аав Б.Баасанхүүгийн биед “зүүн хөмсөгт шарх” бүхий хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нн “...Гомдолгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/, шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Ш нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүлээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ш 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Шд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ