Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 710

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

     Д.Д-ид холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Д-ид холбогдох эрүүгийн 2014260001665 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тогнон овгийн Д.Д, 19...... оны 5 дугаар сарын 23-ны өдөр ............... аймагт төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувцасны зураач, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, “...........” ресторанд тогооч ажилтай, ам бүл 1, ............ дүүргийн ....... дүгээр хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД................../;

Д.Д- нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Corporate” зочид буудлын гадна Б.Г-той маргалдан зодож, түүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Тогнон овгийн Д.Д-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хохиролд тооцон Д.Д- нь хохирогч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д 830.000 нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Д.Д- нь сэжигтнээр 48 цаг баривчлагдсаныг дурьдаж, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, Д.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Д.Д-ид холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дзх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт " Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно" гэж заасан бөгөөд "Өршөөл үзүүлэх тухай" хуулийг хэрэглэх "сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг... нэг удаа өршөөлд хамруулна" гэсэн шударга ёсны зарчим шүүгдэгч Д.Д-ид үйлчлэх боломжгүй болж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ." гэж хуульчилсан бегөөд шүүх хуулийн уг заалтыг баримталж Д.Д-ид холбогдох хэргийн зүйл хэсгийг 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 329 дугаар шийтгэх тогтоолын "ТОГТООХ нь" хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч  Д.Д-ийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор Г.Эсэнгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь энэ хэрэг 2014 онд үйлдэгдэхдээ 2010 оны гэмтлийн зэрэг тогтоох журмаар хүнд зэрэгт хамаарч байсан. Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хүсэлтийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан. Иймд анхан шатны шүүх хуралд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан 3 шинжээч бүгд оролцсон. Шинжээч нар тайлбараа өгөхдөө “одоо хохирогчид учирсан гэмтэл хүнд зэрэгт хамаарахгүй, гэмтлийн зэрэг тогтоох журам өөрчлөгдсөн байгаа. 2014 оны 12 дугаар сард журам өөрчлөгдсөн. Нүдний ухархайн дээд, доод ханын гэмтэл амь насанд аюулгүй учраас хөнгөн зэрэгт хамаарсан. Зөвхөн хоншоор ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах юм. Бид шинэ журмаа дагаж мөрдөнө. Дахин дүгнэлт гаргуулах юм бол хүндэвтэр гэмтлээр гарна” гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Тэр нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтэд хуучин журмаараа хүнд гэмтэлд хамаарч байсан. Шинэ журмаараа уг гэмтэл хөнгөн зэрэгт хамаарч байна. Харин хоншоор ясны хугарал нь аль алинд нь хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа тул хүндэвтэр гэмтэл учирсан гэж гарсан. Шинжээч эмч нар гурвуулаа шүүх хуралд оролцсон бүгд хүндэвтэр гэмтэлд хамаарна гэж үзсэн байдаг. Иймд анхан шатны шүүх хүнд гэмтлийг санаатай учруулах биш хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэдгээр зүйлчилсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдаг. Хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйл анги нь хорих ялтай байгаа. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл анги нь хорих ялгүй байгаа. Хууль буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлээр зүйлчлэх байсан. Хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 395 дугаартай прокурорын тогтоолоор түдгэлзүүлсэн байсан хэргийг сэргээсэн. Тиймээс 2017 оноос хойш болон түдгэлзүүлэхээс өмнөх хугацааг тоолж үзэхээр 1 жилээс хангалттай илүү хугацаа болж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаагаараа хэрэгсэхгүй болгох байсан. Өршөөлийн хуулийг хэрэглэх нь буруу. Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглээд тэгээд өршөөсөн нь буруу болсон. ...” гэв.

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 3 жил хүртэл хорих ялтай бөгөөд оногдуулах ял нь хүнд байгаа. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл зааснаар хорих ялгүй, нийтэд тустай ажил буюу торгох ялтай байгаа. Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Д-ид холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу уг эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Д- нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорэйт /Corporate/ зочид буудлын гадна Б.Г-ой маргалдан зодож, түүний эрүүл мэндэд “...зүүн нүдний ухархайн дээд, доод хана духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх бүхий...” хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хэрхэн яаж хохирсон талаараа дэлгэрэнгүй мэдүүлсэн хохирогч Б.Г-н “...намайг нэгдүгээр давхарт буугаад очтол үгийн зөрүүгүй намайг шууд зодоод эхэлсэн. Миний нүүр рүү гутлынхаа хоншоор орчмоор 5-6 удаа өшиглөж, дагз орчим 4-5 удаа гараараа цохьсон” гэх мэдүүлэг /1 хх 21-23, 25/,

 гэрч Д.Энэрэл, Д.Давааням, Б.Хас-Очир, А.Болдсүх, Б.Ачит нарын хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1 хх 28-29, 33-34, 36, 37, 159-160/,

 “Г- биед зүүн нүдний ухархайн дээд, доод хана, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтлүүд учирчээ. Дээрх зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 дугаар Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл нь журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр, духны хөндийн өмнөд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл нь журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт тус тус хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 319 дүгээр дүгнэлт /2 хх 236-238/,

шүүгдэгч Д.Д-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Тухайн хэргийг мөрдөн шалгах явцад яллагдагч оргон зайлсны улмаас хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ /1 хх 105, 125/.      

Прокуророос шүүгдэгч Д.Д-ид 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон өөрчилж, Өршөөл үзүүлэх хуульд хамруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь,

Гэмтлийн зэрэг тогтоох журам шинэчлэн батлагдсанаар шүүгдэгч Д.Д-ийн хохирогч Б.Г- биед учруулсан зарим хүнд зэргийн гэмтэл нь хүндэвтэр, хөнгөн зэрэгт хамаарах болсноор түүний үйлдлийг хуучин болон шинэ хуулийн алинаар нь зүйлчлэгдэх, шинэ эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэхийг шийдвэрлэх шаардлага үүсжээ. 

 Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл нь шүүгдэгчийн хувьд аливаа нэгэн хэлбэрээр эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байгаа ойлголт бөгөөд шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийн заалтаас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь илүү ашигтай, оногдуулж болох ял шийтгэл нь харьцангуй хөнгөрсөн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ид Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байжээ.  

            Иймд прокурор Г.Эсэнгийн бичсэн 201 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолын: 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Д-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ 

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ