Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 178

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч Д.Оюундэлгэр шүүгдэгч Б.Дэлгэрбаяр, хохирогч З.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баянжаргалын Дэлгэрбаярт холбогдох эрүүгийн 201625031810 дугаартай, 186/2016/0176/э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Стар статс” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит 2-30 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Боржигон овогт Баянжаргалын Дэлгэрбаяр /РД:МК88051618/,

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/                                                                                          

Б.Дэлгэрбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхитын 2-30 тоотод хамтран амьдрагч З.Ундармааг хардалтын улмаас зодож бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

            1.1.Шүүгдэгч Б.Дэлгэрбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…2016 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө ажлаасаа буусан. 11 цагийн үед Ундармаа яриад гарч ажлын анкет бөглөнө гэж хэлсэн. Манай байгууллагын төв оффис талбай дээр байдаг. Цалингийн зээл авахаар тодорхойлолт авах гэсэн ч олгохгүй гэсэн. Ундармаа Бөхийн өргөөний автобусны буудал дээр анкет бөглөхөөр болсон. Ирээд утсаар ярьчих гэж байсан. Удалгүй миний утасны цэнэг дуусчихсан. Би Бөхийн Өргөөний автобусны буудал дээр Ундармааг 1 цаг 40 минут хүлээсэн. Би утсаа асаагаад залгахад анкетаа бөглөж байна. Бөхийн өргөөн дээр байна гэсэн. Би Бөхийн Өргөөн дээр байна гэхэд Ундармаа уурлаад 4 зам дээр байна гэж хэлсэн. Би гэртээ хариад 40 минутын дараа залгахад суух гэж байна гээд 2-3 удаа ярьсан. Би гэрт байсан 1 литр 200 гр монгол архийг ганцаараа уусан. Ундармааг ирэхэд архиа уугаад дууссан байсан. Ажлын анкет бөглөнө гэж хэлсэн ч худлаа ярьсанд нь хар төрсөн. Тухайн үед согтолттой байсан. Хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

            1.2.Хохирогч З.Ундармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ээжид хүүхдээ үлдээгээд ажлын анкет бөглөхөөр гэрээсээ гарсан. Бөхийн өргөөн дээр анкет бөглөхөөр очиход хүний нөөц нь ирэхгүй, мэйлээр анкетаа явуулчих гэсэн. Дэлгэрбаяр над руу яриад төв оффис орно гэж байсан. Манай эгч ажлынх нь хажуу талын ресторанд зөөгч авч байна гэж хэлсэн. Ресторан ороод анкет бөглөх гэхэд надад өгөөд явуулсан. Харих гээд явж байхад Дэлгэрбаяр гэртээ байна гэж залгасан. Өмнө нь Дэлгэрбаярт хэд хэдэн удаа цохиулж байсан тул айж байсан. Айгаад охиноо аваад гэртээ ороход Дэлгэрбаяр тэлээгээ тайлаад зодож эхэлсэн. Намайг орилж хашгирахад хэн ч орж ирээгүй. Би хэдэн цаг зодуулснаа мэдээгүй. Дэлгэрбаяр намайг пивонд гараад ир гээд гаргасан. Би хадам ээжийнд ороод танай хүү чинь зодчихлоо гэхэд би яах юм бэ, дийлэхгүй гэж хэлсэн. Нүүрэн дэх цусаа угаах үед Дэлгэрбаяр тэлээгээ бариад гараад ирсэн. Ээж байшин руу ороод би араас нь орсон. Би айгаад хаалгаа цоожлоход шууд амбаарын хаалга эвдлээд ороод ирсэн. Ээж, бид хоёр Дэлгэрбаярыг дийлээгүй. Би дахин ганц хоёр цохиулсан. Хажуу айлын хашаа давж дэлгүүр ороод цагдаа дуудсан. Цагдаа танай хүн тохирчъё гэж байгаа юм байна гэхээр нь тэгье гэсэн. Дэлгэрбаяр дансаа өгчих гэсэн мөртлөө мөнгө явуулаагүй. Би хэргээ үүрч чадна гээд томроод байсан. Бид хоёр салаад 2-оос 3 удаа нийлж үзсэн. Дэлгэрбаярыг одоо уучилж чадахгүй. Өмгөөлөгч авсан гээд тэр хүнтэй нь уулзахад 400.000 төгрөг өгнө гэж байсан гэсэн. Би 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

            Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эрдэнэчимэгийн:..Би Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд дунд хүүгийн хамт амьдардаг. 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хотод орж ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай том хүү Дэлгэрбаяр ажлаасаа буугаад 12:00 цагийн орчим гэртээ ирсэн. Манай бэр З.Ундармаа бага хүү Төгсбаярын  гэрт байж байхад охиноо оруулж өгөөд гарах гэж байхад охин нь дагаж уйлахад ээж нь ирэхдээ зайрмаг авчирч өгнө гэж хэлж байсан, би тухайн үед тос шаргайгаад боов хайрч байхад гараад явсан. Би Ундармааг хаашаа явж байгааг нь мэдээгүй, надад нь хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй. Дэлгэрбаяр ирээд Ундармааг хаашаа явсан талаар асуухад би мэдэхгүй гэсэн. Манай хүүгийн байшин тоггүй учраас дүүгийнхээ гэрт  орж утсаа цэнэглээд сууж байхад Ундармаа гэрийн хаалга нээгээд Мишээлээ наашаа ир гээд дуудаад охиноо аваад гэртээ орсон. Араас нь манай хүү Дэлгэрбаяр орсон тэгж ороод 10 минутын дараа Мишээл уйлаад орж ирэхээр нь юу болсон талаар асуухад аав ээжийг зодоод байна гэж хэлэхээр нь би гүйгээд байшин руу очиход гадна талын тамбарын хаалга түгжсэн байхаар нь хөөе Дээгий чи болиоч  гэж хэлээд гэрлүүгээ орсон. Тухайн үед Дэлгэрбаяр эрүүл байсан болохоор тэгээд больчих байх гэж бодоод мөн гал дээр боорцог хайрч байсан болохоор гэрлүүгээ орсон. ойролцоогоор 40 минутын дараа Ундармаа орж ирээд ээж таныг Дээгий пиво аваад ир гэж хэлж байна гэхээр нь юун пиво вэ гэж асууж байхад Ундармаа миний хажууд цагдаад дуудлага өгч байсан тэгээд би Дэлгэрбаярын гэрлүү орох гээд гарахад манай хүү байшингийнхаа үүдэнд зогсож байхаар нь гэрлүү нь ганцаараа ороод шкафанд хийсэн  байсан монгол архи санасан. Тэгсэн тэр архийг Дэлгэрбаяр уусан байсан. Намайг гэрт байж байхад Ундармаа гаднаас орж ирээд зогсож байхад Дэлгэрбаяр байшинруугаа орох гээд ирэхэд Ундармаа хаалга цоожилсон тэгсэн манай хүү хаалга өшиглөөд байхаар нь чи хаалга эвдлээ шүү дээ нээгээд өгчихье гэж хэлэхэд Ундармаа та бид хоёр дийлэхгүй шүү дээ гэхээр нь би хаалга нээж өгсөн. Хүүгээ орж ирэнгүүт нь цааш нь түлхээд Ундармааг гар гэж хэлээд хүүгээ барьж үлдсэн. Тухайн үед Ундармаа байшингаас гарч гүйхдээ гар утсаа унагаачихаар нь гар утсыг би аваад гэрлүү орсон. Тэгээд байж байтал цагдаагийн машин ирж Дэлгэрбаярыг аваад явсан. Ундармаа Дэлгэрбаярыг явсны дараа гэрт орж ирээд өөрийнхөө гар утас, Дэлгэрбаярын цэнэглэж байсан гар утас, мөн өөрийнхөө байшингаас Б.Батбаярын гадаад паспорт, Жаргалбаярын жолооны үнэмлэх зэргийг авч явсан байсан. Энэ хоёр юунаас болж маргалдсныг мэдэхгүй байна. Дэлгэрбаяр цалингийн зээл авна гэж ярьж байсан тэр асуудлаасаа болсон байх. Би энэ хоёрын асуудалд ерөөсөө орж байгаагүй. Би тэр өдөр бэр Жавзаатай байсан. Манай бэр 8 сартай том гэдэстэй болохоор гэрээс гараагүй. Би ерөөсөө хараагүй байшингийн хаалга нь цоожтой байсан. Ундармаа байшин дотор орилж байсан. Би Ундармааг сайн хараагүй байсан болохоор мэдэхгүй байна. Би боорцог хайрч дуусаад дөнгөж орон дээр хэвтэж байхад Ундармаа орж ирсэн хамарнаас нь цус гарсаныг ажиглаж хараагүй. Би Ундармаад нэг төгрөг ч өгөөгүй харин таныг Дэлгэрбаяр пиво аваад ир гэж хэллээ гэж байсан. Манай хүү Төгсбаярын гэрт сахиус шүтээн байдаг болохоор архи уусан хүн орж болохгүй учраас Дэлгэрбаяр орж ирээгүй. Дэлгэрбаяр 1,25 литрийн хэмжээтэй коланы саванд байсан монгол нэрмэл архинаас уусан байсан согтолт нь гайгүй л байх шиг байсан. Манайх 3 хүүтэй айл манай хүүхдүүд төлөв томоотой ямар нэгэн элдэв зан ааш байхгүй. Би бэр Ундармааг ямар хүн гэдгийг сайн мэдэхгүй байна. Би хүүхдүүдээсээ тусдаа байдаг. 2011 онд манай хүү би ийм хүнтэй суух гэж байгаа гэж дагуулж ирж танилцуулсан тухай үед та хоёр болох юм уу гэхэд болж байгаа гэхээр нь Ундармааг нэг өвөл бэр гуйж авсан юм. Ундармааг төрсний дараа малчны зээл болон ахаасаа мөнгө зээлээд энэ хоёрт хашаа байшин авч өгч байсан юм тухайн үед манай хүү хөдөө хаягтай байсан учир Ундармаагийн нэр дээр уг байшингийн гэрчилгээг гаргуулж байсан. Мөн Ундармаагийн 2 жилийн сургалтын төлбөрийг бид нар төлж байсан. Би цуг байдаг болохоор мэдэхгүй байна. Энэ маргаан гарсан өдөр Ундармаагийн эгч Жаргалмаа хүргэний хамт хүүгийн гэрт ирээд бид нарыг хашаа байшингаас хөөсөн мөн энэ гэрийг чинь галдан шатааж буулгана муу тэнэг хөдөөний авгай гэж хэлэхэд эгч Жаргалмаа нь миний үснээс зулгаахад нөхөр надаас салгасан тэгэхээр нь би юм мэдэхгүйдээ Ундармаагийн нэр дээр энэ хашаа байшингийн бичгээ авсан та нараас нэг ч төгрөг аваагүй гэж хэлэхэд одоо энэ байшин чинь минийх гээд Ундармаа орилоод байсан гэх мэдүүлэг. /хх 25-26/

            2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12292  тоот актын:

1. З.Ундармаагийн биед тархи доргилт, дух, эрүү, баруун чих, баруун зүүн шанаа, чамархай, зулайн хуйх, хүзүү, баруун зүүн мөр, дал, бүсэлхий, баруун зүүн бугалга, шуу, бугуй, сарвуу, зүүн эрхий хуруу, баруун зүүн өгзөг, баруун шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. шинжээч эмч Ц.Бадрал  гэсэн дүгнэлт  /хх-28/

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 13-19/, эмчилгээниий зардлын баримт /хх-20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12292 тоот дүгнэлт /хх-28/, толгойн компьюьерт томографийн шинжилгээ /хх-29/, сэжигтнээр тооцох тогтоол /хх-32/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 33-34/, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол /хх 35-38/, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 41-42/, Д.Мишээлийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-43/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-44/, голомт банкны тодорхойлолт /хх-45/, хөдөлмөрийн гэрээ /хх 46-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                               

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Б.Дэлгэрбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд салхитын 2-30 тоотод хамтран амьдрагч З.Ундармааг хардалтын улмаас зодож бусдын биед тархи доргилт, дух, эрүү, баруун чих, баруун зүүн шанаа, чамархай, зулайн хуйх, хүзүү, баруун зүүн мөр, дал, бүсэлхий, баруун зүүн бугалга, шуу, бугуй, сарвуу, зүүн эрхий хуруу, баруун, зүүн өгзөг,  баруун шагайнд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал зэрэг  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч З.Ундармаагийн....гэртээ  ирэхэд  Дэлгэрбаяр, охины хамт байсан  тэгээд  охиноо шууд гэрээсээ өшиглөж гаргаад  амбаар, гэрийн хаалгыг  цоожлоод хувцасны шкафнаас  бидний ундааны савтай байсан нэрмэл архийг  авч уугаад  өмднийхөө тэлээг тайлаад  тэлээгээр намайг  зодож  эхлэхээр нь  Насаа эгчээс асуу, мөн анкет авсан  байгууллагаас асуу гэхэд  миний үгийг сонсохгүйгээр миний утсыг газар унгаагаад намайг  зодож эхэлсэн. Дэлгэрбаяр миний бүх биеийг тэлээгээр ороолгож  зодсон гэх мэдүүлэг /хх-22/,  гэрч П.Эрдэнэчимэгийн... З.Ундармаа гэрийн хаалга нээгээд Мишээлээ наашаа ир гээд дуудаад охиноо аваад гэртээ орсон,  араас нь манай хүү Дэлгэрбаяр орсон тэгж ороод 10 минутын дараа Мишээл уйлаад орж ирэхээр нь юу болсон талаар асуухад аав ээжийг зодоод байна гэж хэлэхээр нь би гүйгээд байшин руу очиход гадна талын тамбарын хаалга түгжсэн байхаар нь хөөе Дээгий чи болиоч  гэж хэлээд гэрлүүгээ орсон. Тухайн үед Дэлгэрбаяр эрүүл байсан болохоор тэгээд больчих байх гэж бодоод мөн гал дээр боорцог хайрч байсан болохоор гэрлүүгээ орсон... Дэлгэрбаяр 1,25 литрийн хэмжээтэй коланы саванд байсан монгол нэрмэл архинаас уусан байсан согтолт нь гайгүй л байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-25/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12292 тоот акт, шүүгдэгч Б.Дэлгэрбаярын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Б.Дэлгэрбаяр нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дэлгэрбаярт холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Дэлгэрбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.   

Шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлээс хохирогч З.Ундармаагийн бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан  зардал 146.100 төгрөг нэхэмжилсэн  баримт нь нотлох  баримтын шаардлага  хангаж байна. Иймд шүүгдэгч Б.Дэлгэрбаяраас 146.100 төгрөгийг гаргуулж  хохирогч З.Ундармаад  олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1, хэсэгт зааснаар “ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт зааснаар  согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Баянжаргалын Дэлгэрбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Дэлгэрбаярыг  2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Дэлгэрбаярт оногдуулсан 2 /хоёр / сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаяраас 146.100 төгрөгийг гаргуулж хохирогч  З.Ундармаад олгосугай.

            5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдсугай

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дэлгэрбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол  биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дэлгэрбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ