Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/644

 

 

 

 

 

 

 

 

   2022         7           29                                      2022/ШЦТ/644

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Данзаннямын Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2211 00946 1301 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 42-484 тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Д.Г, регистрын дугаар гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Аг хөөлөө гэх шалтгаанаар түүн рүү чулуу авч шидэн эрүүл мэндэд нь “зүүн хацарт язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид дөрөв нийтийн байрнаас гараад замын эсрэг талд байрлах жишиг нэртэй гудамжны худгаас ус аваад худгийн хажуу талын дэлгүүрээс 0.5л Чанар нэртэй архи аваад гудамжны зүүн үзүүрт сүүдэрт бид дөрөв архи задлаад ууцгааж байсан юм. Тэгсэн чинь нийтийн байранд амьдардаг Г, Магсар ахтай цуг бид нар дээр ирэхээр нь би Г чи эндээс яв гээд хөөсөн чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Би газраас чулуу аваад газар руу айлгах санаатай шидсэн юм. Тэгсэн чинь Г зөрүүлж газраас чулуу аваад над руу шидсэн чинь миний зүүн нүдний чамархайн хажуу талд оночихсон. Тухайн үед би гар утсаа чихэндээ бариад цагдаа дуудлаа гэсэн чинь Г яваад өгсөн. Тухайн үед миний зүүн нүдний чамархайн хэсгээс цус гараад 1 см орчим ангайчихсан шарх учирсан юм. Г эмчилгээний мөнгө гэж 100,000 төгрөгийг бэлнээр, 40,000 төгрөгийг дансаар хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

- Гэрч О.Гы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г, Магсар ахтай хамт ирээд Г “...та хэд жалганд яахаараа булагнаж архи уудаг юм...” гэж хэлсэн чинь А “...чамд ямар хамаатай юм...” гээд хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь үгийн зөрүүгүй Г газраас чулуу аваад А руу шидсэн чинь зүүн нүдний чамархайн хажуу талд оночихсон. Тэгсэн чинь цус гараад А цагдаа дуудлаа гэсэн чинь Г зугтаагаад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- Гэрч Э.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г, Магсар ахтай цуг ирсэн. Тэгсэн чинь А Г чи зайл яв гээд газраас чулуу аваад Г байгаа газрын хажуу талд газар луу шидсэн. Тэгсэн чинь Г газраас чулуу аваад Аптангоо руу шидсэн чинь зүүн нүдний хажууд чамархай хэсэгт оночихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7706 дугаартай: “...М.Агийн биед зүүн хацарт язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...зүүн хацрын язарсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт орно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

- Яллагдагч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгэхээр нь замдаа Мягмар ахтай тааралдаад араас нь очсон чинь тэр гурав авсан архиа гудамжинд уугаад сууж байсан ба А над руу хандан “...чи яах гэж байгаа юм лалар минь...” гэхээр нь би “...чамд ямар хамаатай вэ, наад архиа өөрийнхөө мөнгөөр авсан юм уу...” гэсэн чинь намайг зайл гээд гээд хөөгөөд А над руу газраас чулуу аваад шидсэн чинь миний цээж рүү оносон. Тэгэхээр нь миний уур хүрээд газраас чулуу аваад А руу шидсэн чинь Агийн зүүн хацарт нүднийх нь ойролцоо оносон. Би шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 59 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Д.Г 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Аг хөөлөө гэх шалтгаанаар түүн рүү чулуу авч шидэн эрүүл мэндэд нь “...зүүн хацарт язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Гд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Аг хөөлөө гэх шалтгаанаар түүн рүү чулуу авч шидэн эрүүл мэндэд нь “...зүүн хацарт язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид дөрөв нийтийн байрнаас гараад замын эсрэг талд байрлах жишиг нэртэй гудамжны худгаас ус аваад худгийн хажуу талын дэлгүүрээс 0.5л Чанар нэртэй архи аваад гудамжны зүүн үзүүрт сүүдэрт бид дөрөв архи задлаад ууцгааж байсан юм. Тэгсэн чинь нийтийн байранд амьдардаг Г, Магсар ахтай цуг бид нар дээр ирэхээр нь би Г чи эндээс яв гээд хөөсөн чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Би газраас чулуу аваад газар руу айлгах санаатай шидсэн юм. Тэгсэн чинь Г зөрүүлж газраас чулуу аваад над руу шидсэн чинь миний зүүн нүдний чамархайн хажуу талд оночихсон. Тухайн үед би гар утсаа чихэндээ бариад цагдаа дуудлаа гэсэн чинь Г яваад өгсөн. Тухайн үед миний зүүн нүдний чамархайн хэсгээс цус гараад 1 см орчим ангайчихсан шарх учирсан юм. Г эмчилгээний мөнгө гэж 100,000 төгрөгийг бэлнээр, 40,000 төгрөгийг дансаар хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

- Гэрч О.Гны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г, Магсар ахтай хамт ирээд Г “...та хэд жалганд яахаараа булагнаж архи уудаг юм...” гэж хэлсэн чинь А “...чамд ямар хамаатай юм...” гээд хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь үгийн зөрүүгүй Г газраас чулуу аваад А руу шидсэн чинь зүүн нүдний чамархайн хажуу талд оночихсон. Тэгсэн чинь цус гараад А цагдаа дуудлаа гэсэн чинь Г зугтаагаад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- Гэрч Э.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г, Магсар ахтай цуг ирсэн. Тэгсэн чинь А Г чи зайл яв гээд газраас чулуу аваад Г байгаа газрын хажуу талд газар луу шидсэн. Тэгсэн чинь Г газраас чулуу аваад Аптангоо руу шидсэн чинь зүүн нүдний хажууд чамархай хэсэгт оночихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7706 дугаартай: “...М.Агийн биед зүүн хацарт язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...зүүн хацрын язарсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт орно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

- Яллагдагч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгэхээр нь замдаа Мягмар ахтай тааралдаад араас нь очсон чинь тэр гурав авсан архиа гудамжинд уугаад сууж байсан ба А над руу хандан “...чи яах гэж байгаа юм лалар минь...” гэхээр нь би “...чамд ямар хамаатай вэ, наад архиа өөрийнхөө мөнгөөр авсан юм уу...” гэсэн чинь намайг зайл гээд гээд хөөгөөд А над руу газраас чулуу аваад шидсэн чинь миний цээж рүү оносон. Тэгэхээр нь миний уур хүрээд газраас чулуу аваад А руу шидсэн чинь Агийн зүүн хацарт нүднийх нь ойролцоо оносон. Би шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г нь  хөөлөө гэх шалтгаанаар хохирогч М.А руу чулуу авч шидэн эрүүл мэндэд нь “...зүүн хацарт язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч М.Агийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Д.Г идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч М.Агийн “...Г эмчилгээний мөнгө гэж бэлнээр 100,000 төгрөг, дансаар 40,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, “...Надад гомдол санал байхгүй, хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэргээр шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид эмчилгээний зардалд 140,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүлээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын төрөл хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д. Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ