Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 501

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-87, НСКБ барилга, 4 дүгээр давхарт байрлах, 5473489 регситрийн дугаартай “Мандал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, утас:99745685, 99889847 нэхэмжлэлтэй,

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хорооны 6 гудамж, 2 тоотод оршин суух Э.О,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг Номт хөгжил 2-р байр, а тоотод оршин суух А Н -д холбогдох,

 

даатгалын үлдэгдэл 218.093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар У.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Н  болон “Мандал даатгал” ХХК нар нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг үндэслэн 2015 оны 5 сарын 21-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар 1500011591 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч А.Нансалмаа нь 323,664 төгрөгийн даатгалын хураамжийг Даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2015 оны 5 сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 сарын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд 105.571 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 218.093 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Иймд хариуцагчаас даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 218.093 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Н нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 4 дүгээр сард Приус20 маркийн 70-88 УНТ улсын дугаартай автомашин худалдан авсан. 2015 оны 5 сарын 21-ны өдөр “Мандал даатгал”-д жолоочийн хариуцлагыг даатгалд 35.571 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалд 70.000 төгрөг, нийт 105.571 төгрөг даатгуулж бэлнээр өгсөн. Би өөрийн мэдлийн автомашинтай анх удаа болсон болохоор даатгалын мэдлэг дутуу байсан учраас нэг бүрчлэн уншиж үзээгүй гэрээнд гарын үсэг зурсан. Надад даатгалын талаар ойлголт болон тухайн төлбөр тооцооны талаар хангалттай мэдлэг ойлголт өгөөгүй. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсанаар төлбөр үргэлжлүүлэн төлөөд явах тухай ойлголт аваагүй байсан. Мөн би худалдан авсан хүндээ төлбөрөө барагдуулж дуусаад автомашины нэр дугаарыг солиулсан. Авто тээврийн үндэсний төвд очиж машинаа шилжүүлэн авахдаа 70-88 УНТ дугаарыг өгч хийлгэсэн байсан даатгалаа үргэлжлүүлэх үү гэхэд “Мандал даатгал””ын даатгал хийж байсан хүнд хийлгэсэн байсан даатгалын гэрээгээ өгсөн. Даатгагч та дахин даатгал хийлгэх шаардлагатай гээд даатгал хийлгэсэн. Би 2015 оны 5 сарын 21-нд хийлгэсэн даатгалаар ямар нэгэн нөхөн төлбөр аваагүй. Даатгалын буцаан авалтыг “Мандал даатгал”-аас аваагүй, даатгалын гэрээгээ “Мандал даатгал”-ын даатгагчид өгсөн. Миний машиныг даатгалын үнэлгээн дээрээ 10 сая  төгрөг гэсэн байна. Би машинаа 7 сая төгрөгөөр худалдан авч байсан. Нэхэмжлэлдээ А.Нансалмаад удаа дараа төл гэж мэдэгдэж байсан гэсэн байна. Надтай нэг ч удаа холбогдож байгаагүй. Миний утасны дугаар, хаяг бүгд хэвээр байгаа. Гэтэл надад 218.093 төгрөгийг төлж барагдуулах нэхэмжлэл ирсэн байна. Хоёр удаа “Мандал даатгал”-ыг сонгон үйлчлүүлсэн боловч  нэг ч удаа нөхөн төлбөр болон даатгалын үлдэгдэл хугацааны буцаалтыг аваагүй. Би энэхүү нэхэмжлэлд дурьдсан 218.093 төгрөгийн төлбөрийг барагдуулах үндэслэл байхгүй  гэж үзэж байна гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 “Мандал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Нд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 218.093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК нь Э О -д 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “шүүх хуралд оролцох, хэргийн материалтай танилцах” итгэмжлэлийг олгожээ. /хх 4/ 

“Мандал даатгал” ХХК, А.Н нар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1500011591 дугаар  Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, уг гэрээгээр даатгуулагч А.Н нь 7088 УНТ улсын дугартай, Тоёота Приус маркийн автомашиныг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд эрсдэлээс датгуулж, даатгалын хураамжинд нийт 323.664 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 27.261 төгрөгийн давтамжаар 11 удаа 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын хооронд төлж барагдуулах, даатгагч “Мандал даатгал”ХХК нь даатгалын тохиолдол үүсэхэд даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид төлөхөөр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулжээ.

 Гэрээний дагуу даатгуулагч А.Н нь даатгалын хураамжийг хуваан, хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд урьдчилгаа төлбөрт буюу 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 51.049 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 27.261 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 27.261 төгрөг тус тус төлсөн, үлдсэн 218.093 төгрөгийн хураамжийг төлөөгүй болох нь авлагын дансны хуулгаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон байна гэж үзэв.        

“Мандал даатгал” ХХК-ний хариуцагч А.Наас 218.093 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасантай нийцэж байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оы шүүхэд ирүүлсэн “хариуцагч А.Н нь шүүх хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцоогүй тул тус шүүх хурлыг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 187 дугаар зүйлийн 187.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д тус тус зааснаар “Мандал даатгал” ХХК-ийн хариуцагч А.Нд холбогдуулан гаргасан даатгалын хураамжийн үлдэгдэл 218.093 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар  шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хйш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгей нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ