Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000106 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******гийн *******, / Регистрийн дугаар: ******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт дэвсгэрт Баруун бүсийн худалдааны төвд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа гээгдэл эд хөрөнгө болох иргэн *******ийн HUAWAI P-40 маркийн гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би тухайн өдрийг санахгүй байна. 2022 оны 01 дүгэр сард цагаан сарын өмнө би ажил үүргээ гүйцэтгээд явж байтал Баруун бүсийн худалдааны төвийн 1 давхарт бүх үйл ажиллагаа дуусаад хаасны дараа би шалгаад явж байтал 1 давхрын өргөтгөл буюу коридорт ардаа дөрвөн камертай Хувай маркийн ягаан өнгийн гаднах гэргүй гар утас шалан дээр унасан хэвтэж байсан. Тэгэхээр нь би аваад өөртөө байлгаж байсан. Би тухайн үед хаясан хүн нь ирээд авах байх гэж бодоод өөртөө байлгаж байсан. Гэтэл хүн огт гар утас сурч ирээгүй юм. Тэгээд түүнээс хойш 1 сар орчим болж байтал сая 2 дугаар сарын дундуур буюу 10-ны үеэр цагдаагаас дуудаад надаас гар утасны талаар асууж тодруулсан юм. Би гар утсыг эзэнд нь өгөх талаас нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм. Хүн сураад ирвэл хүнд нь өгчихье гэж бодоод өөртөө байлгаж байсан... Би гар утсыг олсныхоо дараа 10 гаран хоноод асааж үзсэн. Намайг гар утсыг асаахад дэлгэцийн код нэхэж байхаар нь 0000 тоо хийтэл код нь тайлагдчихсан. Би гэхдээ тухайн үед уг гар утсанд байсан сим картыг нь авч байгаад асаасан...Оронд нь 88559219 гээд манай эхнэр Намуунбайгалийн нэр дээр байдаг сим картыг хийсэн юм... Манай эхнэр 3 өдөр ашигласан. Тэгээд лизингээр гар утас худалдаж аваад тэр утсыг ашиглаагүй... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруугаа хүлээж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 69 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.           

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2022 оны 01 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг 30 минутаас 18 цаг 30 минутын хооронд Баруун бүсийн худалдааны төвийн өргөтгөлийн 1204 лангуун дээрээс Huawai p-40 маркийн гар утсаа алдсан. Би 1181 тоот лангуун дээр суудаг. Тухайн үед лангуун дээр суудаг хүмүүсийн хамт 1204 тоот лангуун дээр Баянжаргал, Бадамхатан, Энхбаяр, Отгонжаргал нарын хамтаар 13 тоглож байгаад 18 цаг 50 минут гэж тараад гэр лүгээ явах гээд гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь би хоёр хүүхдээ аваад явсан байх гэж бодоод гэртээ очоод хоёр хүүхдээсээ асуухад авч яваагүй гэсэн. Тэгэхээр нь маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө эрт ажил дээрээ ирээд 1204 тоот лангууны эзэн Баянжаргал ирээд лангуугаа онгойлгохоор нь би гар утсаа байхгүй байхаар нь хамгаалагчаар хяналтын камер шүүлгэхэд би хоёр хүүхдээ явсны дараа утсаар яриад тухайн 1204 тоот лангууны урд байх задгай байх хувцсан дээр тавьж байгаа бичлэг байсан. Тэгээд хяналтын камерт миний тавьсан газрыг Отгонжаргал хааж зогссон байсан болохоор яг хэн нь авч байгаа нь харагдахгүй байсан... Би гар утсаа 2021 оны 04 дүгээр сард Мобикомын Баянхонгор дахь салбараас 1,399,000 төгрөгөөр лизингээр худалдаж авч байсан. Би одоо гар утсаа 650,000 төгрөгөөр үнэлнэ. Миний гар утасны имей код 86671305646326, 866713056419337 гэсэн имей кодтой. Цэнхэр ягаан өнгөтэй, ард байх камерын гадна шил нь цуурсан, хар өнгийн кэйстэй утас байгаа юм...гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 /,

 

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн үед цагаан сар болох гээд хөл хөдөлгөөн ихтэй байсан. Орой 17 цагийн үед бид нар хөзөр тоглохоор болоод манай лангуу болох 1204 дугаарт лангуун дээр Дэлгэрцэцэг, Отгонжаргал, Бадмаа эгч бид дөрөв тоглож байсан. Бид нарын хажууд Ундрах, Энхбаяр нар хараад байж байсан. Бид нар 18 цаг хүртэл тоглосон. Тэгээд тухайн үед Дэлгэрцэцэг манай хоёр хүүхэд утас аваад явсан байна гэж байгаа сонсогдсон. Тухайн үед бид нар лангуугаа хааж байсан. Би маргааш нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед ажил дээрээ ирэхэд Дэлгэрцэцэг, Энхбаяр хоёр “лангуугаа онгойлгоодох гар утсаа орхиод явсан байна” гэж хэлсэн. Тэгээд би лангуугаа онгойлгож үзэхэд манай лангуун дээр гар утас байхгүй байсан... Тэгээд Дэлгэрцэцэгийн хамт явж хяналтын камер шүүж үзэхэд, лангуу руу харсан хяналтын камерт Отгонжаргал босож зогссон, лангууны ард буюу дотор талд би, Бадмаа эгч хамт суусан, Дэлгэрцэцэг багана түшээд суусан байсан. Хяналтын камерт бид нарыг тоглож байхад гадны ямар нэг хүн ирээгүй. Бид нараас Бадмаа эгч хожигдоод түрүүлээд явсан. Бид нар тоглож дуусаад дараа нь лангуугаа хаагаад явсан юм. Дэлгэрцэцэгийн хүүхдүүдийг авч явсан хүн Дэлгэрцэцэгийн гар утсаар яриад буцааж өгөхөд Дэлгэрцэцэг манай лангуун дээр байсан буюу бид нарын тоглож байсан лангуун дээр тавьсан бичлэг байсан. Тэрнээс хойш тухайн утас авч байгаа хүний бичлэг бичигдээгүй, хяналтын камерт ширээ харагдахгүй, Отгонжаргал, Дэлгэрцэцэг хоёр гадна зогсож байсан болохоор хяналтын камерт бичигдсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /,

 

5. Улаанбаатар хотын “Хос итгэл төгс” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/11 дугаартай:

...Гар утас HUAWAI P-40 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн үнэлгээгээр 650.000 төгрөг...гэх дүгнэлт / хх-ийн 60-61 /,

6. Баянхонгор аймгийн Юнител ХХК-н№05-01/1921 дугаартай албан бичгээр:

... 86671305646326 имей кодтой утсанд 88559219 дугаарыг 2022 оны 02 дугаар сарын 06-наас, 866713056419337 имей кодтой утсанд 88999120 дугаарыг 02 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд тус тус хийж ашигласан байна. 88559219, 88999120 Гэрэлт-Од Номунбайгаль ВЮ02282207, Баянхонгор 3-231 тоот...гэх тодорхойлолт /хх-ийн 13/,

7. Баянхонгор аймгийн Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 02 дугаар 22-ны өдрийн 4/1964 дугаартай албан бичгээр:

866713056406326 IMEI  кодтой утсанд манай операторын дугаар ашиглаж байгаа мэдээлэл байхгүй болно..гэх тодорхойлолт /хх-ийн 15-16 / болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 /, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20 /, шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 79 / зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт дэвсгэрт “Баруун бүс”-ийн худалдааны төвд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа гээгдэл эд хөрөнгө болох иргэн *******ийн HUAWAI P-40 маркийн гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь  хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, Улаанбаатар хотын “Хос итгэл төгс” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/11 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхгүй байгаа зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон    

                                                                                           

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг  таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ