Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

2022 оны 05 дугаар сарын 09                  Дугаар 2022/ШЦТ/107                            Номгон

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Прокурор: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр / онлайнаар / нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

1. Шүүгдэгч, *******ын *******, / Регистрийн дугаар; ******* /,

 

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутагт малын бэлчээр дээр байсан иргэн *******ийн сартай хээр зүсмийн хязаалан насны гүү буюу 1 тооны адууг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор өөрийн эзэмшлийн машин механизм буюу улбар шар өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклоор тууж хашиж байгаад хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

...Миний бие Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Доржпагам гэх охинтой үерхдэг юм. Найз охинтой уулзахаар Бууцагаан суманд очдог байхдаа Ганбод гэх хүнтэй  танилцсан юм.Тэгээд түүнтэй  ойр зуурын харилцаатай болоод явж байхад үлдэгдэл мөнгийг өгөхөөр  тохирсон. Хэрэг учрал болсон гэх өдөр би уг нь өөрийнхөө адуунаас Ганболдод өгөх гэсэн боловч адуугаа олоогүй учир тэнд байсан адуунаас бариад өгсөн юм...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 131-132 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би 2021 оны 11 дүгээр сарын 21-нд адуугаа хайгаад явсан. Тэгтэл манай адуу сумын төвд усан дээр ирэх үед нь олж үзсэн юм. Тэгтэл сартай хээр гүү алга болсон байсан. Тэгээд би алга болсон гүүгээ хайгаад 14 хоног Норовлин 3 дугаар багийн нутаг дэвсгэрт болон Бууцагаан сумын  3 дугаар багийн Өлзийт гол гэх газраар хайж явсан тэгээд сураг гараагүй. Одоо идэшний адуу 1.000.000 төгрөгийн үнэтэй  байгаа гэхдээ миний гүү хээлтэй байсан тул 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг / хх-ийн 08-09 /

...Миний алдсан гүү сартай хээр зүсмийн гүү, эм тамга нь зөв талын гуяндаа хятад “Да” үсгэн тамгатай миний алдсан адуу уг нь алдахаас өмнө сумын төвийн худаг дээр ус уучихаад сумын баруун тийш гарч байсан тухайн алга болсон үед сумын урд талаас орж ирсэн. Би урд нь мэдүүлэг өгөхдөө соёолон насны адуу гэж буруу мэдүүлсэн байсан. Харин үнэлгээг гаргахад унагалсан оноос тоолж үзэхэд хязаалан насны буюу 4 настай байсан. Үнэлгээг гаргуулахдаа ч хязаалан насны бүдүүрч байгаа гүү гэж хэлээд гаргуулсан. Тухайн үед хээлтэй гүү байсан учир 1.500.000 төгрөгөөр үнэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 13-14, 18 /,

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...******* надаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед Ганхуяг, ******* нар Готовын дэлгүүрийн хажууд надтай тааралдсан. Тэгтэл ******* надаас "бугуйлын сураа өгөөч ах хөдөө адуу дээрээ байгаа морь барьж авах гэсэн юм аа” гэсэн. Тэгээд бид нар манай гэрт шууд очсон. Тэгтэл манай эхнэр *******, Ганхуяг нарт цай хийж өгсөн. Тэгтэл ******* манай гэрийн баруун талын өлгүүр дээр байсан цагаан өнгийн 2 бугуйл сурыг аваад явсан. ******* хаанаас гэдгээ хэлээгүй “ах адуу дээрээ байгаа морь бар их гэж байгаа” гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /,

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Готовын дэлгүүр орчихоод гэр лүүгээ явах гэж байтал ******* хүрч ирсэн.Тэгээд явж байгаад Даваасүрэнтэй тааралдсан. Тэгтэл ******* Даваасүрэнгээс “бугуйлын сураа өгчих” гэсэн. Тэгтэл Даваасүрэн “чи яах гэж байгаа юм бэ”гэсэн.Тэгтэл ******* "манай ах морь барих гэж байгаа юм аа гэсэн тэгээд бид 3 Даваасүрэнгийн гэрт очсон тэгээд Даваасүрэнгийн гэрт орсон. Тэгээд ******* Даваасүрэнгийн бугуйлын сурыг аваад ганцаараа гараад явсан. ******* Даваасүрэнгийн бугуйлын сурыг авч хаашаа явж байгаа, хаанаас морь барих гэж байгаа талаар юу ч яриагүй..." гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...*******аас манай аав Ганболд идэшний адуу олж өгсөн харин би адууны үнийг нь өгсөн. ******* миний худалдаж авсан адууг өөрийнхөө адуу гэж хэлсэн. Миний худалдаж авсан адууны мах нь идээд дуусаж байгаа харин адуу шир нь хөдөө 5 дугаар багийн Бургас шанд гэх газар байгаа, адууны толгойг тухайн үед нь гэрийн гадаа тавьчихсан байсан чинь нохой идчихсэн байсан. Би *******аас сартай хээр шүдлэн байдас авсан. Эм тамгыг нь анзаарч хараагүй. Тухайн адууг худалдан авсан гэх 500.000 төгрөгөө бэлэн өгсөн. Дансаар явуулах гэсэн чинь дансаар авахгүй гээд бэлэн өгч явуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 29-32 /,

            7. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

...2021 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө ******* над руу утсаар залгаад “та нөгөө идэшний адуугаа ирээд аваадах гэж ярьсан. Тэгээд би “чи наанаасаа унаа олоод өөрөө аваад ир” гэж хэлсэн. Тэгтэл ******* “надад унаа олдохгүй байна та хүрээд ир” гэсэн. Тэгээд би сумын төвөөс
Ганхүлэг гэдэг найзаа гуйгаад 100.000 мянган төгрөгөөр бензин хийгээд хамт Хүрээмарал 3 багийн Дуут гэх газар айлын өвөлжөөний бууц дээр очсон. Тэгээд *******, Ганхүлэг бид гурав 10 гаран тооны адуунаас духан дээрээ тод сартай хээр зүсмийн байдас барьж авсан. Тэгээд машиндаа ачиж аваад шууд Бууцагаан сумын төв орж ирсэн. Тэгээд нөгөө морио хашаандаа 2 хоног уяж гаргах хүн хайгаад олоогүй. Тэгээд би Түмэнцэрэг гэдэг хүүхдээ хөдөөнөөс дуудаж нөгөө морио гаргасан. Тэгээд хөдөө Ариунаа гэдэг хүүхдэдээ адууны махаа арьс ширтэй нь хамт өгч явуулсан. Тэгээд 10 гаран хонгийн дараа нэг хүн утсаар “Ганболд гэдэг хүн мөн үү танай хашаанд сартай хээр байдас уяатай байна гэж хүмүүс хэлсэн та тухайн адууны эм тамгыг ажсан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “эм тамгыг нь ажаагүй 3 сартай охин байдас байсан" гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн “наад ******* чинь манай адуунаас хулгай хийсэн байна” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан. Тэгээд 2 хонгийн дараа ******* манайд ирсэн. Тэгэхээр нь би “*******аа чиний өгсөн ******* "үгүй тэр чинь миний адуу" гээд халгаахгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө морь чинь хулгайн морь байна нэг хүн над руу утсаар ярьсан” гэж хэлсэн. Тэгтэл хүний хэлээд явуулсан. Би *******аас морио бэлэн 500.000 мянган төгрөгөөр авсан. Би тухайн үед худалдаж авсан морио хулгай морь гэж тухайн үед мэдээгүй 10 гаран хонгийн дараа мэдсэн.., ... Тухайн үед би тээврийн хэрэгслийн жолоочийг Ганхүлэг гэж ойлгосон юм аа. Жинхэнэ нэрийг Базарсад гэдэг байсан юм байна лээ андуурсан байна. Ганхүлэг гэж хүн тухайн үед байгаагүй миний бие болох Ганболд, Базарсад, ******* бид 3 байсан өөр хүн байгаагүй. Манайх “идэшний адуу авна" гэж ******* гэх залуутай ярилцаж байсан. Тэгээд 2 хоногийн дараа ******* гэх залуу манай гэр утас руу залгаад “адуугаа олох гээд явж байна олчхоод танайх руу утсаар залгая” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа “адуугаа олсон туугаад явж
байна” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг / хх-ийн 35-36, 39-40 /,

8. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

...2021оны11дүгээр сарын 20-ны өдөр манай хуурай дүү Ганбаатар надад “та Ганболд ахтай хамт явж хүнээс идэшний адууг нь яваад авчраад өгөөч” гэсэн. Тэгээд би Ганболд гэдэг хүнтэй хамт Хүрээмарал сумын Дуут гэх газар луу явж байхад нэг мотоциклтой залуу адуу хураагаад  байж байсан.Тэгээд тэр залуу дээр очоод “нөгөө адуу өгөх хүн мөн үү” гэж асуухад нөгөө залуу “тийм байна” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу Ганболд ахад  хээр зүсмийн хязаалан насны адууг өгсөн. Тэгээд тэр адууг ачаад Бууцагаан сумын төвд ирж Ганболд ахын хашаанд адуугаа буулгаж өгсөн. Тэгээд Ганболд ах идэшний адууг байгаа юм маргааш гаргана гээд үлдсэн. Ганболд тухайн адууг “500.000 төгрөгөөр худалдаж авч байгаа” гэсэн. Адуу өгч байгаа залуугийн нэрийг сайн мэдэхгүй байсан. Тухайн адууг Хүрээмарал сумын Дуут гэх газар айлын эзэнгүй хороон дээрээс авчирсан.Тухайн адууг зарж байсан залуу улаан өнгийн нөмрөгтэй, цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой байсан. Тухайн адууг миний өөрийн эзэмшлийн портер маркийн 38-59 БHA улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж авчирсан. Ганболд гэж хүнтэй ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Би Ганболд гэж хүнийг сайн танихгүй, намайг ч гэсэн сайн танихгүй. Ганбаатар намайг “Ганболд ахыг идшээ авч байгаа гэсэн машин олдохгүй байна. Бензин тосыг нь хийгээд өгчих юм шиг байна” гэж Ганбаатар над руу утсаар ярьж хэлсэн. Тэгээд явж өгсөн юм аа. Харин Ганболд гэж хүн намайг ойлгохдоо Ганхүлэг гэж ойлгосон юм шиг байна
лээ..." гэх мэдүүлэг / хх-ийн 43-46 /,

9. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

....Ганболд ахтай цуг зам дээр ажил хийж байгаад танилцаж байсан юм аа. Тухайн үед намайг Ганболд ах “Хүрээмарал сумаас идэшний адуу ачаад ирэх боломж байна уу” гэж хэлсэн. Тухайн үед би завгүй байсан болохоор Базарсад гэж хүнтэй утсаар залгаад асуусан чинь явахаар болсон. Тэгээд явсан тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ганболд ах намайг Ганбаа гэж дуудаг юм аа тухайн үед би "машин олчихлоо” гэж Ганболд ахад утсаар залгаад хэлсэн юм аа. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Базарсад гэх залууг Ганхүлэг гэж ойлгосон байхаа сайн  мэдэхгүй байна." гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /,

10. “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ТХY-621/2586 дугаартай шинжээчийн:

...Сартай хээр гүү, хээлтэй 1 ширхэг 1.500.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 61-62/

11.  Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн:

...Мотоцикль 460.000 төгрөг..гэх дүгнэлт /хх-ийн 66 /,

12.  Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны  өдрийн 17 дугаартай:

1.  Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургууд дээрх яс нь адуун гавал яс мөн, тухайн адууны гавал ясанд шүдний цөгц, элэгдэл бүрэн дүрслэгдээгүй байх тул нас тогтоох шинжилгээ хийх боломжгүй. Харин шинжилгээнд ирүүлсэн адууны гавал яс, эрүүний ясанд байх шүднүүд нь адууны нас тогтоох шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн адууны гавал яс, эрүүний ясны шүдээр гол үүдэн шүд, дотно, дунд үүдэн шүднүүд нь хэлбэрийн хувьд зууван болж хэлбэржсэн, цөгцний элэгдэл явагдсан байна. Мөн тухайн гавал яс, эрүүний ясанд соёо ургаж гүйцээгүй байх тул тухайн адуу 2-4 настай адуу байна...гэх дүгнэлт / хх-ийн 70-71 / болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зураг /хх-ийн 74-76 / түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутагт малын бэлчээр дээр байсан иргэн *******ийн сартай хээр зүсмийн хязаалан насны гүү буюу 1 тооны адууг өөрийн эзэмшлийн машин механизм буюу улбар шар өнгийн, Мустанг-5 маркийн мотоцикль ашиглаж тууж хашиж байгаад хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон болох нь хохирогч ******* гэрч *******, *******, *******, , нарын мэдүүлэг болон үнэлгээ тогтоосон шинжээчийн ТХY-621/2586, 78 дугаартай дүгнэлт, мотоциклийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол,   шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын малыг машин механизм ашиглаж  хулгайлсан гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ бичгээр гаргаж эрүүгийн хариуцлагын талаарх тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүх прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад хохирогч ******* нь 1 тооны адуугаа авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ ирүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид  төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч ******* нь  хулгайлсан адууг өөрийн эзэмшлийн мустанг маркийн мотоцикл ашиглаж туусан нь тогтоогдсон тул мотоциклийг эд мөрийн баримтаар хүчинтэйд тооцсон Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг мотоцикль буюу түүний үнэ 460.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч ******* нь хулгайлсан адуугаа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат гэгчид 500.000 төгрөгөөр зарж гэмт хэрэг үйлдэж орлого олсон тул түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон тул түүний 6 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх лд нь оруулан тооцлоо.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адууны шир 1 ширхэгийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож адууны ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир 6 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ад нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикл буюу түүний үнэ 460.000 төгрөгийг  шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500.000 төгрөгийг *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адууны шир 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ