Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

2022 оны 05 дугаар сарын 09                     Дугаар 2022/ШЦТ/108                         Номгон

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000113 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ийн ******* / Регистрийн дугаар: ******* /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн “Бэлчир” гэх газар гэртээ өөрийн эхнэр болох *******тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тухайн хэрэг гарах үед манай эхнэр хэрүүл хийгээд намайг сандлаар цохино гээд дайраад байхаар нь би өөрийн эхнэр Бямбаагийн нүүр хэсэгт зүүн гараараа цохисон би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 02 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед манай нөхөр
******* бид хоёр хамт Баян-Овоо сумын 3 дугаар багийн “Бэлчир” гэх газарт гэртэй байж байсан чинь манай нөхөр ******* над руу "Чи зайл миний бие өвдөөд байна чи хараал хийгээд байгаа юм уу?” гээд над руу уурлаад дайраад хараалын үг хэлээд байхаар нь би тухайн үед үнэхээр тэсэхгүй “Би чамайг цагдаад өгнө шүү би одоо үнэхээр чиний гарын аяыг даахгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд би хоёр хэсэг хэрүүл хийгээд хэрүүл нь гайгүй болоод байж байхад миний хажуугаар манай нөхөр ******* зөрөх шиг болсон чинь нүүр хэсэг рүү гараараа цохисон тухайн үед би манараад миний нүднээс цус гараад байхаар нь гэрээс гараад зугтаасан чинь ард талаас хөөж ирээд миний хоёр хөл хэсэг рүү өшиглөөд газар чирээд байж байхад манай нөхөр *******ын төрсөн эгч ирээд салгаад аваад явсан. Тэгээд би тухайн үед гэртэй орж ганцаараа хоноод маргааш өглөө нь Баян-Овоо сумын дээр замын унаа+.нд сууж ирээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
...гэх мэдүүлэг / хх-ийн 05-06 /

 4. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 193 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно...гэх дүгнэлт / хх-ийн 25-26 /, болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн “Бэлчир” гэх газар гэртээ өөрийн эхнэр болох *******тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь  хохирогч *******гийн мэдүүлэг, 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн шинжээчийн 193 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

                                                                                                 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ