| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2018/00286/и |
| Дугаар | 528 |
| Огноо | 2018-05-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 528
| 2018 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 151/ШШ2018/00528 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, 2-р баг, Мандал малчдын хороо 1 гудамж, 18 тоотод оршин суух, 25 настай, эмэгтэй, Т.Н ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, 1-р баг, Өгөөмөр замын урд хэсэг 2 гудамж, 8 тоотод оршин суух, 29 настай, эрэгтэй, Б.Н д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 1 дүгээр сараас эхлэн Нтэй үерхэж 5 сар хүртэл хамт байсан ба энэ хугацаанд жирэмсэн болж 2015 оны 11 дүгээр сарын 12-нд хүү Ж төрсөн. Б.Н нь жирэмслэлтийг эхлээд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Бид хоёр ярилцаж байгаад хүүхдээ гаргаж хамт амьдрахаар шийдтэл эцэг эхээс нь бид хоёрыг суулгахгүй хүүхдийг авхуулна гэсэн шийдвэр гарч Н мөн гэрийнхэнтэйгээ бодол нь нийлж бид хоёр салсан. Ингээд Н манай ээж бид гурав 2015 оны 4 дүгээр сард үр хөндөлт хийлгэхээр эмнэлэгт очтол хүүхэд 3 сартай үр хөндөлт хийхгүй гэж эмч хэлсэн. Хүүгээ төрснөөс хойш Н хүү дээрээ ирээгүй. Гэрлэлтийн баталгаагүйн улмаас хүүгээ өөрөөрөө овоглосон. Иймд хүү Жийн эцэг нь Б.Н мөн болохыг тогтоож, хүүд минь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж хүүхдийн эцгийн талаар надад маргах зүйл байхгүй. Хүүхэддээ тэтгэлэг өгөхөд татгалзах зүйл ч байхгүй. Өөрөө шүүх хуралд оролцох боломжгүй тул миний өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмааг оролцуулж өгнө үү гэжээ.
Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Н нь Б.Нд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ. /хх 1/
Хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлага эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлсэн байна. /хх-14/
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараас харахад Т.Н, Б.Н нарын дундаас 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ж төрсөн байна. /хх 4/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ”, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 25 дугаар зүйлийн 25.3-д “эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэж тус тус заажээ.
Иймд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн хүү Н.Жийн эцэг Б.Н мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Жын эцэг нь Б.Н мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Жтыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насан хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Нөөр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.036 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Нөөс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, нийт 100.036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Нд буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Б.Насан-Өлзий нь сайн дураараа биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ