Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 545

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2018/00545

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Алтантуул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Баянбулаг ганга 2  дугаар гудамж, 02 тоотод оршин суух, эмэгтэй, А.Ц -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 1 дүгээр баг, Буурал, билүүт 16 гудамж, 05 тоотод оршин суух, Б.Р -д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Ц нь 2014 оноос хойш Б.Ртай танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр охин Э төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос хойш салж тусдаа амьдрах болсон тул охин Эд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Р нь шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Р нь аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй болно. А.Цтай 2015 оны 6 дугаар сард танилцаад 2015 оны 7 дугаар сараас үерхэж эхэлсэн. Тодорхой шалтгааны улмаас салсан. Салснаас хойш хүүхэдтэй болсноо мэдсэн. Тухайн үед 6 сартай байсан. Бид гэрлээгүй бөгөөд хамтран амьдраагүй. Тус тусдаа байдаг байсан. Асрамжийн хувьд гаргах, маргах зүйл байхгүй. Ээж нь хүүхдийг өгөх хүсэлтэй бол хүүхдийг авна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх, зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Б.Рд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын дундаас 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү Ц Э төрсөн байх ба хариуцагч Б.Р нь хүүхдийн эцэг мөн, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2015 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр охин Ц.Э төрсөн нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 7/-аар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр хуульд заажээ.

            Иймд хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул охин Ц.Эийг эцэг Б.Ргаар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч Б.Ргаас 28.209 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Цд олгох нь дээрх хуулийн заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

            ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Ц Э / ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод

 

түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Р -аар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Цгийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ргаас 28.209 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Цд олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Б.Р сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУУЛ