Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2018/00566

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Алтантуул даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянжаргалан сум, 2 дугаар баг, Улаан ухаа гэх газар оршин суух, эмэгтэй, П.Ц гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, 2 дугаар баг, Улаан ухаа гэх газарт оршин суух хаягтай, түр оршин суух хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 29 дүгээр баазын 1-1 тоотод оршин суух, эрэгтэй, Б.Д д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, түүний өмгөөлөгч П.Ганбаатар, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч П.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 онд өөрийн нөхөр Б.Дтэй анх танилцаж, 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж тусдаа гарсан юм. Улмаар бидний дундаас 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.Э төрсөн юм. Одоогоор миний бие Швед улсын Стоколм хотод хүү Д.Эийн хамт амьдарч байгаа ба хүү маань цэцэрлэгт явж, эрүүл саруул амьдарч байгаа. 2013 оноос манай нөхөр Б.Д бид хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч эхэлсэн. Б.Д нь архи их ууж агсам согтуу тавих, хааяа гар хүрэх зэргээр аашилдаг байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон эд зүйлс байгаа боловч эдгээрт миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй болно. Төрсөн хүүгээ өөрийн гар дээрээ өгсөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Хамгийн гол нь хүүхдийн эрх ашиг чухал байдаг болохоор миний бие нилээд сайн бодож үзсэний эцэст ийм шийдвэрийг гаргаж байгаа юм. Би хүүхдээ төрсөн эцгийг нь хүссэн үед нь цахим сүлжээгээр ярилцах, биеэр уулзах боломж нөхцөлөөр хангахад татгалзах зүйл

 

байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүхээс хүсэхэд нөхөр болох Б.Д бид хоёрын гэрлэлтийг хуульд зааснаар цуцалж, хүү Д.Эийн асрамжийг ээж П.Ц миний асрамжинд үлдээж өгнө үү гэж хүсч байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй, мөн хүүхдийн тэтгэлэг хэн алинаасаа нэхэмжлэхгүй болно гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цтай ярилцах харилцахад хол байгаа учир ойлголцох нөхцөл байдал хомс, учир зүйгээ олоход хэцүү байгаа. Өөрөө хэлэхдээ Швед улсад татвар төлж байгаа учир хүүхдийн мөнгө их хэмжээний мөнгө авдаг тэрийг авах хэрэгтэй байна. Тийм учраас салгах хэрэгтэй байна гэсэн зүйлийг ярьсан. Өөр тодорхой ярьсан зүйл байхгүй. Миний бодол бол өөрийг нь ирсэн хойно уулзаж учирч байж шийдмээр байсан боловч хүүгээ бодоод тэр мөнгийг авах хэрэгтэй байна гэсээр байгаад зөвшөөрөхөд хүргэж байна. Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх, зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь Б.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч П.Ц нь ГХ -д 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3 жил, мөн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон байна. /хх-12, 19/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2006 онд танилцаж, 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, тэдний дундаас 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.Э төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/-аар тогтоогдож байна.

 

Зохигчид 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хүү Д.Э бага насны, төрснөөс хойш эх П.Цгийн асаргаанд байгаа одоо Швед улсад эхийн хамт амьдарч байгаа, мөн түүнчлэн хариуцагч Б.Дгийн “эхийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа” байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, хүү Д.Эийг эх П.Цгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн тухайд: нэхэмжлэгч П.Цэгмэгмаа, хариуцагч Б.Д нар нь 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан

 

 

тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч П.Ц нь одоо Швед улсын Стокгольм хотод хүүгийн хамт амьдарч байгаа, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжгүй байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг мөн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч цаашид хамтран амьдрахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар П.Ц, Б.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.Эийг эх П.Цгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Дгээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Цд олгож, хүүхдүүдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон Б.Дгээс 28209 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Лхамд даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУУЛ