Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 752

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 17 өдөр

  Дугаар 151/ШШ2018/00752

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум 1 дүгээр баг, Мандал Уйлант 6 дугаар гудамж, 57 тоотод оршин суух, 55 настай, эрэгтэй, Б П ын,

 

Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Эрүүл мэндийн төвд холбогдох

 

Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.677.955 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн А.Мөнхтулга, хариуцагч Н.Н, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Уртнасан нар оролцов.

                                                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж жолоочоор тасралтгүй 7 жил ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа онц тээвэрчин, 2017 оны байгууллагын аварга, шилдэг ажилчин болж байсан. Ээлжийн жолоочгүй ганцаараа гарсан бүх дуудлагад явж өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажилладаг байсан. Гэтэл Н.Н дарга 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өглөө над руу утасдаад та ажлаа хийгээч гэж хэлсэн. Би амралтын өдөр шүү дээ, би шөнө 4 дуудлагад яваад ирсэн гэж хэлсэн. Тэгтэл намайг 2017 оны 6 дугаар сард шинээр орж ирсэн пургоныг халаасангүй, мөн ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр утастаад машин болон грашны түлхүүр аваад ир гээд тэр өдөр нь аваачиж өгсөн. 2018 оны 1 дүгээр сарын 9,10,11-ний өдрүүдэд ажил дээрээ байсан. Бие өвдөөд байсан болохоор эмчилгээ дусал хийлгээд эмнэлэг дээр байж байсан. Надад ажилд орсноос хойш хийсэн бүх ажил дэвтэр дээр бичээстэй байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн Төв аймаг, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн жолоочоор ажиллаж байсан. Энэ хүнийг халсан 2 тушаал буюу акт байж байгаа. Эхнийх нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Б/01 дугаартай Б.Пд сахилгын шийтгэл ногдуулах тухай байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар сахилгын шийтгэл ногдуулах гэж ойлгогдохоор байгаа. Гэтэл хэд дэх заалтаар яаж сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхой бус байгаа. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.3 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Тухайн заалт нь эмч эмнэлгийн ажилтны хэм хэмжээг зөрчих гэж байгаа үүнийг юу гэж байгаа нь тодорхойгүй. Байгууллагын нэр хүнд гутаах, эрүүл бус яриа гаргах, хов хөөцөлдөх гэх мэт зүйлүүд байгаа. Жолооч яг аль зүйлийг нь зөрчсөн мэдэгдэхгүй байгаа. Дараагийн ажлаас халсан Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/05 дугаартай тушаал. Тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан байгаа. Гэтэл өмнөх тушаалын 6.2.3 дахь заалтыг дахин үндэслэсэн байдаг. Цаашлаад дотоод журмын 6.2.1-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гээд байгаа үүнийгээ тогтоогоогүй. Цаашлаад мөн дотоод журмын 6.2 дахь заалтыг хэрэглэсэн байдаг. Үүнийг зөрчсөн гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахаар дотоод журамд нь заасан байгаа. Хууль хэрэглээний маш том алдаа зөрчил гарч байна. Иймд үндэслэлгүй тушаал гаргаж Б.Пийн эрхийг зөрчсөн байх тул Б.Пийн Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.667.955 төгрөг гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх магадлан ирнэ гээд өдөр шөнөгүй хонож ажилласан байгаа. Бүгдэд нь ажил даалгаж өгсөн. Гэтэл Б.Птой утсаар ярихад миний бие өвдөөд байна гээд ирэхгүй байсан. Утсаар ярьсны дараа ажил дээр ирээд над руу дайраад байсан. Тэгээд 9,10,11-ний өдрүүдээр ажилдаа ирээгүй. Тэгээд Засаг даргад хандаад 3 өдрийн дуудлагад 2 хоногт нь Засаг даргын жолооч, нэг хоногт нь манай үйлчлэгч Алтангэрэл гэж хүн дуудлагад явсан. Эмчлүүлэгчийн дэвтэр дээр Нандинцэцэг эмчид үзүүлээд явсан байгаа. Үүнийг нь батлах тамга тэмдэг байхгүй байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сахилгын арга хэмжээ авахад ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг. Үүнийг зөвшөөрсөн гэж үзээд нэхэмжлэл дээр дурдаагүй зүйлийн талаар ярьмааргүй байна. 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/05 дугаартай ажлаас халсан тушаал гарсан байгаа. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дугаар зүйлд зааснаар ажлын цагийг 3 дээш цаг тасалсан бол, ёс зүйн зөрчил гаргасан бол гэж байгаа. Давхар ёс зүйн зөрчил гаргасан нь байгууллагын хурлын тэмдэглэл дээр бичигдсэн байгаа. Дуудлагатай гээд явсан, ирээд бид нартай ажил хийгээгүй гэж хэлсэн үг байгаа. 9,10,11-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй, ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Өмгөөлөгч нотлох баримт байхгүй гээд байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нээсэн цагийн бүртгэл дээр 6,7,8,9,10,11 гээд 5 өдөр ажил таслаад алга болчихсон. Эмчид үзүүлсэн гэж байгаа. Түүнийг нь Нандинцэцэг гэж эмч үзээд даралт ихэссэн гээд л бичсэн өөр гарын үсэг, тамга, тэмдэг байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Яаралтай тусламж үйлчилгээний 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн баримт байгаа. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу түргэний машины дулаан байдлыг хангаагүй гэх үндэслэлээр халсан байгаа. Манай гол нотлох баримт нь цагийн бүртгэл байгаа гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.П нь Төв аймаг, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 1.677.955 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргаж, түүнийгээ шүүх хуралдаанд дэмжсэн. /хх1-2/

 

Хариуцагч Төв аймаг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, түүнийгээ шүүх хуралдаанд дэмжсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон ба хуульд заасан дээрх үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. 

 

Нэхэмжлэгч Б.П нь Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар тушаалаар тус төвийн жолоочийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус төвийн даргын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Дээрх үйл баримтын талаар, Төв аймаг, Батсүмбэр сумын Эмнэлгийн эрхлэгчийн 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар тушаал, Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/05 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам тус тус хэрэгт авагджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв Б.Пийг жолоочоор авч хөдөлмөрийн гэрээг байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд ажил олгогч нь ажилтантай 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулан, уг гэрээг хугацаагүйгээр байгуулжээ.

 

Шүүх шийдвэрээ дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд

 

1. Хөдөлмөрийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 40 дүгээр зүйл “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болно”,   хуулийн 131 дүгээр зүйл “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл, 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж тус тус заасан байна. 

 

Ажил олгогчоос гаргасан 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/05 дугаар тушаал нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт буюу хуулийн 40 дүгээр зүйлд нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл: Ажил олгогч буюу /Төв аймаг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв/ нь ажилтан Пийг ажлаас халахдаа хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-ийн аль тохирох үндэслэлд ажилтны гаргасан зөрчил нь тохирч байгаад нийцүүлэн үүрэгт ажлаас чөлөөлөх байтал хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д сахилгын шийтгэл оногдуулах хуулийн заалтаар ажил олгогчийн санаачилгаар ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

 

Хуульд нийцэхгүй ажил олгогчийн шийдвэр нь хууль бус юм.

 

Хэдийгээр, хоёр талын гэрээнд нэг тал үүрэг зөрчсөн тохиолдолд уул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, эсхүл цуцлахаар шаардах эрх нөгөө талд байдаг хэдий ч ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан үндэслэл бүхий шийдвэр /тушаал, захирамж / гаргах нь ажил олгогчийн үүрэг болно.

 

Иймд ажил олгогчоос Батсүмбэр сумын Эрүүл мэндийн жолооч Б.Пийг үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэстэй.

Нэхэмжлэгч Б.П нь ажилгүй байсан хугацааны олговорт 1.677.955 төгрөгийг шаардаж байна.

 

Нэхэмжлэгч буюу ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хэрэгт өгөөгүй нь нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэхэд саад учруулахгүй. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж заасан.

Нэхэмжлэгчийн буюу ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох нийгмийн даатгалын дэвтэр хэрэгт авагдаагүй ч гэсэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн цалингийн цэсний бичилтийг харьцуулан, ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5 ны өдрийн 555 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тодорхойлсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46 дугаар зүйлийн 46.2-д “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй, гэсэн байдаг тул Б.Пийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй. 

 

Хэрэгт байгаа бичгийн зарим нотлох баримт эх хувиар эсхүл хуулбар, нотариатаар гэрчилүүлсэн хэлбэрээр байгаа хэдий ч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуулиар зөвшөөрөгдөөгүй нотлох баримт гэж үзэж 7, 8, 9, 10, 13-14, 15-16, 17-20, 21-23, 99 талд авагдсан нотлох баримтуудыг хассан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б.Пийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх ажлын 116 хоногийн олговорт 1.677.955 /нэг сая зургаан зуун далан долоо мянга есөн зуун тавин таван/ төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Пид олгосугай.

 

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Пийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд хариуцуулсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвөөс 41797 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэргийн 7, 8, 9, 10, 13-14, 15-16, 17-20, 21-23, 99 дүгээр талд авагдсан бичгийн баримтуудыг нотлох баримтаас хассугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ гаргах авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ