Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 126/2023/0078/З |
Дугаар | 221/МА2024/0189 |
Огноо | 2024-03-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0189
Б.Н гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Д
Гуравдагч этгээд: Д.Х
Гуравдагч этгээд: П.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь хэсгийг тус тус илт хууль бус захиргааны актаар тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Гуравдагч этгээд Д.Х
Гуравдагч этгээд П.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тэмүжин
Хэргийн индекс: 126/2023/0078/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н-гаас хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь хэсгийг тус тус илт хууль бус захиргааны актаар тогтоолгох”-оор маргасан байна.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэг,Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн 6 дахь хэсгийг тус тус илт хууль бус захиргааны актаар тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсгийн хүчинтэй байдал нь нэхэмжлэгч Б.Н-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ӨМЧЛӨХ ЭРХ”-ийг хөндөж байна. Нэхэмжлэгч Б.Н нь 1994 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд байрлах хуучин худалдаа бэлтгэлийн трестийн орон сууцыг 1994 онд 9 хүний 27 ягаан тасалбараар худалдаж авсан. Улмаар дүү Б.Н ийн хамт 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцанд Ү-1701000147 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ авч байсан ба дүү Б.Н ийг нас барсны дараа 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр гэрчилгээ авч байсан бөгөөд уг гэрчилгээг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Б.Н Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр тухайн орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгосон байдаг. Ингээд орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргахад тухай орон сууцны зүүн хэсгийн доорх газар иргэн Б.Д гийн нэр дээр байгаа учраас орон сууцанд бүхэлд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах боломжгүй болсон юм.
3.2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдийн хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч Б.Н нь дээрх асуудлаас үүдэн орон сууцаа бүртгэлжүүлж, захиран зарцуулах боломжгүй болоод байгаа юм. Түүнчлэн иргэн Б.Д гийн газар нь өнөөдрийн байдлаар П.Д гэх хүнд шилжсэн байгаа бөгөөд П.Д нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Н гийн орон сууцыг албадан буулгах буюу газар чөлөөлүүлэх хүсэлтийг өгсөн байгаа нь нэхэмжлэгчийн өмчийн бүрэн бүтэн байдал, өмчөө эзэмшиж, ашиглах эрхийг ноцтой хөндөж байна. Тийм байхад шүүхээс маргаж буй захиргааны актыг нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.3. Шүүхэд цугларсан нотлох баримтуудаас харахад Б.Д нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрын эзэмшигч болсон байдаг. Харин нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө Б.Д г газар эзэмшихээс өмнө буюу 1980-аад онд баригдсан, 2010 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан, бүртгэлтэй эд хөрөнгө байсан. Гэтэл тухайн эд хөрөнгийн доорх газрыг 2011 онд Б.Д д олгосон нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм.
3.4. Мөн шүүхийн шийдвэрт захирамжуудын илт хууль бус болохыг тогтоолгосноор ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан. Нэгэнт маргаан бүхий акт эрх зүйн үйлчлэлгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч Б.Н орон сууцны доорх газрыг өөрийн нэр дээр авах боломж бүрдэх учиртай. Ингэснээр дээр дурдсан нэхэмжлэгчийн өмчлөх эрх сэргэх юм. Энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлаж ярьсан боловч үүнийг яаж үгүйсгэж байгаагаа шүүхийн шийдвэртээ тусгаагүй байна.
3.5. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8-д “...мөн уг газрыг эзэмшихээр Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад хандаж байгаагүй” гэжээ. Тухайн газар Б.Д гийн эзэмшилд байдаг гэдгийг нэхэмжлэгч тал 2017 онд мэдсэн байдаг ба 2011 онд нэгэнт олгосон газрыг эзэмшье гэж хүсэлт гаргах нь үндэслэлгүй юм. Харин газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад удаа дараа гаргаж байсан нь хэрэгт авагдсан байдаг.
3.6. Түүнчлэн Б.Д д газар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2011 оны А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт болох нь тодорхой, шүүх өөрөө ч үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Б.Н гийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тал дээр үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх Б.Н гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 134 дэх хэсэг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь хэсгийг тус тус илт хууль бус захиргааны актаар тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
3. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий дүгнэлт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх учиртай.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 135 дугаарт Хөвсгөл аймгийн Хатгал сумын 1 дүгээр хороо, 01-02 тоот хаягт байрлах 800 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Н-д, мөн захирамжийн хавсралтын 134 дугаарт тус сумын 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 м.кв газрыг иргэн Б.Д д тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд харин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжаар Б.Д гийн эзэмшлийн 749 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Д-ийн Х-т шилжүүлэхээр, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/50 дугаар захирамжаар тус газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Х-аас П-ын Д-д эзэмшүүлэхээр тус тус шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 0378352 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын 210102635 дугаартай газрын байршлын кадастрын зураг, Б.Д д газар эзэмшүүлсэн 000669205 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б.Д гийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг гэсэн баримтуудаар Б.Н , Б.Д нар нь 2011 оноос хойш Хөвсгөл аймгийн Хатгал сум, 1-1-3, 1-1-2 хаяг бүхий өөр нэгж талбарын дугаартай газартай болох нь тогтоогдож байна, ... гуравдагч этгээд Д.Х нь өв залгамжлалын журмаар шилжүүлэн авсан, улмаар гуравдагч этгээд П.Д нь уг газрыг шилжүүлэн авсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй” гэх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
6. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байна.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00028 дугаартай шүүхийн шийдвэрээр “...Б-ын Н-г Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 1 тоотод оршин суух 3 айлын зориулалттай 108 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож...” шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээдийн эзэмшлийн газрыг бүхэлд нь эсхүл уг шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгосон орон сууцны доорх газрын хэмжээгээр хүчингүй болгуулах эсэхийг тодруулах шаардлагатай.
8. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт “...уг газрууд нь ямар нэг хэлбэрээр давхцаагүй хөрш зэргэлдээ газрууд байсан болно” гэж дүгнэсэн боловч дээр дурдсанчлан тухайн газрын хэмжээг хэрхэн тодорхойлж нэхэмжлэл гаргаж байгааг шүүх тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
9. Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан маргаан бүхий актуудыг илт хууль бус захиргааны актаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх боломжгүй гэж үзэхээр байна.
10. Мөн нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар тайлбарлаж байгаа тухайн тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд захиргааны байгууллагын шийдвэр хэрхэн халдаж байгаа талаар тодруулж, хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
11. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсгээр Б.Д гийн эзэмшлийн газрын эрхийг Д-ийн Х-т шилжүүлэхдээ үндэслэлгүйгээр газрын хэмжээг нэмэгдүүлэн 749 м.кв болгон манай байшинтай давхцуулан олгосон гэж тайлбарлаж байх тул гуравдагч этгээдээс маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэн авахдаа тус газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан эсэхийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулах шаардлагатай байжээ.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна, 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан.
13. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримттай холбогдуулан нотлох баримт дээр тулгуурлан хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт өгөх, хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
14. 1 дүгээр хавтас хэргийн 223-229, 235-241, 248-250 дугаар талд авагдсан баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА