Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

2022 оны 06 дугаар сарын 06                Дугаар 2022/ШЦТ/120                              Номгон

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,

Нарийн бичгийн дарга: Х.Дамбажав,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000119 тоот хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогтой *******ын *******, / РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Алзахгүй" дэлгүүрийн гаднаас иргэн *******гийн "Ниссан Эдван" маркийн 73-65 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, нэг газраас нөгөө газарт хүрэх зорилгоор авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2 найз болох цэргийн он жавууд дуудаад байхаар нь би Баянхонгор сумын 9 дүгээр баг баруун талд байх нэг саадан дотор уулзаад би нэрийг нь санадаггүй нэг нь манай эгчийнд оръё гээд байхаар нь тэднийд ортол эгч нь гээд нэг эгч 3 хүүхэдтэйгээ байсан. Тэгээд тэр эгч 3 хүүхдээ сургуульд нь хүргэж өгнө гээд явсан юм. Тэр хойгуур нь бид гурав 3 шил архи хувааж уучихаад бид гурав тэр айлаас гараад манай 2 найз гэр рүүгээ явлаа гээд явсан юм. Би тэрнээс гараад “Алзахгүй” гэх дэлгүүрийн гаднаас хүний машин унаад нэг мэдсэн амьчуулын тойргийн хажууд ирсэн айлын хашаа мөргөсөн байсан юм. Тэгээд тэрнээс гараад би цагдаад баригдсан юм. Хаагуур  яаж явснаа би санахгүй байгаа юм. Би огт жолоонд суугаагүй юм. Тэр машин дэлгүүрийн гадна асаалттай байхаар нь би шууд унаад яваад өгсөн юм. Машин дотор нь хүн байгаагүй юм...гэх мэдүүлэг / хх-ийн 59-62 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

3. Хохирогч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Би тэр өдөр гэртээ нэлээн орой болсон байхад манай хашаанд байдаг айлын хүн над руу утасдаад хашааг чинь машин дайрчихлаа гэж хэлэхээр нь яваад очтол хашааг дайрчихсан байсан. Тэр хашааг дайрсан хүн тухайн үед байгаагүй... Ниссан Эдван маркийн автомашин байсан. Өнгө болон улсын дугаарын санахгүй байна. Хашааны арын хэсэг рүү мөргөсөн байсан. Хашааны хойд талын нэг булан эвдэрсэн. Байшингийн баруун хойд булан дотогшоо цөмөрсөн байдалтай байсан. Одоо хашааныхаа хохирлоо нөхөн төлүүлэх саналтай байна. Үнэлгээгээр гарсан 567,000 төгрөгийг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг/ хх-ийн 29-30 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Миний эзэмшлийн хашаа Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны 1 тоотод байдаг бөгөөд манай хашааг дайрсан байсан, би хашаа дайрч эд хөрөнгө устгасны мөнгө 567.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

5. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед ажил тарч гэртээ
харих замдаа ""Алзахгүй" дэлгүүрт орж хэрчсэн гурил авахад удахгүй юм чинь гэж бодоод өөрийнхөө 73-65 БНХ улсын дугаартай Ниссан Эдван маркийн машиныг асаалттай орхиж дэлгүүр ороод гарч ирэхэд машин байхгүй байсан. Тэгээд хулгай авсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэрнээс хойш цагдаа ирээд дэлгүүрийн камерыг шүүхэд цэнхэр дээлтэй согтуу хүн унаж явж байхыг харсан...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

....2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ харих замдаа Баянхонгор 9 дүгээр багт байх “Алзахгүй” дэлгүүр орж юм авахаар эхнэр Должинсүрэнгийн хамтаар орсон. Дэлгүүр ороод удалгүй гарч ирэхэд миний 73-69 БНХ улсын дугаартай Ниссан Эдван маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Дэлгүүрт орохдоо машинаа асаалттай орхисон байсан юм. Тэгээд байхгүй байхаар нь эхнэр цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд дэлгүүрийн камер шүүж харахад цэнхэр дээлтэй нөхөр унаж байгаа бичлэг харагдсан. Тэгтэл удалгүй айлын хашаа мөргөсөн байна гэж цагдаа хэлэхэд би явж очиход Баянхонгор сумын 5 дугаар баг 1 дүгээр гудамжинд байх айлын хашааг миний машинаар мөргөж машиныг минь эвдэлсэн байна..гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /

7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

.... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн орчим Баянхонгор сумын 5 дугаар баг 1-1 тоот хашааны ар талын банзан хашааг машинтай хүн ирж мөргөсөн. Намайг гарч ирэхэд нэлээн согтуу байдалтай цэнхэр дээлтэй хүн дайрчихаад ухарч байснаа буцаж дайраад эргэж гудам уруудаад явсан. Би тухайн үед "яаж байгаа юм бэ сумын гэж хэлсэн миний хэлсэн үгийг сонсоогүй байх их согтуу байсан. Би шууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хашааны нэг хавтан шонг эвдэлж хэмхэлсэн. Банзан нь цаашаа цөмөрч орсон. Зарим нэг банз дундуураа хугарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 /

 8. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн:

1. Ниссан эдван маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 6.800.000 төгрөг,

2. Ниссан эдван маркийн тээврийн хэрэгслийн хохирол 650.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 43 /,

9. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн:

1. Хашааны банз 1 ширхэг 9.000 төгрөг нийт 31 ширхэг 279.000 төгрөг,

2. Хашааны шон 1 ширхэг  13.000 төгрөг,

3. Зуны сууцны палк 1 ширхэг 20.000 төгрөг,

4. Хадаас 1 кг 2.500 төгрөг, нийт 2 ширхэг 5.000 төгрөг,

5. Зуны сууцны орос фанер 1 ширхэг 20.000 төгрөг,

6. Ажлын хөлс 150.000 төгрөг нийт 567.000 /таван зуун жаран долоон мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 51 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Алзахгүй" дэлгүүрийн гаднаас иргэн *******гийн "Ниссан Эдван" маркийн 73-65 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явахдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны 1 тоот буюу иргэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн хашааг дайрч бусдын эд хөрөнгийг устгасан гэх үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь  хохирогч *******, *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 88, 89 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ******* нь  авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  шүүгдэгч *******ид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “..эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь иргэн *******гийн "Ниссан Эдван" маркийн 73-65 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явахдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны 1 тоот буюу иргэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн хашааг дайрч бусдын эд хөрөнгийг устгасан боловч санаа зорилгын хувьд санаатай бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх үндэслэл тогтоогдоогүй, авто тээврийн хэрэгслийг авч явахдаа осол гаргасан байх тул түүнд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгасан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний 81 дүгээр захирамжаар түүнд урьд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж Баянхонгор аймгийн хилийн цус дотор зорчих үүргийг хүлээлгэсэн байна.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдөр 235 хоногийн ялыг эдэлж 495 хоног буюу 1 жил 04 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй байсан нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтоор нотлогджээ.

Иймд шүүх шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ял оногдуулж    өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 04 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг    нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 650.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь 567.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ээс 650.000 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг шинэ суурьшлын бүсэд    оршин суух ВЭ85121464 регистртэй 99291164 утастай Мажгар овогт Цэдэндамбын Должинсүрэнд, 567.000 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9.1.35 тоотод оршин суух ВТ87033019 регистртэй, 88042066 утастай  Боржигон овогт Дэмбэрэлийн Бат-Эрдэнэд  олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зорих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.16.12 тоотод хашаанаас Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, 7 дугаар багийн өрхийн эмнэлэг, багийн төв, Буянт Богд зах, Төв зах зэрэг газраар зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналтыг дахин тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.                                                                                                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг авто тээврийн хэрэгслийг зөвших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн нэг жил дөрвөн сар арав  / 01 жил 04 сар 10 хоног /- хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жил зургаан сар арав / 01 жил 06 сар 10 / хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэг *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.16.12 тоот хашаанаас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, Баянхонгор сумын 7 дугаар багийн төв, өрхийн эмнэлэг, Буянт богд зах, Төв зах зэрэг газраар зорчих үүргийг хүлээлгэж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 567.000 төгрөг гаргуулж хохирогч *******д тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ