| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2018/00417/И |
| Дугаар | 350 |
| Огноо | 2018-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 350
| 2018 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2018/00350 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, горький 8 гудамж, 199 тоотод оршин суух Харчу овогт Сарантуяагийн Өлзийбаатар /ЙО88040235/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, 1 дүгээр баг, Өгөөмөр 8 гудамж, 30 тоотод оршин суух Боржигон овогт Мөнхзаяагийн Билгүүн /НЙ94113002/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагч М.Билгүүн, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Өлзийбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие М.Билгүүнтэй 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг 03 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэйгээр байгуулсан. Гэтэл зээлдэгч М.Билгүүн нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй үндсэн зээл, зээлийн хүүг одоог хүртэл төлөхгүй намайг хохироосоор байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. 3 сарын хүү 750 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, үндсэн зээл 5 000 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг М.Билгүүнээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Өлзийбаатар нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийг сарын 5%-н хүүтэй 3 сарын хугацаатайгаар иргэн М.Билгүүнд зээлж, зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хугацаа 11 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. Үүнээс хойш зээлдэгч нь зээлдүүлэгчид өдийг хүртэл огт мөнгө төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 5 000 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, алданги болох 1 750 000 нийт 7 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч М.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Өлзийбаатартай 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийг сарын 5%-н хүүтэй 03 сарын хугацаатайгаар зээлсэн. Ингэхдээ нэхэмжлэгч С.Өлзийбаатарыг 2 өрөө байранд сарын 500 000 төгрөгөөр бодож, зээлсэн мөнгөнийхөө хүүд суулгасан юм. Тэгээд зээлийн гэрээ 11 дүгээр сарын 04-нд дууссан. Тэгээд 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар гэрээг сунгасан. Үндсэн зээл болох 5 000 000 төгрөг дээр маргах зүйл байхгүй. Ойрын хугацаанд төлж барагдуулна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ойлгож байгаагаар талууд бол 5%-н хүү тооцох гэрээ байгуулсан. Энэ 5%-н хүүдээ байрандаа суулгасан. Цаашдаа хүү тооцохгүй гэж аман гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс эхний 03 сарын хугацаанд хүү тооцохгүй гэж тохирсон учраас нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хүү төлөх боломжгүй юм” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Өлзийбаатар нь хариуцагч М.Билгүүнээс зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын хуульд заасан журмын дагуу цуглуулж ирүүлсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
С.Өлзийбаатар М.Билгүүн нар нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай тохиролцон зээлийн гэрээ байгуулж мөнгийг шилжүүлж, М.Билгүүн нь уг мөнгийг хүлээн авчээ. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
Зээлийн гэрээнд талууд гэрээний гол нөхцлийг тохирч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба 5 000 000 төгрөг зээлсэн болон гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд зөвхөн хүү 750 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг төлөх эсэх дээр маргаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрхи зээлийн гэрээг байгуулаад түүний хүүний төлбөрт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны 72 тоот хоёр өрөө орон сууцыг 3 сарын хугацаатай түрээслүүлэхээр амаар тохиролцсон байх ба энэ талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа уг байрны төлбөрт тооцох ёстой зээлийн хүүг нэхэмжилсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагад алданги тооцохдоо шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 66 хоног хугацаа хэтрүүлсэний алданги 1 650 000 төгрөг нэхэмжлэх байтал 100 000 төгрөг илүү нэхэмжилжээ.
Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас илүү буюу үндэслэлгүй нэхэмжилсэн 850 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үлдэх үндсэн зээл 5 000 000 төгрөг, түүний алданги 1 650 000 төгрөг нийт 6 650 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус зааснаар С.Өлзийбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас 850 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 6 650 000 төгрөг хариуцагч М.Билгүүнээс гаргуулж нэхэмжлэгч С.Өлзийбаатарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Билгүүнээс 121 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Өлзийбаатарт олгосуай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ