Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2018/00392

Төв аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийж 151/2018/00131/и индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ сум, 2 дугаар баг, Чулуут гэх газар оршин суух Хульч овогт Алтанцэцэгийн Цэрэндулам /ПК91112706 утас: 80110268/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, 2 дугаар баг, Чулуут гэх газар оршин суух Боржигон овогт Александрийн Төмөр /НУ87032458, утас: 88544849/-т холбогдох,

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Төмөрийн охин Т.Шинэжилийн асрамжийг тогтоолгох, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Цэрэндулам, хариуцагч А.Төмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Цэрэндулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “-А.Төмөр бид хоёр 2011 оны 5 сард танилцаж үерхэж эхэлсэн. 2011 оны 10 дугаар сард тусдаа гарч айл гэр болж  2012 оны 12 сард охин Т.Шинэжил төрж, 2016 оны 12 дугаар сард хүү Т.Шинэбаатар төрсөн. 2 хүүхэд надтай хамт амьдарч байгаа. Шүүхээр гэрлэлт цуцалж, 2 хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Бид 2 хоорондоо таарч тохирохгүй, архи уудаг, сэтгэл санаагаар дарамталдаг, доромжилдог, архи уухаараа юу ч хамаагүй авч шидэж хайр найргүй цохидог, суугаад удаагүй байхаасаа эхлээд зодсон. Хэзээ намайг хаанаас ирээд зодох бол гээд айдаг. Намайг өмөөрч хамгаалах хүмүүс байдаггүй. Би багаасаа өнчин өрөөсөн ах дүү нар хол байдаг. Чамайг яасан ч яахав ална гэдэг. Сэтгэл зүйн хувьд дарамттай, 2016 оны 12 сараас тусдаа амьдарсан. Би одоо Дархан уул аймаг Ц.Цэвээндорж гэдэг айлд амьдардаг. Манай хамаатан ахынх гэрт амьдардаг эхнэр хүүхэд 3 хүүхдийн хамт 5 уулаа амьдардаг бид 3-тай нийлээд 8 уулаа амьдардаг. Миний өөрийн гэсэн 4 ханатай гэр байгаа. Тэр гэрийг ажил хийж байгаад худалдаж авч байсан. А.Төмөрийн гэрийнх нь гадаа хураалттай байгаа одоо ажил хийхгүй байгаа. Цалинтай ээж 50.000 төгрөг, хүүхдийн 20.000 төгрөг авдаг гэв. Сард 70.000 төгрөгөөр хүүхдүүдээ тэжээдэг. Иймд гэрлэлт цуцалж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.Төмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-А.Цэрэндулам бид 2 анх 2012 онд гэр бүлээ батлуулаад хамт амьдарч эхэлж байсан. Аав ээжээсээ тусдаа гараад 2 уулаа бааз дээр ажил хийдэг байсан. 2 хүүхэдтэйгээ сайхан амьдарч байсан. 2016 оны 4 дүгээр сард 4 үүлээ хот орж ирээд эмнэлэгт үзүүлээд тэр чигтээ хүүгээ аваад явсан. Би охинтойгоо амьдарч байгаад зун орж ирэхэд айл гэр үймүүлсэн янз бүрийн асуудал үүсгэчихсэн байсан тэгээд салъя гэж шийдсэн. 2 хүүхдийнхээ төлөө амьдарч байсан. 1 жил гаран хойноос нь гүйсэн эвлэрэхгүй нэг ч удаа за гэж хэлээгүй. Салснаас хойш 2 хүүхэд байнга ээж дээрээ байгаагүй зун болохоор аваад ирдэг цагаан идээн дээр байдаг. Буцаад ээж дээрээ очдог. Шинэ жил хүртэл ээж дээрээ байж байгаад,  цагаан сараар ирсэн. Хүүхдүүд аваад хаана явж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог хотод орж ирээд ажил хийгээд өөр хүнтэй амтдарч байгаа гэж дуулсан.  Нэхэмжлэлийн тал дээр охин хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Хүү жаахан байгаа учраас ээж дээрээ байсан нь зүйтэй гэхдээ яваандаа өөр дээрээ авна. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байгаа, хүүхдийн тэтгэлэг дээр том охиноо өөр дээрээ авах хүсэлттэй байгаа. Нэхэмжлэгч А.Цэрэндулам халамж, хайр байхгүй хайр сэтгэлгүй юм байна гэдгийг нь мэдэрсэн. Миний хань багаасаа өнчин өссөн гээд ойлгодог байсан одоо бол  хамт амьдрах боломжгүй” гэв.

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гэрлэгчид нь 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлжээ.  /хх-н 6/,

Тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин Т.Шинэжил, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Т.Шинэбаатар нар /хх-н 4-5/ төржээ.

Гэрлэгчид буюу нэхэмжлэгч А.Цэрэндулам нь одоогоор Дархан-Уул аймагт нагац ах Ц.Цэвээндоржийндоо 2 хүүхдийн хамт тэдний 5 ам бүлийн хамт наймуулаа 5 ханатай гэрт, хариуцагч А.Төмөр нь Төв аймаг, Эрдэнэ суманд ээжийндээ ам бүл хоёулаа амьдарч байгаа болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Харин хүүхдүүдийн сурч хүмүүжих, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл зэрэг байдлуудыг харгалзан үзэж зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт харилцан тохиролцсоны дагуу охин Т.Шинэжилийг эцэг А.Төмөрийн, хүү Т.Шинэбаатарыг эх А.Цэрэндуламын асрамжинд байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид хүүхдүүдээ нэг нэгээр нь асарч, өсгөж хүмүүжүүлэхээр тохиролцон хариуцагч А.Төмөр нь сөрөг нэхэмжлэл болох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, нэхэмжлэгч нь мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагуудаасаа тус тус татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хульч овогт Алтанцэцэгийн Цэрэндулам, Боржигон овогт Александрийн Төмөр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Шинэжилийг эцэг А.Төмөрийн, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Т.Шинэбаатарыг эх А.Цэрэндуламын асрамжид үлдээсүгэй.

3.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү Т.Шинэбаатарыг эцэг А.Төмөртэй, охин Т.Шинэжилийг эх А.Цэрэндуламтай хүссэн үед нь уулзуулж хамт байлгахыг эцэг А.Төмөр, эх А.Цэрэндулам нарт үүрэг болгосугай.

4.Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч А.Төмөрөөс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 59 672 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.МӨНХЦЭЦЭГ