Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/682

 

2022          08          25                                     2022/ШЦТ/682

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч М.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хардал Мэргэд овогт М.Бт холбогдох эрүүгийн 2211 00000 1328 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, Автобус баазад засварын механикч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 277 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Хардал Мэргэд овогт МБ /................................../.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 9 дүгээр гудамжны 277 тоот хашаа дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч М.Мтай урьд үүссэн таагүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун зулай, зүүн чихэнд шарх, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Б нь:

2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 9 дүгээр гудамжны 277 тоот хашаа дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч М.Мөнхбаяртай урьд үүссэн таагүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун зулай, зүүн чихэнд шарх, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч М.Мөнхбаярын “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 277 тоотод гэртээ байхдаа ганцаараа пиво уусан ба төрсөн ах Батбаяртай таараад “хашаагаа цэвэрлэхгүй яасан юм бэ” гээд хоорондоо маргалдсан. Тэгсэн Батбаяр уурлаад намайг үстэж аваад элэг рүү нэг удаа цохисон ба би газарт унатал дээрээс намайг өшиглөөд миний толгойны баруун талын хэсэг болон чихний хэсэг рүү тоосгоор хэдэн удаа цохиод байсан. Тухайн үед миний ухаан балартсан ба нэг мэдсэн би гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Бид хоёрын хооронд газрын маргаантай зүйл байдаг. Түүнээсээ болж маргалдаж эхэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

Гэрч Б.Отгонжаргалын “...Мөнхбаяр ах манайд согтууруулах ундааны зүйл хэрэглээд ирсэн ба тэр хоёр гадаа уулзаад байсан ба Батбаяр уурлаад “чи аав нас бараад удаагүй байхад ээжид хань болохгүй, архи уугаад яваад байх юм” гэж хэлсэн чинь өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэгсэн Батбаярын уур нь хүрээд нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа алгадаж байсан ба Мөнхбаярын хамраас нь цус гарчихсан. Тэгэхээр нь би гэрээс гараад тэр хоёрыг болиоч гээд салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 9282 дугаартай дүгнэлтэнд: “М.Мөнхбаярын биед баруун зулай, зүүн чихэнд шарх, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

Шүүгдэгч М.Бын “2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 9-277 тоотод байх гэртээ байхад миний төрсөн дүү болох М.Мөнхбаяр нь гаднаас халамцуу орж ирсэн юм. Тэгээд бид хоёр гэр бүлийн хоорондын асуудлаас болоод хоорондоо маргалдсан чинь миний өөдөөс уурлаад орилоод байхаар нь би Мөнхбаярын баруун, зүүн шанаа руу баруун гараараа хэд хэдэн удаа цохиод тухайн үедээ уур хүрээд газраас чулуу билүү тоосго аваад 1 удаа цохиж гэмтээсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 50, 52/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 9 дүгээр гудамжны 277 тоот хашаа дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч М.Мөнхбаяртай урьд үүссэн таагүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун зулай, зүүн чихэнд шарх, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч М.Мөнхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба;

тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ “...гомдол саналгүй, хохирол төлбөр байхгүй ...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хардал Мэргэд овогт МБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ