| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2018/00850/И |
| Дугаар | 482 |
| Огноо | 2018-05-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 482
| 2018 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2018/00482 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сум, 2 дугаар баг, Цэцүүхэд оршин суух Бар овогт Шугараагийн Энх-Амгалан /РЕ65020975/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 1 дүгээр баг, Буурал Овоот 6-1 тоотод оршин суух Буурал овогт Жаргалсайханы Эрдэнэ-Од /НМ86030818/-д холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах тухай
хариуцагч Ж.Эрдэнэ-Одын худалдах худалдан авах гэрээг цуцалж, 39-38 ХӨВ улсын дугаартай DAEWOO маркийн автомашиныг буцаан өгөх, урьдчилгаа төлбөр 12 000 000 төгрөг, автомашины гэмтлүүдийг засварлуулахад гарсан зардал 2 904 000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагч Ж.Эрдэнэ-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Батномин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 09-р сарын 09-ны өдөр 3938 ХӨВ дугаар бүхий “DAEWOO” маркын авто машиныг 34 сая төгрөгөөр зарна гэх зарыг хариуцагч “Үнэгүй.мн” сайтнаас хараад машиныг худалдаж авсан байдаг. Худалдаж авахдаа 32.000.000 сая төгрөгөөр тохироод. Урьдчилгаа болох 12.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгсөн байдаг. Үлдэгдэл 20.000.000 сая төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Ж.Эрдэнэ-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 09-р сарын 09-ны өдөр Ш.Энх-Амгалантай зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийж. Гэрээ хийх үед 12.000.000 сая төгрөгийг төлж үлдэгдэл болох 20.000.000 сая төгрөгний төлбөрийн төлөх хугацааг тохирсон. Уг машиныг хүлээн авсанаас хойш эвдрэл гэмтэл их гарсан. Дорнод аймгаас өвсний тээврийн ажилд 3 удаа явсанаас өөр ашиглаж чадаагүй. Улмаар тээвэрт явж байх хугацаанд машины тормос ажиллагаагүй болж хий авахгүй болж эвдэрсэнээр цаг хугацаа алдсан. Уг машиныг унах болгонд дахиад цахилгааны масс үүсээд, автомат төхөөрөмж эвдрээд байсан. Энэ машиныг анх Ш.Энх-Амгалан өгөхдөө ээлтэй сайн машин хүний гар огт хүрээгүй гэж хэлж байсан. Гэтэл холын зайнд явахад асар их эвдрэл гэмтэлтэй байсан. Дорнод аймагруу өвс ачаад явж байх хугацаанд машин эвдэрч. Тэндээ хоноод өвсөө хулгайд алдаж байсан тохиолдол ч надад байдаг. Мөн би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. ХӨВ улсын дугаартай DAEWOO маркын авто машиныг буцаан өгч, урьдчилгаа төлбөр 12.000.000 төгрөг гаргуулах мөн иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасны дагуу автомашины гэмтлүүдийг засварлуулахад гарсан 2.904.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ш.Энх-Амгалан нь хариуцагч Ж.Эрдэнэ-Одоос гэрээний үүргийн дагуу худалдсан машины үнийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Харицагч Ж.Эрдэнэ-Од нь нэхэмжлэлийн хувийг хүлээн аваад худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 39-38 ХӨВ дугаартай DAEWOO маркын автомашиныг буцаан өгөх, урьдчилгаа төлбөр 12 000 000 төгрөг, автомашины гэмтлүүдийг засварлахад гарсан 2 904 000 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр “үндсэн нэхэмжлэлийн шаардлага 20 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж хариуцагч Ж.Эрдэнэ-Од “Уг машиныг буцаан өгч, урьдчилгаанд өгсөн 12 000 000 төгрөгийг буцаан гаргуулах мөн машины эвдрэл гэмтлийн засвар үйлчилгээ, техникийн зардал 2 904 000 төгрөгийг гаргуулна.” гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Ш.Энх-Амгалан, хариуцагч Ж.Эрдэнэ-Од нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалан суманд худалдпах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрээнд автомашины марк, дугаарыг заагаагүй байгаа хэдий ч талууд DAEWOO маркын 39-38 ХӨВ дугаартай ачааны автомашиныг 32 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар тохиролцсон болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.
Уг гэрээний нөхцөлөөс үзэхэд худалдагч Ш.Энх-Амгалан нь DAEWOO маркын 39-38 ХӨВ дугаартай ачааны автомашиныг худалдан авагч Ж.Эрдэнэ-Одод хүлээлгэн өгөх, Ж.Эрдэнэ-Од нь уг машиныг хүлээн авч машины үнэ 32 000 000 төгрөгний 12 000 000 төгрөгийг бэлнээр Ш.Энх-Амгаланд хүлээлгэн өгч, үлдэх 20 000 000 төгрөгийг тодорхой хугацаанд буюу 2017 оны 09 дүгээр сарын 11-нд 3 000 000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 11-нд 8 000 000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 11-нд 9 000 000 төгрөгийг тооцоог дуусгахаар тохиролцжээ.
Ш.Энх-Амгалан, Ж.Эрдэнэ-Од нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр гэрээний зүйл болох DAEWOO маркын 39-38 ХӨВ дугаартай ачааны автомашины үнэ, үнэ төлөх хугацаа зэргийг хэлэлцэн тохиролцсон талуудын хүсэл зоригыг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч Ж.Эрдэнэ-Од нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд очиж нэхэмжлэгч Ш.Энх-Амгалантай уулзаж түүний худалдах гэж буй DAEWOO маркын 39-38 ХӨВ дугаартай ачааны автомашиныг өөрийн нүдээр үзэж 500 орчим метр газарт жолоодон явж үзээд худалдан авахаар тохиролцсон болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаярын “өөрөө барьж жолоодож үзээд болж байна, сайн машин байна гээд аваад явсан байдаг” гэх тайлбараар болон худалдах, худалдан авах гэрээнд “...Ж.Эрдэнэ-Од худалдан авч буй уг машин эвдрэл гэмтэл үгүй, 3 хэлхээ сайн гэж үзэж авахад татгалзах зүйлгүй болно. Ажилд гарахад бэлэн гэж үзэж худалдан авч байна. ... ” гэж дурдсанаар тус тус нотлогдож байна.
Үндсэн нэхэмжлэлийн хувьд худалдан авагч Ж.Эрдэнэ-Од нь Ш.Энх-Амгалангаас DAEWOO маркын 39-38 ХӨВ дугаартай ачааны автомашиныг 32 000 000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа 12 000 000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 20 000 000 төгрөгийг худалдагч Ш.Энх-Амгаланд төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. Мөн худалдагч Ш.Энх-Амгалан нь DAEWOO маркын 39-38 ХӨВ дугаартай ачааны автомашиныг Ж.Эрдэнэ-Одод дагалдах бичиг баримтын хамт хүлээлгэн өгч үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч Ш.Энх-Амгалан нь Ж.Эрдэнэ-Одод холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувьд Ж.Эрдэнэ-Од нь гэрээнээс татгалзаж DAEWOO маркын 39-38 ХӨВ дугаартай ачааны автомашиныг Ш.Энх-Амгаланд буцаан өгөх, машины үнийн урьдчилгаанд өгсөн 12 000 000 төгрөг, сэлбэг авч тавьсан зардал 2 904 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна.
Учир нь Ж.Эрдэнэ-Од нь уг машиныг 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авснаас хойш 8 сарын хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд гэрээнээсээ татгалзах талаар санал тавиагүй, мөн уг машиныг худалдан авахдаа уг автомашины дагалдах бичиг баримт буюу техникийн тодорхойлолтод дурдсан /хх-н 5/ 1995 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монголд орж ирсэн, үйлдвэрлэснээсээ хойш 22 жил ашиглагдсан хуучин машин гэдгийг мэдэж байж худалдан авсан болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нолох баримтаар нотлогдож байх байна. Иймд тэрээр 1995 онд үйлдвэрлэгдсэн машин учраас цаашид гарч болзошгүй эрсдлийг тооцох боломжтой байсан байна.
Хариуцагч Ж.Эрдэнэ-Од нь уг машиныг Ш.Энх-Амгалангаас 2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээж аваад өөрөө жолоодон Төв аймгийн Жаргалант сум руу явах замд тормозгүй болсон мөн баа турбаа тасарсан, урд дугуйны шпилк тасарсан тул 2 904 000 төгрөгийн запас сэлбэг уг машинд авч тавьсан гэж байгаа боловч түүний шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болох хавтаст хэргийн 1-22 дугаар хуудсанд авагдсан сэлбэг авсан гэх нотариатын баталгаа бүхий зарлагын 11 ширхэг баримт нь номер дугааргүй, хэн худалдаж авсан нь тодорхойгүй байх бөгөөд эдгээр нь Ж.Эрдэнэ-Од эдгээр баримтанд бичигдсэн сэлбэг хэрэгслийг худалдан авч уг DAEWOO маркын 39- 38 ХӨВ дугаартай ачааны автомашинд тавьсан гэдгийг нотлохгүй байна.
Мөн түүний хүсэлтээр уг машины эвдрэл гэмтлийг зассан гэх Д.Амарбаясгаланг хуульд заасан журмын дагуу гэрчээр асуухад “Би Ж.Эрдэнэ-Одын гуйлтаар 3 удаа машиныг нь засаж өгсөн. 2017 оны 09 сард Дорнодоос хариуцагч Ж.Эрдэнэ-Од над руу залгаад жанаам эвдэрчлээ хүрээд ирээч гэсэн. Би эвдэрсэн газар нь очиж янзалсан. Мөн 2018 оны 01 сард Эрдэнэт явна гээд Жаргалантаас 270 км яваад замдаа пост нь дээр эвдэрсэн байсан. Тэгээд Ж.Эрдэнэ-Од Алеска гэх тосоол 108.000 төгрөгөөр худалдаж авч хийж байсан.1995 оны машин байсан, Монголд 2011 онд орж ирсэн, орж ирээд Монголд 7 жил явсан машин эвдрэхгүй байна гэж байхгүй. Дахиад Орхон аймгийн гүүрэн дээр эвдэрчлээ хүрээд ир гээд очиход пярдаа авч үзэхэд тото гэж ган диск байдаг. Тэрийг урд нь гагнаж байсан байна лээ.Тэр диск маань болохгүй боллоо гэж байсан” гэж мэдүүлж байх ба түүний энэхүү мэдүүлгээр DAEWOO маркын 39-38 ХӨВ дугаартай ачааны автомашин нь Ж.Эрдэнэ-Одын эзэмшил, ашиглалтанд байхдаа эвдэрч байсныг нотолж байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Энх-Амгалангаас авах үед дээрхи эвдрэлүүд байсан гэдгийг нотлохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланг эвдрэл гэмтэлтэй машинаа хэлэлгүй нууж өөрт нь зарсан гэж тайлбарладаг ба уг машиныг анх үзэж худалдан авах үедээ Ж.Эрдэнэ-Од өөрөө жолоодож үзээд эвдрэл гэмтэлгүй, сайн машин байна гэж авсан талаар гэрээнд дурдсан байх ба Иргэний хуулийн 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.” гэж заажээ. Иймд Ж.Эрдэнэ-Од худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг машиныг эвдрэл гэмтэлгүй сайн машин гэж үзэж хүлээн авсан байх тул доголдолгүй эд хөрөнгө гэж үзэхээр байна.
Хариуцагч Ж.Эрдэнэ-Од нь нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд уг автомашины эвдрэлийн талаар удаа дараа хэлсэн гэж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдолын талаар заахдаа “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.”, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэжээ. Иймд Ж.Эрдэнэ-Од нь хуульд зааснаар шаардах эрхээ алдсан байна.
Шүүх Ш.Энх-Амгалангийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Эрдэнэ-Одын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүылиын 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.Эрдэнэ-Одоос 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд олгож, хариуцагч Ж.Эрдэнэ-Одын сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг, хариуцагч Ж.Эрдэнэ-Одын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэ-Одоос 257 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ