Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/679

 

 

 

 

 

 

 

 

  2022        08          24                                     2022/ШЦТ/679

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Г” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ногооныхон овогт ББд холбогдох эрүүгийн 2211 00000 1339 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-272 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Ногооныхон овогт ББ /.........................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Нуурын 14-272 тоот байх гэртээ иргэн Л.Мтой пиво гаргаж хаясан гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газар нь баруун гараараа цохин, зодон биед нь доод уруулд цус хуралт, биед доод уруулд цус хуралт, доод баруун 3-р шүдний хагас хугарал, сулрал, 4-р шүдний сулрал, амны зүүн талд зулгаралт, эрүүнд цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь:

2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Нуурын 14-272 тоот байх гэртээ иргэн Л.Мөнх-Очиртой пиво гаргаж хаясан гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газар нь баруун гараараа цохин, зодон биед нь доод уруулд цус хуралт, биед доод уруулд цус хуралт, доод баруун 3-р шүдний хагас хугарал, сулрал, 4-р шүдний сулрал, амны зүүн талд зулгаралт, эрүүнд цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Л.Мөнх-Очирын “...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 14-272 тоотод байхад дагавар хүүхэд Б.Б нь согтуу унтаж байсан ба хажууд нь том пиво байхаар нь гаргаж нуусан. Учир нь манай гэрт 2-6 насны хоёр хүүхэд байдаг тул би тухайн пивыг нь гадаа гаргаад тавьчихсан юм. Тэгсэн Баяраа нь сэрж ирээд миний пиво хаана байна гэхээр нь чи хүүхдүүдийн дэргэд архи уулаа, би пивыг чинь гаргаад хаячихсан гэхэд Баяраа нь босож ирээд миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би түүнийг болиулах гээд барьцалдаж авсан ба тэгсэн тэр намайг газар дарж унагааж миний биеийн толгой болон бусад хэсэг рүү гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8901 дугаартай дүгнэлтэнд  “Л.Мөнх-Очирын биед доод уруулд цус хуралт, доод баруун 3-р шүдний хагас хугарал, сулрал, 4-р шүдний сулрал, амны зүүн талд зулгаралт, эрүүнд цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтлүүд байна” гэжээ /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Бгийн “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөх үедээ бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн байгаа. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр миний бие өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 14-272 тоотод нэг том пивотой гэртээ орж ирээд унтаж байтал гаднаас хойд аав Мөнх-Очир нь орж ирээд энэ одоо даварсан новш гэрт пиво авч ирлээ энэ тэр гээд намайг хэл амаар доромжлоод өнөөх пивыг гадагш нь аваад гарсан. Мөнх-Очирыг гаднаас ороод ирэхээр нь та одоо яагаад хүний юмыг авч гарч асгаад хэл амаар доромжлоод хараагаад байгаан гэхэд тэр шууд над руу дайраад ирэхээр нь би өөрийгөө хамгаалж түүнийг тэвэрч аваад ноцолдсон тэгсэн гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд намайг аваад явсан юм. Тухайн үед аав Мөнх-Очир нь намайг цохих гээд над руу дайраад байхаар нь би түүний нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цааш нь түлхээд түүнийг гарыг нь дараад хамгаалсан ...би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 37-38/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 261 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Нуурын 14-272 тоот байх гэртээ иргэн Л.Мөнх-Очиртой пиво гаргаж хаясан гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газар нь баруун гараараа цохин, зодон биед нь доод уруулд цус хуралт, биед доод уруулд цус хуралт, доод баруун 3-р шүдний хагас хугарал, сулрал, 4-р шүдний сулрал, амны зүүн талд зулгаралт, эрүүнд цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч  Л.Мөнх-Очир нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй;

мөрдөн шалгах ажиллагааны үед нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлээгүй ба тэрээр “...надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ногооныхон овогт ББг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ