| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2018/00412/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2018-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 484
| 2018 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2018/00484 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 7 гудамж, 29 тоотод оршин суух Шарнууд овогт Дамдинсүрэнгийн Баярчулуун /НЮ73042610/-д холбогдох,
сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 12 811 934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, төрийг төлөөлж прокурор Ц.Батбямба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, төрийг төлөөлж прокурор Ц.Батбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1380 тоот гэрээг Д.Баярчулуунтай байгуулсан бөгөөд уг гэрээгээр 15.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2015 оны 5 сарын 21-ний өдрийн дотор төлж дуусгах ёстой байсан боловч зээлийн гэрээний хугацаанд Д.Баярчулуун нь 2013 оны 11 дүгээр сарын 02-нд 270.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 19-нд 4.000.000 төгрөг төлсөн байдаг. Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн, сарын 0.25 хувийн хүүтэй бол нэмэгдүүлсэн хүүг гэрээний 3.3-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн өрийг бүрэн буюу тодорхой хэсгийг нь төлөөгүй тохиолдолд энэ гэрээний хавсралт 5-д зааснаас хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгээс гадна төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдэлд хүүгийн 20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан болно. 2013 онд төлсөн 270.000 төгрөгөөс хүүнд 225.000 төгрөг суутгаж үндсэн зээлээс 45.000 төгрөгийг хасч 14.955.000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл үлдсэн. Д.Баярчулуун нь 2013 оны 12 сараас 2016 оны 9 сар хүртэл зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй байсан тул 2014 оны хүүг сарын 37.500 төгрөгөөр бодож 1 жил 1 сар буюу 13 сараар бодож 487.500 төгрөг, 2016 онд хүүг сарын 37.388 төгрөгөөр 9 сараар тооцоод 336.480 төгрөг, нийт 1.272.638 төгрөг, хүүний 20 хувиар 2014 онд сарын 7500 төгрөгөөр 4 сарын нэмэгдүүлсэн хүү тооцож 30.000 төгрөг, 2015 онд сарын 7.478 төгрөгөөр 12 сарын нэмэгдүүлсэн хүү тооцож 89.730 төгрөг, 2016 онд сарын 7.478 төгрөгөөр 9 сарын нэмэгдүүлсэн хүү тооцож 67.298 төгрөг. Нийт 187.028 төгрөг тооцож Д.Баярчулууны төлсөн 4.000.000 төгрөгнөөс хүүний нийт мөнгө болох 1.272.638 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний нийт мөнгө болох 187.028 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн болох 2.540.335 төгрөгийг үндсэн зээлээс хасч 12.414.665 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн байгаа. Зээлийн гэрээний 1.6.4, 1.6.5, 1.6.6-т тус тус заасны дагуу 2016 оны 10 сараас 2017 оны 8 сар хүртэлх хүүг сарын 31.037 төгрөгөөр 11 сараар тооцож 341.403 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг сарын 6207 төгрөгөөр 9 сараар тооцож нийт 55.866 төгрөг, нийт 12.811.934 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч зээлийн гэрээгээр 2013 оны 5 сарын 21-ний өдөр 2 жилийн хугацаатай зээд авсан байдаг. 2015 оны 5 сарын 21-ний өдөр зээлийг төлж дуусгах байсан. Үүнээс хойш талууд гэрээг сунгасан зүйл байдаггүй. Нэхэмжлэгч тал шаардах эрхээ гүйцэтгээгүй байдаг. Хэрвээ нэхэмжлэгч тал шаардах эрхээ биелүүлээд зээлээ төлөхийг шаардсан бол уг зээлийг төлөх боломж байсан байгаа. Нэхэмжлэгч тал хүү алданги тооцож нэхэмжилж байгаа үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2013 оны 5 сарын 21-ний өдөр зээл авсан гэрээний хугацааг сунгаагүй тул хүү алданги тооцохгүй гэсэн заалт гэрээнд байхгүй байгаа. 2014 оны тооцоогоор сарын 37.500 төгрөг, жилийн 487.500 төгрөг болж байна гэж тооцсон байгаа. 1 жил 1 сараар бодсон юм шиг байна лээ тэрнээс 1 жилээр 450.000 төгрөг болж байгаа. 2014 оны 5 сарын 21-нээс 2015 оны 5 сарын 21-нийг хүртэл 448.658 төгрөг болно. Энэ нь миний тооцоогоор 898.658 төгрөгийн хүү төлөх юм байна гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч тал 1.272.638 төгрөг болгосон байна лээ. 2016 оны 9 сарын хүү болох 336.480 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэгдүүлсэн хүүний хувьд 89.000 төгрөг, 2016 оны хүү 67.298 төгрөг болж байгаа. Нийт 187.080 төгрөгөөс 67298 төгрөгийг хасаж тооцож өгнө үү. 254.335 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2013 оны 5 сарын 21-нээс зээл авсан үндсэн зээл 450.000 төгрөг болж байгаа, хүү нь 896.800 төгрөг болж байгаа. 2015 оны 5 сарын 21-нээс хүү алданги бодогдохгүй гэж үзсэн байна. Учир нь зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байдаг” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 7 гудамж, 29 тоотод оршин суух Шарнууд овогт Дамдинсүрэнгийн Баярчулуун нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар модон эдлэл үйлдвэрлэх зориулалтаар 1380 дугаартай зээлийн гэрээ, мөн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 80 дугаартай зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагджээ.
Уг гэрээнд талууд хүсэл сонирхлоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдэгч Д.Баярчулуун нь дээрхи зээлийн гэрээний хавсралт 5-д заасан Сангийн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2 жил 3 сарын хугацаанд авсан зээл болон түүний хүүг цаг хугацаанд нь зохих ёсоор төлөлгүй гэрээний үүргээ зөрчжээ. /хх-н 5-9/
Хариуцагч буюу Д.Баярчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа Д.Баярчулууны дээрхи зээлийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан байхад Сум хөгжүүлэх сан хугацаанд нь төлүүлэх арга хэмжээ аваагүй байж одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаар хөөн хэлэлцэх хугцаа дуусна. Түүнээс хойш шаардах эрхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заажээ.
Сум хөгжүүлэх сан, Д.Баярчулуун нарын хооронд байгуулагдсан 15 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ нь 2 жилийн хугацаатай байгуулагдсан хуульд зааснаар зээл төлж дуусах хугацаа нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан байна. Хуульд зааснаар нэхэмжлэгч буюу Сум хөгжүүлэх сангийн шаардах эрх нь гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тоологдоно.
Сум хөгжүүлэх сан нь зээлдэгч Д.Баярчулууныг зээл, зээлийн хүүг төлөх талаар шаардаж байсан, Д.Баярчулуун нь зээл, хүүг 2016 оны 3 дугаар сард багтаан бүгдийг төлж дуусгахаар баталгаа гаргаж байсан байх ба энэхүү баталгааг гаргасныхаа дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 19-нд зээл, зээлийн хүүнд 4 000 000 төгрөг төлжээ. /хх-н 53, 54/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл 12,414,665 төгрөг зээлийн хүүнд 341,403 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 55,866 төгрөг тус тус нэхэмжилжээ. Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6.5, 1.6.6-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д 1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай тус тус нийцэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Д.Баярчулуунаас 12 811 934 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх санд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Баярчулуунаас улсын тэмдэгтийн хураамж 109 971 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ