| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2018/00320/И |
| Дугаар | 504 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 504
| 2018 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2018/00504 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Архуст сумын 1 дүгээр баг, Ноён шанд 3-10 тоотод оршин суух Чонос овогт Амартүвшингийн Батцэцэг /УБ81011600/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Архуст сумын 1 дүгээр баг, Ноён шанд гэх газарт нутаглаж оршин суух Цагаандэглий овогт Гоомоогийн Энхтөр /ШД84021211/-д холбогдох,
эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн дундын өмч болох приус 20 маркийн машинаас хүү болон өөрт ногдох хэсэг болох 4 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Батцэцэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Г.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ Ц.Бат-Өлзий, нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Энхтөртэй найзууд байж байгаад 2015 оноос эхлээд үерхэж гэр бүл болсон. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү Э.Тэмүүлэн төрсөн. Үүнээс хойш 2017 оны 9 сар хүртэл хамтран амьдарч байгаад ямар нэгэн шалтгаангүйгээр алга болсон. Тэр үед би 2 сар гарантай бие давхар байсан. Шалтгаангүйгээр гэнэт яваад өгсөн. Хамт амьдарч байх хугацаанд ноцтой маргаан зөрчил байгаагүй. Амьдарна гэсэн бүрэн итгэлтэй дахиад хүүхэд тээсэн байсан. Амьдарч байх хугацаандаа Улаанбаатар хотруу хамт орж ирж приус 20 маркийн авто машин худалдаж аваад яг 7 хоногийн дараа хүү төрж байсан. Энэ хүн гэнэт гэр бүлээ хаяаад явсан учраас ганцаараа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг оногдож байгаа учраас эцэг хүний үүргийг тодорхой хэмжээгээр биелүүлэх ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Эцэг байх эрх хязгаарлах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тавьсан. Эцэг тогтоолгох шинжилгээ өгч эцэг нь мөн гэж тогтоосоны дараа дахиад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж приус 20 маркийн авто машиинаас өөрт болон хүүхдэд оногдох 4.600.000 төгрөг нэхэмжилж, хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Эцэг байх эрх хязгаарлах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
Хариуцагч Г.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч 4 төрлийн шаардлага гаргадаг. Эцэг байх эрх хязгаарлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран амьдарч байсан байдлыг тогтоох, дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. Эцэг байх эрх хязгаарлах гэсэн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоор энэ талаар ярих шаардлага байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр хүүхэд нь мөн гэж тогтоогдож байгаа. Хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг учир хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эцэг тогтоох гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамт амьдарч байсан. Тийм учраас хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байгаа. Харин 2016 оны 8 дугаар сард приус 20 маркийн авто машинийг 100 хувь өөрийнхөө хөрөнгөөр худалдаж авсан байдаг. Үүнд нэхэмжлэгч А.Батцэцэгийн ямар ч мөнгө ороогүй дундын хөрөнгө биш гэж үздэг. Г.Энхтөр нь 2016 оны 4,9,6 дугаар сард ээжээсээ 2.450.000 төгрөг ээжээсээ зээлж авсан байдаг. Малчин төслөөр 5.000.000 төгрөг, малчин дэд төслөөр 5.000.000 төгрөг зээлж авсан. Тэр мөнгөөрөө машин худалдаж авсан гэдэг. Г.Энхтөр нь өөрийн хөрөнгөөр А.Батцэцэгийн 20.000.000 гаран төгрөгнөөс нилээн хэсгийг нь төлсөн гэдэг. А.Батцэцэг байсан байранд нь вакум цонх хийж өгсөн туслалцаа үзүүлж байсан гэж хэлдэг. Тийм учраас энэ машин нь дундын хөрөнгө, гэрлэгсэдийн хөрөнгө биш учраас иргэний хуулийн 126 дугаар зүйлээр үндэслэлгүй байгаад байна. Дундын хөрөнгө гэсэн нь тогоогдохгүй байгаа болохоор шаардах эрхгүй гэж үзэж байна” гэв.
Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Зохигчид хүүхдийн эцэг мөн эсэх болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй бөгөөд харин хамт амьдрах явцад бий болсон гэх 72-87 УНГ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг дундын өмч гэж хуваах талаар маргаж байна.
Зохигчид нь 2015 оны 09 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд гэрлэлтийн баталгаагүй, улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан байх ба дээрхи хугацаааны дотор буюу 2016 оны оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү Э.Тэмүүлэн нь төржээ /хх-н 4/, А.Батцэцэг, Г.Энхтөр нар нь хоорондоо таарамжгүй байдлын улмаас 2017 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд тус тусдаа амьдарч иржээ.
Талууд цаашид хамтран амьдрах боломжгүй гэдэг нь талуудын тайлбар, тус тусдаа амьдарсан цаг хугацаа, түүнээс хойшхи харилцаа холбоогүй байдал зэргээс харагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас А.Батцэцэг, Г.Энхтөр нар нь 2015 оны 09 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болохыг мөн хүүхдийн эцэг тогтоож, хүү Э.Тэмүүлэнд түүний эцэг Г.Энхтөрөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Г.Энхтөрийн эцэг байх эрхийг түдгэлзүүлэх шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 72-87 УНГ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг дундын өмч гэж үзэж А.Батцэцэгт болон хүү Э.Тэмүүлэнд ногдох хэсэг болох 4 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 125, 126 дугаар зүйлд зааснаар гаргуулах үндэслэлгүй бөгөөд мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь нэхэмжлэгч буюу хамтран амьдрагч А.Батцэцэг нь уг машиныг худалдан авахад 1 500 000 төгрөг оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч түүнийгээ баримтаар нотлоогүй болно.
Хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй тул тэдний тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийг эх А.Батцэцэгт үлдээж, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Э.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Энхтөрөөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 , 18 350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Г.Энхтөрөөс 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож нэхэмжлэгчээс 48 665 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар А.Батцэцэг, Г.Энхтөр нарыг 2015 оны 09 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд гэрлэлтийн баталгаагүй, улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д зааснаар Цагаан дэглий овогт Гомоогийн Энхтөр /ШД84021211/-ийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Цагаандэглий овогт Энхтөрийн Тэмүүлэн /НД16261716/-гийн эцэг мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Э.Тэмүүлэнг эх А.Батцэцэгийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.Тэмүүлэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Энхтөрөөр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 72-87 УНГ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины үнэ болох 6 900 000 төгрөгний 4 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200, 18 350 төгрөг тус тус төлснийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.Энхтөрөөс 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож нэхэмжлэгчээс 48 665 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
6.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар эх А.Батцэцэг нь хүүхдийн өмнө хүлээх үүргээ биелүүлж хүссэн үед нь эцэг Г.Энхтөртэй уулзуулж байхыг эх А.Батцэцэгт, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хуульд заасны дагуу биелүүлж байхыг эцэг Г.Энхтөр нарт тус тус үүрэг болгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ