Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр

 Дугаар 151/ШШ2018/00509

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимт нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, ард аюуш гудамж 9а байр, 48 тоотод оршин суух Боржигон овогт Ичинхорлоогийн Алтангэрэл /УЮ72031818/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн суманд байрлах “Мөнхийн баян гал” ХХК-нд холбогдох

“Мөнхийн баян гал” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/3 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүйд  тооцох, цалингийн  зөрүү 6 625 188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Алтангэрэлийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч И.Алтангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 онд ажилд орсон. 2017 оны 05 сарын 20-нд гарсан  цалин бууруулах тушаал гарсаныг мэдээгүй 07 дугаар сард мэдсэн. Болорцэцэгийг ирэхээр цалин 17/3 тушаалыг яг ямар арга хэмжээ юм бэ гэхэд санхүүгээё гаргасан арга хэмжээ гэхээр нь санхүүгийн албаны дарга Дуан Ж И асуусан. Болорцэцэг цаанаас ингэж өгсөн учир гэж хэлсэн. Ийм дарамт шахалттай байвал би ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Энэ тушаал хууль бус гэж хэлсэн, захиргаа удирлагын дарга Жан Гуан Ли хэлсэн тэгтэл дарга нарт хэлж байгаад цалинг чинь өгнө гэж хэлсэн. 2017 оны 07 сарын 16-наас ажиллаагүй ажлаас халсан тушаал надад ирээгүй. Ажлаас халагдсаны мөнгө авах гэтэл халагдсан тушаал өгөхгүй байсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сахилгын шийтгэвэр ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн шаардлагуудтай байгаа. Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухайд ажилтнаас нь өөрөөс нь шалтгаалсан гэж хариуцагч талаас тайлбарладаг. Нэхэмжлэгч өөрөө өргөдөл бичиж өгсөн ч гэсэн сахилгын шийтгэвэрийг эсэргүүцсэндээ ийм зүйл бичсэн гэж тайлбарладаг. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтүүдтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2 төрлийн шаардлага гаргаж байгаа. Сахилгын шийтгэл буруу оногдуулсан гэдэг дээр тухайн ажилчин өөрөө ажилаа хийж байхдаа хөдөлмөрийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хяналт шалгалтын байгууллагаар тогтоогдсон зөрчил нь харагдаж байгаа. Сахилгын шийтгэлийг 7 дугаар сарын 16-ний өдөр гардаж авснаа хүлээн зөвшөөрдөг. Тус хугацаанаас тооцвол хөөн хэлэлцэх хугацаа шүүхэд 1 сарын хугацаанд шүүхэд гомдол гаргах байсан. Гэвч 7 дугаар сарын 16-ний өдрөөс 8 дугаар сарын 16-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэл, гомдол гаргаагүй. Нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажилтан өөрөө 7 дугаар сарын 16-ний өдөр ажлаас гарах өргөдлөө өөрийн гараар бичсэн байдаг. Өмнөх сахилгын шийтгэлийг мэдээд ийм зүйл гаргасан гэж үзэж байгаа. Ажил олгогчийн санаачилгаар бус ажилтны санаачилгаар өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өгсөн байдаг. Шүүхээр шийдвэрлүүлэх боломж байсаар байтал өөрөө ажлаас өргөдлөө өгсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн үүнд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Шүүхэд 3 0 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж болно. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан учраас сэргээх боломжгүй байгаа. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч И.Алтангэрэл нь “Мөнхийн баян гал” ХХК-нд холбогдуулан “Мөнхийн баян гал” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17/3 дугаар сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүйд  тооцох, цалингийн  зөрүү 6 625 188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч И.Алтангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.Алтангэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ