Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 712

 

 

 

 

 

 

 

                                                Б.Э-, Б.Г-, М.Б- нарт

                                                     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Б-ын гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Э-, Б.Г-, М.Б- нарт холбогдох эрүүгийн 1808007351561 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Б.Э, 19.... оны ..... дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан, хийн гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “........” ХХК-д гагнуурчнаар ажиллаж байсан, ам бүл 2, эхийн хамт ....... дүүргийн ....... дугаар хороо, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./:

2. Рэнцэн овгийн М.Б, 19.. оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн ......... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл.............. хүүхдийн хамт ......... дүүргийн 12 дугаар хороо, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

3. Ундрах овгийн Б.Г, 19.. оны 2 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн ............. суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл............... хүүхдийн хамт .............. дүүргийн ...... дугаар хороо, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............/;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 441 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 307 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь  хэсэгт  зааснаар  3  жилийн  хорих  ял   шийтгүүлж, шүүхийн өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хорих ялаар тогтоож, 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 169 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1  сар 17 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181  дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхийн өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 17 хоногийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 3 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

            М.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Д.Г- маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

            Б.Г- нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Г- зодлоо гэх шалтгаанаар иргэн М.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал,тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,

            Б.Э- нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Б-ыг манай найзыг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх, цус хуралт /2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нүдний алимны мэс засал/, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хананд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Б-, Б.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Рэнцэн овгийн М.Б-, Ундрах овгийн Б.Г- нарыг
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Б.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Б-, Б.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, М.Б-, Б.Г- нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-ын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 23.185.919 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Б- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хамар ясны хугарал бүхий гэмтэлтэй холбоотой хор уршгийн зардлыг Б.Г-аас, зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх цус хуралт, зүүн зовхинд шарх зөөлөн эдийн няцрал зүүн ухархайн дотор хананд хугарал бүхий гэмтлийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг Б.Э-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч М.Б- нь хохирогч Н.Доржготовт, шүүгдэгч Б.Г- нь хохирогч М.Б-т, шүүгдэгч Б.Э- нь энэ тогтоолоор хохирогч М.Б-т тус тус төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Б-, Б.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч М.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг үнэлэхээс татгалзсанаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй. Хохирогчийн зугээс гэмт хэргийн улмаас өөрт учирсан 237 сая 990.623 төгрөгөөр үнэлэгдэх хохирлын үнэлгээний тухай нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх уг баримтыг үнэлээгүй атлаа шүүгдэгч Б.Э-г ..."шүүхийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй" гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйл “Шүүх... нотлох баримтыг... үнэлнэ." гэж заасныг зөрчсөн бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас зүүн нүд бүр мөсөн ажиллагаагүй болсон хохирогч М.Б-т шүүгдэгч Б.Э-гийн учруулсан хохирол, гэм хор, уршгийн талаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019-03-22-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Б.Баттөр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хзсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд бидний хувьд хэргийн зүйлчлэл мөн гэм буруугийн талаар маргахгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 1 дэх хэсэгт "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж торгох болон хорих ялыг сонгох санкцтайгаар хуульчилсан байна.

Б.Э-гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гагнуурчин мэргэжилтэй, "…...." ХХК-д цахилгаан гагнуурчнаар тогтвор сууршилтай ажилладаг /хх 163-р тал/, өндөр настай эхийн хамт хоёул амьдардаг /хх 76-р тал/, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгыг арилгах, торгуулын ялыг төлж барагдуулах санхүүгийн эх үүсвэрииг бий болгох хөдөлмөрийн дадал, нарийн мэргэжилтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Э-д оноосон хорих ялыг өөрчлөн торгох ял оногдуулж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Б.Э- “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э-д хүний биед хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт мөрдөн байцаалтын шатанд 2.800.000 төгрөгийг төлсөн байсан учир хохирол нөхөн төлсөн гэж үзсэн. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх талын нөхцөл байдлыг харгалзан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь үндэслэлтэй, хохирогчид учирсан хор уршгийг харгалзаад торгуулийн ялаар солих үндэслэл байхгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:            

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

1. М.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Д.Г- маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Д- “...та нар болиочээ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд шууд нүд рүү цохисон бас уруул руу мөргөөд намайг газар унагаагаад дээр гараад зодсон. Тэгээд цаанаас Баясаа, Хүлгэн 2 ирж салгасан...” /хх-29/,

хохирогч Н.Д- “...М.Б- намайг заамдаж аваад нүүрэнд цохиж унагаагаад дээр гараад суусан. Тэгтэл замын цаанаас найзууд ирж салгаад Байгаль намайг босгоход баруун нүд хавдсан байсан...” /хх-32/,

гэрч Б.Ганхуягийн “...Д.Г- дуудаад яваад очиход хоорондоо муудалцаад Доржготов, Батбаяр нар барилцаад авсан. Булгантамир бид 2 барьцалдсан. Батбаяр Д.Г- цохисон...” /хх-65/,

гэрч Д.Батсайханы “...М.Б- нь Н.Д- нүүрэн тус газар цохиж унагаахыг харсан...” /хх-65/,

гэрч Т.Байгалийн “...Болиоч настай хүнийг зодоод гээд салгасан. Тэгсэн чинь хэн бэ гээд Готовыг шууд цохиод , хавсарч унагаагаад дороо оруулаад зодоод байсан...” /хх-62/,

М.Б-ын “...нэгнийх нь нүүрэнд цохисон, хэн байсныг нь мэдэхгүй. Сүүлд сонсоход Доржготов гэх залууг зодсон гэсэн...” /хх-159/ гэх мэдүүлгүүд болон,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №2364 дугаартай “Н.Д- биед зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр,

2. Б.Г- нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Г- зодлоо гэх шалтгаанаар иргэн М.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал,тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            гэрч Д.Батсайханы “...Ганбаа Б- нүүрэнд нэг удаа цохиод,тонгойхоор нь нүүр хавьцаа нь өшиглөсөн. Зодоон болох үед Ганбат М.Б-ын нүүрэнд нэг удаа цохиж, нүүр хавьцаа нь өшиглөхийг харсан...” /хх-63-65/,

            гэрч Э.Хөлгөний “...Ганбаа ах хохирогчийг Батсайхантай зууралдаад салахгүй болохоор нь өшиглөөд, нэг удаа цохисон гэж ярьж байсан...” /хх-73/,

            хохирогч М.Б-ын “...Бид хоёр зууралдаж байхад араас куртикны малгайнаас нэг нь татахад явган суусан чигээрээ эргэсэн чинь нүүрэнд цохиод, нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөхөд хамраас цус гарсан...Энэ үед миний хамраас цус гарсан, нүд зүгээр байсан...тэнд байсан хүний нэг нь өшиглөхөд хамраас цус гарсан. Тэгэхэд хамар хугарсан байх...” /хх-41-42/,

            Б.Г-ын “...М.Б- Доржготов руу дайрахаар нь түүний цамцнаас татсан чинь эргэж хараад шанаан тус газар нь цохисон. Тэгэхээр нь зөрүүлж цохиод доош нь хараад өшиглөхөд өвдгөөрөө нүүрэн тус газар нь өшиглөх шиг болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-150/,

            шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...хамар ясны хугарал, тархи доргилт...гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-54/ гэх мэдүүлгүүдээр,

            3. Б.Э- нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Б-ыг манай найзыг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх, цус хуралт /2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нүдний алимны мэс засал/, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хананд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч М.Б-ын “...Миний хамраас цус гараад хэн намайг зодсон бэ хүрээд ир гэж баахан орилсон...энэ үед миний хамраас цус гарсан, нүд зүгээр байсан. Би дэлгүүрийн довжоон дээр тамхи татаад, нэг намайг зодсон бэ гэж орилоод сууж байсан чинь хэнийг нь мэдэхгүй зүүн талаас нүд рүү хатуу юмаар хүчтэй цохиж гал манараад явсан. нүдээ дараад доошоо тонгойсон чинь цус асгараад тогтохгүй байсан...Шилээр цохисноос болж нүд гэмтсэн. Зүүн талын нүд бүрэн хараагүй болж, хиймэл болор суулгасан...” /хх-40-41/,

            гэрч Э.Хөлгөний “...Б- хамраас цус гарсан байдалтай куртикаа авахаар тонгойж байхад нь Энхбаясгалан пивоны шилээр нүүрэнд нь нэг удаа цохисон. Хохирогч нүдээ дараад суусан...” /хх-24/,

            гэрч Т.Байгалийн “...Энхбаясгалан гарч ирээд Б- толгой руу пивоны шилээр цохисон...Батбаярыг куртикаа авах гээд тонгойх үед Энхбаясгалан шатаар бууж ирээд шилээр цохисон. Батбаяр толгойгоо бариад суусан...” /хх-24/,

            гэрч Э.Булгантамирын “...Батбаяр шатан дээр нүдээ дарсан, нүд, хамраас нь цус гарсан байдалтай, нүүр нь битүү цус болсон сууж байсан...” /хх-67/,

            шүүгдэгч Б.Э-гийн “...Тэгээд би хохирогчийг пивоны шилээр цохисон юм шиг байна лээ...Гэхдээ би хохирогчийг шилээр цохиж гэмтэл учруулснаа маш сайн ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Надаас өөр цохисон хүн байхгүй, тухайн үед би баарнаас гарахдаа пиво барьсан гарч байснаа санаж байна...” /хх-138-141/,   

            шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Алинд нь ч үүсгэгдэх боломжтой буюу пивоны шилээр цохих үед үүсгэгдэж болно. Зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх, цус хуралт гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-54-55/ гэх мэдүүлгүүд болон,

            Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 01068 дугаартай өвчний түүх /хх-166-176/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2246 дугаартай “...М.Б-ын зүүн нүдний алимны агуулагдахуун гадагшилсан шарх, цус хуралт /2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн нүдний алимны мэс засал/, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тогтоогдох боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар нэг нүд бүрэн хараагүй болох буюу цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 60 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч М.Б-, Б.Г- нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, М.Б-, Б.Г- нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...” бол гэж хуульчилжээ.

            Хавтас хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд, 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Б.Баттөр “Б.Э-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Б.Э-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, тухайн зүйл, хэсэгт заасан ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-гийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг цээрлүүлэх...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн төдийгүй, тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулжээ.

Хохирогч М.Б- нь “гэмт хэргийн улмаас өөрт учирсан 237.990.623 төгрөгийг баримтыг гаргаж өгсөн байтал анхан шатны шүүхээс Б.Э-г “...шүүхийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй" гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд хохирогчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийж, М.Б- нь цаашид гарах хор уршгийн зардлыг шүүгдэгч Б.Э-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан байх тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Б-, шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Б.Баттөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ          

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ