Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: ******* / өөрийгөө өмгөөлж оролцсон / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 21-22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүс худалдааны төвийн гадна иргэн гийн “Hino” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг ямар ч шалтгаангүйгээр хагалж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 13–ны орой 20 цаг өнгөрч байхад Баруун бүс худалдааны төвийн баруун талаар явдаг засмалын хажууд цемент зарж байсан хүү *******, тухайн машины жолооч гийн хамт пиво уугаад сууж байхаар нь ‘пиво уулаа харьцгаа’ гэж хэлэхэд ‘архи ууж байж ажил бүтдэг юм’ гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ’ гэж хэлээд бага зэрэг маргалдаж байгаад би яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа эргэж ирээд гийн машины салхины урд шилийг чулуугаар цохьчихоод гэр лүүгээ яваад өгсөн юм. Тухайн үед кармандаа явж байсан 10- боолт тайлдаг түлхүүрээр цохиж хагалсан., тухайн түлхүүр нь одоо байхгүй, алга болсон. Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 11цагийн үед уулзсан. Машины шилний мөнгөний талаар тохироод явсан юм. Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, машины шилний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг, / хх- ийн 77-78 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

3. Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баруун бүсийн худалдааны төвийн баруун талд цемент зарж байсан юм. Тухайн үед миний хажууд гэх залуу мөн цемент зарж байсан, орой 19 цаг өнгөрч байхад намайг "ганц пиво ууя, машинд ороод ир” гэхээр нь би машинд суухад 2.5 литртэй Боргио гэх пивыг ганцаараа уугаад дунд нь оруулсан байсан. Тэгээд тухайн пивыг цуг хувааж уугаад сууж байтал буюу 20 цаг өнгөрч байхад гийн аав ******* гуай ирээд хүүхдийнхээ машинд суугаад хүү гаа архи уулаа гэж уурлаад хоорондоо маргалдаж байгаад машинаас буугаад яваад өгсөн, би машинаа түгжээд гэртээ харьж амраад маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад ирэхэд миний машины урд шил хагарсан байхаар нь хойд талын барилгын материалын дэлгүүр орж камер шүүж үзэхэд ******* мөн байсан. Тэгэхээр нь утсаар яриад "та миний машины шилийг хагалсан байна" гэж хэлэхэд “би юу гэж чиний машины шилийг хагалж байдаг юм" гэж хэлэхээр нь "би камерын бичлэг шүүсэн" гэж хэлсэн. Мөн ах нь тухайн үед уур хүрээд машины шилийг чинь хагалсан, манай хүүхдэд битгий хэлээрэй гэж хэлчхээд миний дансыг аваад явсан, тэр өдрөө данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн байсан харин үдээс хойш 17 цагийн үед над руу залгаад ахад нь мөнгө алга байна, цемент авчих, одоо ирээд авчих гэхээр нь одоо завгуй байна, маргааш өглөө авъя гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 22 уут маркийн цемент авчирч өгсөн юм.

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн орчим санагдаж байна, баруун бүсийн худалдааны төвийн баруун талын засмалын хажууд цуг цемент зарж байсан гийн хамт машиндаа пиво уугаад байж байтал аав ирээд “пиво уулаа” гээд загнаж байгаад яваад өгөхөөр нь бид 2 дахин 2 ширхэг пиво авч уугаад дуусгаад харилаа гээд явсан юм. Би машиндаа хоносон юм. Машины шил хагалсан талаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хэлэхээр нь ааваас асуухад “хагалаагүй” гэж хэлж байхаар нь "очиж уулзаарай” гэж хэлсэн. Дараа нь сонсоход шилний мөнгийг төлж барагдуулсан байсан..." гэх мэдүүлэг /хх 86-88 /,

 5. “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн:

... Урд салхины шил 500.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 12-17/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 29-32 /, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай лавлагаа /хх-ийн 59-60 /, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 79-81/ шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 21-22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүс” худалдааны төвийн гадна иргэн гийн “Hino” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг  шалтгаангүйгээр хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж  гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирогч д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар нотлох баримт авагдсан тул  шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд ял оногдуулж, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлснийг харгалзан оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгч *******ы үйл баримтыг бичиж авсан СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд уг  нэг ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох  ялаар ялаас чөлөөлсүгэй.

4.  Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтыг бичиж авсан СД-г эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ