Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 316

 

2018 оны 06 сарын 04 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00316

                    Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Сээр багт оршин суух, ... дугаарын регистртэй, Яргай овогт А.Б ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 153/2018/00208/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 1984 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал хоньчноор, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэмээчнээр тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, 70 дугаар дансны лавлагаа гарч ирэхгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 1984 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зуноров нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч А.Б нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 1984 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч А.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 09 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч А.Б-ын 1980 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 09 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 681 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1980 оноос 1983 он, 1984 он, 1988 он, 1991 он, 1985 он, 1989 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 11-21 дүгээр хуудас/,

- Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 355 дугаар албан бичиг /хх-ийн 22 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1980 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 36-46 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байх үедээ авахуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 47 дугаар хуудас/,

-Гэрч Г.Мандахын ...Би 1956 онд төрсөн. Би 1971 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан. А.Б нь 1963 онд төрсөн. 1979 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад малчнаар ажиллаж байсан. 1984 онд Дүүдэйн Цагаачтай гэр бүл болж 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Сээр бригадад малчнаар ажиллаж байсан. А.Б бид хоёр тухайн үедээ нэг сум, нэгдэлд хамтдаа ажиллаж байсан. Тийм учраас А.Б-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Ч.Дуламсүрэнгийн ...Би 1959 онд төрсөн. 1974 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. А.Б нь 1979 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 онд Д.Цагаачтай гэр бүл болж 1991 оныг хүртэл тус нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан. А.Б нь 1991 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. А.Б-ын аавыг нь Аюуш, ээжийг нь Тогтох гэдэг байсан. Аав ээж нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.Б-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Яргай овогт А.Б-ыг 1980 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 09 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар А.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ