Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0567/Э |
Дугаар | 2022/ШЦТ/604 |
Огноо | 2022-07-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/604
2022 07 06 2022/ШЦТ/604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч Б.Ө /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт БӨт холбогдох эрүүгийн 2211 00711 1268 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тайжууд овогт БӨ, регистрийн дугаар ..................................................,
Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежир мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустай 7 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх станцын ойролцоо хохирогч Ж.Лхагва-Очиртой тухайн цаг үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах үедээ биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салст, цээжинд цус хуралт, баруун дээд, доод уруулын дотор салст, цээжинд цус хуралт, баруун дээд 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч мэдүүлэхдээ миний цээж рүү 4-5 удаа цохисон гэж мэдүүлсэн байдаг. Би түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Цаашид олон залуучууд ийм зүйл битгий гаргаасай гэж хүсч байна.Хохирол төлбөр бүрэн барагдуулсан ” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ж.Лхагва-Очирын “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3-4 дүгээр хороолол орчихоод 16 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдийн хамт Баянбүрдийн тойргоор 5 дугаар сургууль орж хүүхдээ авчихаад явж байтал Гандангийн уулзвараас чигээрээ Тасганы овооны зам уруудаад явж байтал тээврийн хэрэгслийн оношилгооны туслах замаас цагаан өнгийн жижиг суудлын машин гарч ирж байсан бөгөөд би өөрийн асфальтан зам дээр Приус-41 маркийн 2704 УБМ тээврийн хэрэгсэлтэйгээ дөнгөж өнгөрөөд явтал нөгөө машины жолооч “Хөөе наад машин” гээд орилсон. Тэгээд би машиныг нь мөргөчихсөн юм болов уу гэж бодоод буугаад очтол нөгөө машины жолооч залуу намайг “Чи муу оруулчихад яадаг юм. Машин тэрэг яаж байгаа юм” гэсэн. Би “Чи төв замын тээврийн хэрэгслээ өнгөрөөгөөд орох ёстой биз дээ. Машинд чинь хүрээгүй” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би машиндаа суугаад явах гэсэн чинь миний машины ар руу гараараа цохисон. Би буугаад чи миний машиныг сая цохчихлоо ш дээ” гэхэд “Би машиныг чинь цохиогүй гээд бас дахин хэрэлдээд миний цээж рүү нөгөө залуу гараараа 4-5 удаа цохихоор нь би тэр залуугийн машины гупер руу өшиглөөд “Чи яагаад байгаа юм” гэсэн чинь нөгөө залуу “үзчихье банди минь“ гээд гараараа миний хамар хэсэг рүү 4-5 удаа цохисон ... тэр залуу миний нүүр рүү цохиход, миний хамар болон шүднээс цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6246 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ж.Лхагва-Очирын биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салст, цээжинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Бугалга шуунд гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ...” гэжээ /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Өын яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 04 сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд 18-69 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тасганы овооны баруунаас зүүн рүү уруудах зам дагуу байрлах нэг авто оношлогооны төвд үзлэг болон оношлогоонд оруулаад тухайн оношлогооны газраас гараад төв зам руу орж байсан төв замаар чигээрээ явж байсан саарал өнгийн приус 41 загварын тээврийн хэрэгсэлтэй нэг залуу намайг хажуугаас шахаж орж ирээд гүйцэт түрүүлж урд гараад намайг хашиж зоссон. Би тухайн тээврийн хэрэгслийг миний хажуугаар гарахдаа намайг шүргээд гарчихлаа гэж бодоод чи яаж яваад байгаа гэсэн над руу салаавч гаргасан тэгэхээр нь би машинаасаа буугаад машинаа шүргэсэн байн уу гээд харсан сүргэсэн зүйл байхгүй байсан. Тэгээд тухайн залуу өөрөө бууж ирэх гэж байгаад больсоноо машиндаа буцаж суугаад намайг чи муу мангар бацаан гэх зэргээр эхнэрийн хамт хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд машиных нь жолооч талын хойд хаалга хэсэгт нэг удаа цохисон нөгөө машины жолооч бууж ирээд чи муу бацаан гээд миний машины жолооч талын урд гуперны хэсэгт нэг удаа хөлөөрөө өшилөсөн. Тэгээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхэсэн. Тэгсэн намайг зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн залуугийн хамарны баруун хэсэгт нэг зүүн гараараа цохисон тэгсэн нөгөө залуугийн эхнэр нь бууж ирээд чи муу манай нөхөрийг зодлоо гээд надруу дайрч байгаад хэсэг надтай маргалдаж байгаад маргаан үүсгэсэн залуу эхнэртэйгээ буцаад машиндаа суусан. Тэгсэн манай ээж над руу залгаад ирж байна уу хаана явж байна гэхээр нь Тасганы овооны хойд зам дээрээ нэг хүнтэй маргалдсан гээд болсон талаар ярьсан. Ээж над дээр удалгүй ирээд ээж энэ хүмүүстэй чинь уулзъя гээд очсон ээжтэй маргаан үүсгэх гээд байсан. Удалгүй замын цагдаа нар ирсэн юу болоод байгаа талаар асуухаар нь би болсон зүйлийг хэлэхэд замын цагдаагийн шийдвэрлэх асуудал биш гээд бид нар хамт тус хэлтсийн цагдаагийн газар очсон болно. Би иргэн Ж.Лхагва-Очирын биед гэмтэл учруулсан гэдэг ээ хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруугаа ухамсарлаж цаашид иргэн Лхагва-Очирын биед учруулсан гэмтлийн эмчилгээний төлбөрийг төлөх болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,
Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай “...99647036 дугаараас 04/25/2022 17:0:27 цагт хүмүүс “зодолдоод байна” гэх дуудлага гаргасан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч М.Пүрэвдоржийн бичсэн: “...Сод Монгол шатахуун түгээх станцын зүүн талд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага, мэдээллийн дагуу очиж ... иргэн Жаргалсайхан овогтой Лхагва-Очиртой уулзан болсон асуудлыг тодруулахад “48 event hall” нэртэй газрын хойд зам дээр намайг 1 дүгээр эгнээгээр явж байхад туслах замаас орж ирсэн машины жолооч маргалдаж зодолдсон гэсэн ба Батсайхан овогтой Өсөхбаяр-тай маргалдаж зодолдсон байсныг мэдүүлэг авч бүртгэлд оруулсан ба тухайн орчмыг харсан хяналтын камер байхгүй байсан” гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар тал/, жолоочий лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 60 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх станцын ойролцоо хохирогч Ж.Лхагва-Очиртой тухайн цаг үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах үедээ биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салст, цээжинд цус хуралт, баруун дээд, доод уруулын дотор салст, цээжинд цус хуралт, баруун дээд 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ж.Лхагва-Очирын мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6246 дугаартай шинжээчийн /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай “...99647036 дугаараас 04/25/2022 17:0:27 цагт хүмүүс “зодолдоод байна” гэх дуудлага гаргасан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч М.Пүрэвдоржийн бичсэн: “...Сод Монгол шатахуун түгээх станцын зүүн талд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага, мэдээллийн дагуу очиж ... иргэн Жаргалсайхан овогтой Лхагва-Очиртой уулзан болсон асуудлыг тодруулахад “48 event hall” нэртэй газрын хойд зам дээр намайг 1 дүгээр эгнээгээр явж байхад туслах замаас орж ирсэн машины жолооч маргалдаж зодолдсон гэсэн ба Батсайхан овогтой Өсөхбаяр-тай маргалдаж зодолдсон байсныг мэдүүлэг авч бүртгэлд оруулсан ба тухайн орчмыг харсан хяналтын камер байхгүй байсан” гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 7 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.Ө нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ө болон хохирогч нар нь замын хөдөлгөөнд оролцох явцдаа эгнээ, байр эзлэх, асуудлаас үүдэн тухайн цаг хугацаанд таарамжгүй харилцаа үүсгэж, харилцан бие биенийхээ хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхэд халдсаны улмаас шүүгдэгч нь хохирогч Ж.Лхагва-Очирын биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салст, цээжинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний сулрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ... хохирогч нь хагалгаанд орох юм бол тухайн баримтаа цуглуулаад иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Б.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, улсын яллагчын дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Ж.Лхагва-Очир нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын 165.000 төгрөгийн баримтыг гаргаж мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хавсаргуулсан ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед уг хохирлын 165.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр;
мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгийн үед хохирогчийн Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөс 214.000 төгрөгийн гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч үйлчлүүлсэн тусламж үйлчилгээний 214.000 төгрөгний зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдож байна.
Хохирогч Ж.Лхагва-Очир нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт БӨыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хохирогч Ж.Лхагва-Очир нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 165.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ