Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/602

 

 

 

 

 

 

  2022          07          05                                     2022/ШЦТ/602

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ББт холбогдох эрүүгийн 2211 00071 1020 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 29 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 5 дугаар гудамжны 45 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-62 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт ББ /РД:.................................................../.

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Веллмарт Чейн” ХХК-ийн бөөний төвд кассчинаар ажиллаж байх хугацаандаа нийт 1.736.750 төгрөгийн бараа, 313.350 төгрөгийн бэлэн мөнгө буюу нийт 2.050.100 төгрөгийн итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь:

2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Веллмарт Чейн” ХХК-ийн бөөний төвд кассчинаар ажиллаж байх хугацаандаа нийт 1.736.750 төгрөгийн бараа, 313.350 төгрөгийн бэлэн мөнгө буюу нийт 2.050.100 төгрөгийн итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би бага насны 2 хүүхэдтэй, одоо жирэмсэн, удахгүй төрнө.Эрхэлсэн ажилгүй байгаа.Хохирол төлбөрөө төлж барагдуулсан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

“Веллмарт чейн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Дотоод аудитын тайлан, дүгнэлт /хх-ийн 101 дүгээр тал/, тооллогын хуудас /хх-ийн 104-178 дугаар тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-27 дугаар тал/,

“Веллмарт чейн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнийн “...Миний бие Э.Болд-Эрдэнэ нь “Веллмарт Чейн” ХХК-д хуулийн мэргэжилтнээр 2020 оны 03 дугаар сараас эхэлж ажиллаж байгаа бөгөөд манай компани нь хүнсний сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. Б.Б гэх хүн нь 2021 оны 08 дугаар сарын 27-нд “Веллмарт Чейн” ХХК-д бөөний төвийн кассчин албан тушаалд ажилд орсон бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Самбуугийн гудамж 43-1 тоотод байрлах бөөний төвийг хариуцаж байхдаа бөөний төвөөс, 1.736.750 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өөртөө хэрэглэж дутаасан, мөн харилцагчдаас манай компанид төлөх бараа бүтээгдэхүүний төлбөр болох 313.350 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн. Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хаяж явсан. Түүнээс Буяндэлгэрийн 99813035 гэх дугаар руу холбогдох гэсэн боловч холбогдох боломжгүй байсан. Хувийн хэргээс нь нөхөр Мягмарсүрэнгийн 95059607 89250707 дугаарын утсаар холбогдоход "Би өөрөө хөдөө уурхайд ажилладаг юм, эхнэртэйгээ холбоо бариагүй удаж байна, холбоо баривал эргэж холбогдъё" гээд өнөөдрийг хүртэл алга болсон. Иймд манай компаний хохирол болох 2.050.100 төгрөгийг Б.Бээс гаргуулж өгнө үү. Б.Б нь бөөний төвийг хариуцаж ажилладаг байсан бөгөөд бараа хүлээж авах, худалдах, өдрийн бэлэн мөнгөний орлогыг компаний дансанд тушаах, бөөний төвийн бараа бүтээгдэхүүнийг хариуцаж тухайн бөөний төвд ганцаараа ажилладаг байсан. Бидний төвийн хяналтаар төв салбарын зохион байгуулагч Нарантуяа хянадаг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Гэрч О.Нарантуяагийн “...2021 оны 09 дүгээр сард манай Веллмарт Чейн ХХК-д ажил хүсэгчийн анкет өгсөн бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг 5-р хороо Самбуугийн гудамж 43-1 тоотод байрлах Веллмарт Чейн ХХК-ийн бөөний төвийн "Кассчин" албан тушаалд томилогдсон. Тухайн албан тушаал нь бөөний төвд бараа хүлээж авах, барааг зарах, барааны хугацаанд хяналт тавих, барааны өрөлт хураалт, цэвэрлэгээ зэрэг зүйлсийг хариуцдаг. 2021 оны 09 дүгээр сард Буяндэлгэр өмнө ажиллаж байсан Цолмон гэх хүнээс ажлаа хүлээж авсан ба тооллого хийж хүлээлгэж өгч байсан. Буяндэлгэр нь Цолмонгоос ажлаа ямар нэг өр төлбөргүй хүлээж авсан. Манай бөөний төв нь сар тутамд тооллого хийдэг бөгөөд тухайн сар миний бие ээлжийн амралт авч, манай нягтлан Галмандах ковид-19 тусаж тусгаарлалтанд орсон учраас 09 дүгээр сарын 27-нд Даваа гэх нягтлан тооллого хиихэд бараа зөрж байсан. Яг хэр их бараа зөрж байсныг мэдэхгүй байна. Энэ тухай Буяндэлгэрээс асуухад "зөрөх ёсгүй" гэж байсан. Намайг 10 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа ороход Буяндэлгэрийн цалинг хаасан байсан бөгөөд энэ тухай асуухад бараа дутаасан учраас цалинг хаасан гэж тайлбарласан. Намайг ажилдаа орсноос 2 хоногийн дараа Буяндэлгэр хүүхэд нь өвдсөн гэсэн шалтгаанаар 4 хоног чөлөө аваад ажилдаа ороход нь Буяндэлгэрийн хамт тооллого хийхэд 1 сая гаран төгрөгийн бараа дутаж байсан бөгөөд архи, пивоны шилийг хоосолж лангуунд өрсөн байсан мөн касснаас 300.000 төгрөг дутсан байсан. Энэ тухай Буяндэлгэрээс асуухад "Естой мэдэхгүй байна, ёстой мэдэхгүй байна" гэсээр байгаад тэр оройдоо ажлаа хаяад явсан. Буяндэлгэртэй дахиж уулзаагүй залгахад утсаа авдаггүй. 90085275 дугаараас залгахад нь "Ирээд учраа олчих, тэгээд ажилла" гэхэд юм хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Гэрч Т.Ганчимэгийн “...Миний бие "Веллмарт Чейн" ХХК-д 2020 оны 07 дугаар сараас эхлэн нягтлангаар ажиллаж байна. Буяндэлгэр гэх хүн нь манай байгууллагын бөөний төвд кассчин хийдэг байсан юм. Манай салбар дэлгүүрүүд болон бөөний төвд сард нэг удаа тооллого хийдэг бөгөөд хуваарийн дагуу 2021 оны 09 дүгээр сард нягтлан Даваасүрэн бөөний төвд тооллого хийх байсан ч Даваасүрэнгийн бие муу байсан учраас уг тооллогыг дуусгаж чадаагүй. Иймээс 2021 оны 09 дүгээр сард бөөний төвд тооллого хийгдээгүй байсан. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нягтлан Пүрэвдулам кассчин Буяндэлгэр нар бөөний төвд тооллого хийхэд 1.008.220 төгрөгийн бараа дутсан ба Буяндэлгэр тооллогын явцад уг дутсан барааг хувьдаа хэрэглэснээ хүлээж зөвшөөрч тооллогын хуудаснуудад гарын үсэг зурсан. Уг өдрөөс хойш Буяндэлгэр ажилдаа ирэхээ больсон. Дараагаар нь манай салбар дэлгүүрүүд бөөний төвөөс задарсан бараа ирэх боллоо гэсэн гомдол гарах болсон бөгөөд 2021 оны 11 сарын 11-ний өдөр миний бие салбар хариуцсан зохион байгуулагч О.Нарантуяагийн хамт тооллого хийхэд Буяндэлгэрийг ажиллах хугацаандаа салбар дэлгүүрүүд рүү хүргүүлсэн бараанаас 728.530 төгрөгийн дутагдал гарсан. Манай салбар дэлгүүрүүд нь бөөний төвөөс ирсэн бараа дутсан эсхүл задарсан бараа ирсэн тохиолдолд бөөний төв рүү буцааж явуулдаг. Буяндэлгэрийг ажлаа хаяж явснаас хойш ойролцоогоор 2021 оны 12 сар хүртэл ажиллаагүй салбар хариуцсан зохион байгуулагч Нарантуяа 2021 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэл бөөний төвд орж шаардлагатай бараануудыг салбар дэлгүүрүүд рүү хүргүүлдэг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай “...Веллмарт Чэйн ХХК-ийн 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 05/03 дугаартай Дотоод аудитын тайлан нь шинжээчид ирүүлсэн санхүүгийн баримтууд, тооллогын хүрээнд үндэслэлтэй байна. “Веллмарт Чэйн” ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 1.736.750 төгрөгийн барааны дутагдал гарсан байна. Энэ хугацааны барааны дутагдлыг тусад нь тооцох боломжгүй болно. "Веллмарт Чэйн” ХХК-ийн бөөний төвд кассчинаар ажиллаж байсан Б.Б нь барааг хувьдаа завшсан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Нийт 1.736.750 төгрөгийн бараа, 313.350 төгрөгийн бэлэн мөнгө дутсан байна” гэх мэргэшсэн шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 37-39 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн: “би Веллмарт чейн ХХК-д 2021 оны 05 сарын 27-ноос ажилд орсон. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс бөөний төвд нь худалдагч кассчнаар томилогдон ажилласан. Тухайн үед миний 2 хүүгийн цэцэрлэгийн төлбөрт 320,000 төгрөг нэхэгдээд өөрт мөнгөгүй болсон болохоор өдрийн орлогоос 2021 оны 09 сарын сүүлээр 320,000 төгрөг бэлнээр авсан бөгөөд ...урьдчилгаагаа буухаар өгнө гэж бодож байсан. Тухайн үед миний цалин буугаагүй болохоор мөнгөө хийж чадаагүй 2021 оны 9 сард тоолох үед бараа дутсан ...тоолсон чинь 1 сая гаран төгрөгийн бараа дутсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 187-188 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Веллмарт Чейн” ХХК-ийн бөөний төвд кассчинаар ажиллаж байх хугацаандаа нийт 1.736.750 төгрөгийн бараа, 313.350 төгрөгийн бэлэн мөнгө буюу нийт 2.050.100 төгрөгийн итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 2.050.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал /бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эмэгтэй, жирэмсэн/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч /прокурор/-ийн саналыг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт  6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь Веллмарт Чейн” ХХК-д учруулсан хохирлын 2.050.100 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлээр;

Веллмарт Чейн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Болд-Эрдэнээс гаргасан “...Хохирлыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ... Веллмарт Чейн” ХХК-ийн Хаан банкны 5219106107 тоот дансанд шилжүүлсэн ...” гэх хүсэлт зэргээр шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан 2,050,100 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 2,050,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ