| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0573/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/601 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/601
2022 07 05 2022/ШЦТ/601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт АБд холбогдох эрүүгийн 2211 00000 0937 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 3-40 тоотод оршин суух,
Урьд: 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 463 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж тус хорих ялыг тэнссэн,
- 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1699 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж өмнө оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба уг ялаа биелүүлээгүй, хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овогт АБ /РД:........................................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч Боржигон овогт Амарсанаагийн Батжав /РД:УИ94082019/ нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөөний 05-06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, Peace mall худалдааны төвийн зүүн талд байрлах “Шөлөндөө” цайны газраас Samsung А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Саранчимэгт 484.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Боржигон овогт Амарсанаагийн Батжав /РД:УИ94082019/ нь:
2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөөний 05-06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, Peace mall худалдааны төвийн зүүн талд байрлах “Шөлөндөө” цайны газраас Samsung А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Саранчимэгт 484.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Б.Саранчимэгийн “...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Peace mall худалдааны төвийн зүүн талд байрлах “Шөлөндөө” цайны газарт үйлчилгээний менежирээр ажилладаг юм ...2022 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-ны хооронд ажилтай байсан. Өглөө 05 цаг 35 минутын үед ажил дээрээ байхдаа өөрийн Samsung А51 загварын гар утсаа текэн дээр тавьчихаад алчуур угаах гээд ариун цэврийн өрөө орчихсон байхад гаднаас 20-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд миний утсыг текний араас аваад явчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-23 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
Шүүгдэгч А.Бын гэрчээр мэдүүлсэн “...миний бие Амарсанаа овогтой Батжав нь өөрийн найз Зоригийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо байрыг нь мэдэхгүй байна гэх Шөлөндөөгийн ард байрлах өндөр байр байсан. Тэнд манай найз Зориг амьдардаг юм. Гэрт нь бид хоёр нэг шил Хараа гэх нэршилтэй 0,5 литрийн савалгаатай архийг хувааж уусан. Тэгээд унтаж байгаад үүрээр буюу 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 цаг өнгөрөөгөөд 06 цаг болох гэж байхад тэднийхээс гарсан. Гарчихаад гэрийнх нь урд байрлах Шөлөндөө рүү хоол идэх гээд орсон. Тэгээд хоол авах гэтэл текэн дээр нь улаан өнгийн утас байсан маркийг нь мэдэхгүй байна. Тэгээд би утсыг нь аваад гараад явсан. Тэндээсээ гараад Хөдөө аж ахуйн автобусны буудлын ойролцоо байрлах Шөлөндөө орж хоол идсэн ... уг авсан гар утсыг Тэди үйлчилгээний төвийн үүдэнд 07 цагийн орчимд саарал машинтай 3 залууд 150.000 төгрөгөөр худалдсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/, мөн түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32/, иргэний үнэмлэхний мэдээлэл /хх 55/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 43-53/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Боржигон овогт Амарсанаагийн Батжав /РД:УИ94082019/ нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өглөөний 05-06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, Peace mall худалдааны төвийн зүүн талд байрлах “Шөлөндөө” цайны газраас Samsung А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Саранчимэгт 484.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Саранчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-23 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгч, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-70, 8 х/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм буруугийн санаатай хэлбэр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл ба тухайн хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ талаар маргаангүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Иймд шүүгдэгч А.Быг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, түүний цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцох саналтай, шүүгдэгчид урд нь оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай, шүүдэгч А.Баас 484.700 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр, шийдвэрлэж өгнө үү ...” гэх хүсэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч А.Быг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол нөхөн төлөөгүй/, хувийн байдал /урьд шүүхээр ял шийтгэгдсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 472 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан ба тэрээр уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлээгүй талаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4/9072 дугаар албан тоотонд тусгажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу А.Бд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 472 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.Бын цагдан хоригдсон 59 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (59x8=472) тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгаагүй байх тул хохирлын 484.700 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Саранчимэгт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт АБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 484.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 472 /дөрвөн зуун далан хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.Бын цагдан хоригдсон 59 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (59x8=472) тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 472 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч А.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Баас хохирлын 484.700 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Саранчимэгт олгосугай.
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ