Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/600

 

 

 

 

  2022        07          05                                     2022/ШЦТ/600

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт БДд холбогдох эрүүгийн 2211 00000 0472 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 59-768 тоотод оршин суух,

урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,

Боржгон овогт БД /РД:....................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” худалдааны төвийн махны хөргүүрийн ажилтан Д.Нэргүйд “Нараа гэх хүн үхрийн шулсан мах аваад ир гэж байна” гэж хэлэн хуурч, тус хөргүүрт байсан иргэн Д.Наранцэцэгийн эзэмшлийн 21 кг 800 грамм үхрийн гуяны цул махыг нь авч яван залилан, бусдад 283.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Д нь:

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” худалдааны төвийн махны хөргүүрийн ажилтан Д.Нэргүйд “Нараа гэх хүн үхрийн шулсан мах аваад ир гэж байна” гэж хэлэн хуурч, тус хөргүүрт байсан иргэн Д.Наранцэцэгийн эзэмшлийн 21 кг 800 грамм үхрийн гуяны цул махыг нь авч яван залилан, бусдад 283.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохиролоо төлсөн,нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Д.Наранцэцэгийн “... Би Хүчит Шонхор захын 43-р лангуун дээр үхрийн мах зардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би орой 18 цагийн үед үхрийн гуяны цул мах 21 кг 800 грам махаа зооринд буюу хөргүүрт хадгалуулсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би хөргүүрээс махаа авах гээд орсон чинь хөргүүрийн эзэн Нэргүй байхгүй байхаар нь би гар утсаар нь дуудаад хөргүүр лүү бид хоёр хамт ороод үлдээсэн үхрийн гуяны цул махаа авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгсэн чинь Нэргүй дээр 2-3 хоногийн өмнө танай зөөгч аваад явсан гэсэн. Тэгээд би зөөгч Лхагвааг дуудаад манай зөөгч энэ байна гээд Нэргүйд харуулсан чинь энэ хүүхэд авч яваагүй Дашка гэх залуу шар хувцастай зөөгч махыг чинь аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ зөөгчөөр ганцхан махаа зөөлгөдөг тухайн хүн чинь худлаа хэлж авч явсан байна чи учрыг нь олоорой гэж хэлээд салсан юм. Тэгээд 2 хоногийн дараа Нэргүй над руу яриад би камерын бичлэгээ шүүж үзлээ Дашдагва гэх хүн хөргүүрээс махыг чинь аваад явсан гэж надад зургийг нь үзүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Гэрч Д.Нэргүйн “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би “Хүчит шонхор” худалдааны төвийн хөргүүрийн агуулах дээр ажиллаж байсан. Манайх хүмүүсийн махыг хөргөгчинд хадгалаад өгдөг юм. 13 цагийн үед Дашка гэх хүн орж ирээд жижиг Нараагийн үхрийн гуяны ууттай махыг авья гээд хөргүүр лүү ганцаараа орсон. Тэгээд хөргүүр дотор хоёр удаа юм унаж байгаа дуу гарахаар нь би яваад орсон чинь Дашка өөр хүний мах авах гээд буулгачихсан байсан. Тэгэхээр нь би чи хэний махыг авах гэж байгаа юм гэхээр жижиг Нараагийн гуяны ууттай махыг авна гэхээр нь наад мах чинь биш наадхаа буцаагаад байранд нь тавь гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг ууттай махыг буцаагаад дээш нь тавих гэсэн чинь дийлэхгүй хүн дуудаад тавиулаад би жижиг Нараагийн махыг зааж өгсөн чинь Дашка өргөөд аваад гарсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Хүчит шонхор” захын цайны газар цай уугаад байж байсан чинь жижиг Нараа над руу залгаад махаа авах гэсэн юм хөргүүр дээр чинь би ирчихсэн байна гээд байхаар нь явж очоод махнуудыг нь өгсөн чинь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн гуяны ууттай мах байхгүй байна гээд байхаар нь би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дашка гэх хүнээр махыг чинь өгөөд явуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 53-57 дугаар тал/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,

Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 50/9498 дугаартай албан бичиг /хх-ийн 27 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Дашдагвын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 10 сараас хойш Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Хүчит Шонхор” зах худалдааны төвийн үхрийн мах зардаг лангууны ойролцоо хашаан дотор 100-гийн шуудай хүмүүст зараад мах үүрдэг байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би 14 цагийн үед гэж бодож байна “Хүчит Шонхор” захын дайвар бүтээгдэхүүний баруун талд байрлах махны том зоорьноос Нараа гэх хүний үхрийн шулсан мах аваад ир гэж хэлээд зоорьны хүүхэнд хэлсэн чинь тухайн эмэгтэй надад ууттай мах хөргүүрээс ав гэж хэлээд Нараад аваачиж өг гэж хэлэхээр нь би махыг нь хөргүүрээс аваад гарсан юм. Тэгээд би махыг нь үүрч гараад Нараа гэх хүнд аваачиж өгөлгүйгээр дэнжийн мянга руу уруудаад цайны газарт 120000 төгрөгөөр зарсан ...би Нараа гэх хүнд учирсан хохирлыг төлж барагдуулсан ...би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Ахиж ийм зүйл хийхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,

 Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 85-86 дугаар тал/, хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 115 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” худалдааны төвийн махны хөргүүрийн ажилтан Д.Нэргүйд “Нараа гэх хүн үхрийн шулсан мах аваад ир гэж байна” гэж хэлэн хуурч, тус хөргүүрт байсан иргэн Д.Наранцэцэгийн эзэмшлийн 21 кг 800 грамм үхрийн гуяны цул махыг нь авч яван залилан, бусдад 283.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Дашдагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилан 283.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, түүний цагдан хоригдсон 36 хонийг эдлэх ялд нь тооцуулах, түүнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах, цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь тооцуулах саналтай ... гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул 290 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Шүүх шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 288 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, цагдан хоригдсон 36 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (36x8=288) тооцож, эдлэх ялаас хасаж түүнийг ял эдэлсэнд тооцов.

Шүүгдэгч Б.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:   

Шүүгдэгч Б.Д нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Наранцэцэгт 284.300 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны үед уг хохирлыг төлж хор уршгийг арилгасан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь; хохирогч Д.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтэд “...уг хэргийн холбогдогч Б.Д нь надад учирсан 284.300 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал байхгүй ...” гэжээ.

Иймд Б.Дашдагвыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи /хх-52/-г  хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт БДыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилан 283.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдагвыг 288 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Дашдагвын цагдан хоригдсон 36 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (36x8=288) тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцсугай.

4. Шүүгдэгч Б.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи /хх 52/-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ