Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 363

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00363

                        Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дуут сум, Хөх бэлчир багт оршин суух, П.... дугаарын регистртэй, Ч овогт Х-ийн О-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 153/2018/00293/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.О нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1981 оны 06 дугаар сараас эхлээд эвлэлийн илгээлтээр малчин болж Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч миний 1983 оноос 1990 онуудад ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч архивын лавлагаа дутуу гарч ирсний улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.О нь 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 770 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадын 1983 оноос 1987 он, 1989 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 9-16 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 19-31 дүгээр хуудас/

- Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2017/00580 дугаар шийдвэр /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

-Гэрч М.Мөнхжаргалын ...Би 1968 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуулийн 3 дугаар ангийг төгсөөд сургуулиас гарсан. Улмаар эцэг эхийн хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1972 онд цэргийн албанд татагдаж, 1975 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Х.О нь 1981 оны 06 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд эцэг эхийн хамт нэгдэл тарах хүртэл саальчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэл 1990 онд тарсан. Нэгдэл тараад Таван-Эрдэнэ компани болсон. Х.О нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1990 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Мээрэн гэх газар мал маллаж амьдарч байна. Х.О-ийн аавыг нь Х, ээжийг нь Д гэдэг. Аав ээж нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Х.О-н нөхрийг нь Ш гэдэг. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Х.О-н ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.О-н ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чоно овогт Хөөдөөгийн О-ийг 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Х.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОЮУН-ЭРДЭНЭ