| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00298/и |
| Дугаар | 364 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, Намарзан багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Б овогт П Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 153/2018/00298/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1982 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Миний бие 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу тухайн үеийн 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна. Иймд намайг 1972 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч П.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч П.Б нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
- хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 917 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 13-23 дугаар хуудас/,
-Гэрч С.Амгалангийн ...Би 1953 онд төрсөн. 1960 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бага сургуульд элсэн орж 1964 онд төгссөн. Сургуулиа төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байсан. Улмаар 16 насанд хүрч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн гишүүнээр элсэн орж 1993 оныг хүртэл нэгдлийн малчнаар ажиллаж байсан. П.Б нь 1960 онд төрсөн. 1968 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бага сургуульд элсэн орсон. 1972 онд 4 дүгээр ангиа төгссөн. Улмаар 16 насанд хүрээд нэгдлийн гишүүнээр элсэж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Ж.Баттулгын ...Би 1947 онд төрсөн. 1956 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бага сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1960 онд төгссөн. 4 дүгээр ангиа төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад эцэг эхийн хамт малчнаар ажилалж байсан. 1967 онд цэргийн албанд татагдаж, 1970 онд цэргээс халагдаж ирсэн. 1970 онд цэргээс халагдаж ирсэн цагаас хойш 1992 оны 03 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Сумын 2 удаагийн аварга малчин болж байсан. П.Б нь 1960 онд төрсөн. 1968 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бага сургуульд элсэн орсон. 16 насанд хүрээд нэгдлийн гишүүнээр элсэж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Б-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт П Б-ыг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар П.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ