| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0550/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/577 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/577
2022 06 29 2022/ШЦТ/577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч Ш.З /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт ШЗд холбогдох эрүүгийн 2211 00000 1260 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Баяжих овогт ШЗ, регистрийн дугаар .....................................,
Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 20 дугаар гудамжны 219 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11-1-14 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч Ш.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах вьетнам засварын газрын үүдэнд байрлуулсан иргэн Т.Ганхуягийн эзэмшлийн вьетнам авто засварын газарт засуулахаар өгсөн байсан Тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ш.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Ганхуягийн “...2022 оны 05 сарын 16-ны өдөр NHW20-3464734- 1490 сс арлын дугаартай приүс 20 маркийн авто тээврийн хэрэгсэл гааль дээрээс аваад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах вьетнам засварын газарт машины арын гупер будуулахаар өгсөн. 2022 оны 05 сарын 19-ний өдрийн 11 цагийн үед над руу миний машинаа өгсөн вьетнам засварын газраас залгахаар нь би машин дээрээ иртэл миний машин 2022 оны 05 сарын 19-ний өдөр өгсөн алга болсон байсан. Миний хулгайд алдагдсан саарал өнгийн приүс 20 маркийн авто тээврийн хэрэгсэл 2008 онд үйлдвэрлэгдсэн зах зээлийн ханш нь 20.000.000 төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэл байсан. Монголд 2022 оны 05 сарын 16-ны өдөр орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Энхтуяагийн “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагийн орчимд манай түүхий эдийн цэг дээр 2 залуу ирээд 1 ширхэг дугуйг өглөө зогсож байсан манай дүү Баярсайханд 1 ширхэгийг нь 20.000 төгрөгөөр зарчихаад явсан байсан бөгөөд би өөрийн ажил дээрээ 10 цаг өнгөрч байхад ирээд өглөө ажиллаж байсан дүү болох Баярсайхныг гэрт нь хариулчихаад ажлаа хийгээд сууж байтал өдрийн 14 цаг өнгөрч байхад манай хогийн цэг дээр 2 ширхэг дугуй барьсан залуу ирээд дугуй авах уу гэхээр нь би ямар учиртай дугуй юм бэ гэж хэлэхэд нэг залуу нь би приус 20 маркийн машинаа задалж зарж байгаа юм гэж хэлэхээр нь би дотороо энэ залуу машин нь бүүр болохоо болиод зарж байгаа юм байна даа гэж бодоод над дээр авч ирсэн 2 ширхэг дугуйг тус бүрийг 20.000 төгрөгөөр тооцож нийт 40.000 төгрөгөөр 2 ширхэг дугуй худалдаж авсан бөгөөд тухайн 2 дугуй нь өглөө манай цэг дээр ажиллаж байсан дүү болох Баярсайхны худалдаж авсан дугуйтай ижил дугуй байсан бөгөөд өглөө ажиллаж байсан манай дүү болох Баярсайхан мөн адил тухайн 2 залуугаас 1 ширхэг миний авсантай ижил дугуйг 20.000 төгрөгөөр авсан байсан. Ингээд нийт манай цэгт тухайн 2 үл таних залуу 3 ширхэг приус 20 маркийн авто тээврийн хэрэгслийн дугуйг нийт 60.000 төгрөгөөр зарчихаад явсаны дараа удалгүй Цагдаа нар ирж тухайн 3 дугуйг хураан авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3914 дугаартай “...Тоёота приус 20 маркийн автомашин 21.000.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50-52 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-22 дугаар тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24, 26 дугаар тал/,
Шүүгдэгч Ш.Зийн “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад би өөрийн ээж болох Бортой хамт амьдардаг гэр болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11-1-14 тоотоос гарч дэлгүүрээс 1 шил 05 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи, 2 лааз Боргио гэх нэртэй пиво аваад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт очиж ганцаараа гадаа ууж сууж байгаад шөнийн 02 цагийн үед нэлээн согтоод зурагтаас Гандан руу уруудаж байтал нэг машин угаалгын хажууд 3 машин эгнүүлээд тавьчихсан байхаар нь би хамгийн арын машины хаалгыг татаж үзэхэд бүх хаалга нь цоожтой байхаар нь би голд байрлуулсан байсан саарал өнгийн Улсын дугааргүй приус 20 маркийн авто тээврийн хэрэгслийн баруун талын арын хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь би тухайн машин дотор ороод суухад машин асаалттай байсан бөгөөд тухайн үеэс эхлээд би нэлээн согтоод миний ухаан санаа орж гараад нэг ухаан ороход би сууж байсан приус 20 маркийн саарал өнгийн машинаа барьчихсан явж байсан санагдаж байна тэгээд би тухайн машинаа өөрийн аавын дүүгийн хүүхэд үеэл болох Пунцагбалжирын амьдардаг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 20-9 тоот хаяган дээр авч ирээд Пунцагбалжирын хашааны хаалгыг давж ороод хаалгыг нь онгойлгоод машинаа оруулж тавьчихаад хашаанаас нь гарч явсан тухайн үед цаг үүрийн 04 цаг өнгөрч байсан. Би гудамжинд гарч унтчихаад өглөө сэрээд гудамжинд алхаж явтал Эрдэнэхуяг гэх миний хуучны танил тааралдхаар нь хамт архи ууя миний машины дугуйг хамтдаа задлаад зарж мөнгө олоод архи ууя гэсэн санал тавьтал Эрдэнэхуяг зөвшөөрхөөр Эрдэнэхуяг бид 2 хамт Пунцагбалжирын хашаанд эргэж ороод шөнө авч ирж тавьсан приус 20 маркийн авто тээврийн хэрэгслийхээ баруун хойд талын дугуйг ганцаараа тайлаад оронд нь багаажинд нь байсан аваарын шар дугуйг тавьчихаад тухайн авсан 1 ширхэг дугуйгаа Баянбүрдийн тойргийн ард талд байрлах түүхийн эдийн цэг дээр очиж 20.000 төгрөгөнд зарсан бөгөөд би зарахдаа би өөрийхөө машиныг задалж зарж байгаамаа гэж хэлсэн. Ингээд эхний дугуйгаа 20.000 төгрөгөнд зараад мөнгөөрөө 2 шил 075 литрийн хэмжээтэй Чанар гэх нэртэй архи аваад тухайн архиа Эрдэнэхуяг бид 2 хамт гудамжинд байсан танихгүй 3 хүнтэй /архи уудаг орон гэргүй хүмүүс/ хувааж уучихаад Эрдэнэхуяг бид 2 эргэж Пунцагбалжирийн хашаанд очоод Пунцагбалжирийн хашаанд оруулаад тавьчихсан байсан саарал өнгийн приус 20 маркийн авто тээврийн хэрэгслийн зүүн урд, зүүн хойд дугуйг дахин салгаж аваад 2 дугуйгаа анх дугуй зарсан хоёрдогч түүхий эд авах цэг дээр дахин авч очин өөрийхөө машиныг задалж зарж байгаа юм 2 дугуйгаа нийлүүлээд 40.000 төгрөгөнд зараад мөнгөөрөө буудлын цайны газарт орж хоол идээд 1 шил архи дэлгүүрээс авч хувааж уучихаад эргээд Пунцагбалжирийн гэр болох Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 20-219 тоотод ирэхэд Цагдаа нар ирчихсэн байсан ...би үйлдсэн хэрэгтээ их харамсаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Эдгээр баримтуудаар,
шүүгдэгч Ш.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах вьетнам засварын газрын үүдэнд байрлуулсан иргэн Т.Ганхуягийн эзэмшлийн вьетнам авто засварын газарт засуулахаар өгсөн байсан Тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Ганхуягийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Энхтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-22 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3914 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50-52 дугаар тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24, 26 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ш.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Ш.З нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй боловч хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар зөрсөн нь хялбаршуулах боломжгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 32 дугаар “Хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай” Прокурорын тогтоол үйлджээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү ...” гэж мэдүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь”...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн 3 сонгомол санкцтай тул шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах боломжгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Ш.З нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нь түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэнэ.
Харин шүүгдэгч Ш.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З нь оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Т.Ганхуяг болон иргэний нэхэмжлэгч Ц.Энхтуяа нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь хулгайлан авсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24, 26 дугаар тал/-ээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяжих овогт ШЗийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Зийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З нь оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ