Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Тахилт багт оршин суух, ..... дугаарын регистртэй, С овогт Т-ийн Н-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 153/2018/00326/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд аав ээжийн хамт 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн алба хаасан. 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архивын лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу хохироход хүрээд байна. Иймд намайг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Т.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Миний бие нь тус шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Гэвч зуншилга муутай Ховд аймгийн Үенч суманд оторлож байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Т.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Н нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 870 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын 2 дугаар бригадын 1974 оноос 1977 он, 1980 оноос 1981 он, Тахилт бригадын 1985 оноос 1987 он, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 9-13 дугаар хуудас/

- Батлан хамгаалахын төв архивын лавлагаа /хх-ийн 14 дүгээр хуудас/

-Хүсэлт гаргагчийн 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Аваргын диплом-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 16 дугаар хуудас/, Ховд аймгийн Мянгад сумын АДХ-ийн гүйцэтгэх захиргаанаас олгосон мэндчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17 дугаар хуудас/, 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн аваргын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18 дугаар хуудас/, 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн аваргын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 19 дүгээр хуудас/, хүндэт самбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 20 дугаар хуудас/, хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэх гэрэл зургууд /хх-ийн 44-46 дугаар хуудас/, 1987 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 37 дугаар хуудас/, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн сайшаалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 38 дугаар хуудас/, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/, 1988 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/, 1991 о ны 05 дугаар сарын 28-ны өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/, 1986 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,

Хүсэлт гаргагчийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/,

-Гэрч Д.Алтангадасын ...Би 1957 онд төрсөн. 1975 оноос 1978 оныг хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1978 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад аж ахуйн эрхлэгчээр ажилд орж 1983 оныг хүртэл ажилласан. 1983 оноос Ховд аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар 1997 оны 08 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. 1997 оны 08 дугаар сараас 2013 оныг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт мал маллаж байсан. Т.Н нь бага залуу наснаасаа эхлээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд адуучнаар ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад адуучнаар үргэлжлүүлэн 1994 онд нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэл 1994 онд тарсан. Нэгдэл тараад ямар нэгэн компани болоогүй. Хувьдаа гарсан. Тухайн үеийн нэгдлийн даргаар Регжевел, Сандаг, Санжаа зэрэг хүмүүс ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Н-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С овогт Т Н-г 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Т.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ