Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/576

 

 

 

 

 

  2022        06          29                                     2022/ШЦТ/576

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Э.Ч /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

шүүгдэгч М.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт ЭЧ, Урианхан овогт МЭ нарт холбогдох эрүүгийн 2211 00000 1127 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21-43 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Хотгойд овогт ЭЧ /РД:................................../.

2. Монгол улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Кино урлагийн дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 28 дугаар гудамж 359 тоотод оршин суух,

урьд: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан,  хэрэг хариуцах чадвартай,

Урианхан овогт МЭ /РД:......................................................./.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч Э.Ч нь М.Этай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Хишигнямын эзэмшлийн 609.700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Ч нь М.Этай бүлэглэн:

2022 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Хишигнямын эзэмшлийн 609.700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэж авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Сүхбаатар дүүрэг дээр давхар хэрэгтэй байгаа. Тэр хэрэгтэйгээ нэгтүүлж шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Г.Хишигнямын “...Би 2022 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд амьдардаг найз Төгөлдөрийн гэрээс 02 цагийн орчимд гарсан. Тэндээс би ганцаараа гараад гэр лүүгээ явах гээд төв зам руу алхаад явж байсан чинь үл таних хоёр эрэгтэй хүн намайг “хөөе нааш ир” гээд дуудсан. Тэгэхлээр нь би тэр хоёрын эсрэг зүг рүү алхаад явсан чинь тэр хоёр эрэгтэй миний араас гүйж ирээд нэг эрэгтэй нь миний зүүн гараас бариад авсан. Тэр хоёр залуугийн нэг нь 180 орчим см өндөртэй, туранхай цайвар цагаан царайтай, богино үстэй эрэгтэй хүн байсан. Нөгөөх нь 170-175 см орчим өндөртэй хар бараан өнгийн хувцастай богино үстэй эрэгтэй байсан. Тэгээд тэр хоёрын нэг нь надаас “тамхи байна уу” гэж асуусан. Тэгэхлээр нь би тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгсэн надаас дахиад “тамхи байна уу” гээд асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр намайг ойролцоо байрлах сандал дээр суулгаад миний үснээс зулгаагаад урагш тонгойлгоод дараад байсан. Тэр үед миний духны зүүн талын хэсэг, хамар луу 3-4 удаа гараараа цохих шиг болсон. Би тэр үед хоёр гараараа нүүрээ хамгаалж байсан чинь миний баруун талын халаасанд байсан Samsung А-52 загварын гар утсыг намхан нуруутай эрэгтэй нь аваад тэр хоёр эрэгтэй хүн баруун зүгт чиглэн гүйсэн. Тэр хоёр намайг цохиж байх үедээ хэл амаар доромжлоод айлган сүрдүүлж байсан. Би тэр хоёр хүнд хутга байсан эсэхийг нь мэдэхгүй байна намайг хутгалан дүрнэ шүү гээд байсан энэ үйлд явдал маш хурдан болж өнгөрсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 13-14 дүгээр тал/,

Гэрч П.Золбаярын “...Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд найз М.Э, Оргил, Чингүүн нартай уулзаад машинд пиво уусан. Тэгээд 02 цаг болж байсан санагдаж байна тэр үед Чингүүн, Оргил, Эрдэнэбаяр нар биеэ засах гээд машинаас буугаад ойролцоо байрлах граж руу чиглэн явсан би тэр үед машиндаа сууж байсан чинь ойролцоо байрлах талбай дээр нэг согтуу хүн явж байсан чинь Чингүн, Эрдэнэбаяр нар цаанаас ирж таарсан. Тэгээд тэр гурав тухайн үед хоорондоо маргалдаад байсан. Тэгээд чинь Оргил ирээд бид хоёрыг явж бай гэж хэлсэн гээд машинд суусан. Тэгээд Оргил бид хоёр тэндээс хөдлөөд “Басархан” гэсэн нэртэй цэцэрлэгийн хойд тал руу байран дунд зогсож байсан чинь Эрдэнэбаяр над руу залгаад замын эсрэг талд байх Вест гэсэн нэртэй зочид буудлын урд талын зогсоол дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би зогсож байсан газраасаа хөдлөөд байран дундуур яваад нисдэг машин худалдааны төвийн эсрэг талаар гарч ирээд шууд Вест зочид буудлын автомашины зогсоол руу ороод байж байтал Чингүүн, Эрдэнэбаяр хоёр зам хөндлөн гараад гүйгээд ирсэн. Тэгээд тэндээ удалгүй тэр хоёр машинд суугаад Гэсэр сүмийн уулзвараар зуун гар тийш эргээд 25 дугаар байрны ар талын автомашины зогсоол дээр ирээд зогссон. Тэр хоёр анх машинд суухдаа 2а байрны гадна талын талбай дээр явж байсан эрэгтэй хүний гар утсыг нь авчихсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Гэрч Г.Оргилын “...Тэгээд бие засчихаад буцаад ирсэн чинь Чингүүн, Эрдэнэбаяр хоёр үл таних эрэгтэй хүнтэй хамт юм яриад зогсож байсан. Тэгэхлээр нь би тэр хоёрыг наадахаа болчихлоо явъя гэсэн чинь тэр хоёр надад юм хэлээгүй. Тэгээд машинд суугаад Золбаяр бид хоёр 50 дугаар сургуулийн ойролцоо байрлах байранд дунд очоод зогссон. Тэгсэн чинь Золбаяр луу М.Э залгаад бид хоёрыг Вест зочид буудлын автомашины зогсоол дээр хүрээд ир гэж дуудсан тэгээд бид хоёр тэр газар нь яваад очсон чинь Чингүүн, Эрдэнэбаяр нар ирсэн тэгээд та хоёр машинд суугаад тэндээсээ хөдөлж жаахан явж байгаад нэг лаазтай пиво уучихаад би гэртээ харсан. Би тэр өдөр би Чингүүн, Золбаяр нарыг тэнд явж байсан хүний гар утсыг авсныг мэдээгүй 2-3 хоногийн дараа уулзахад М.Эын машинд гар утас байж байсан. Тэгэхлээр нь би энэ хэний гар утас вэ гэсэн чинь М.Э харин дээр шөнө таарсан залуугийн гар утсыг согтуудаа авчихсан байна лээ гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн ЧД-22-518 дугаартай “ ...Самсунг А52 загварын гар утас 609.700 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

Шүүгдэгч М.Эын “би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед найз Оргил бид хоёр уулзаад Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 2а байрны ард миний приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор 2.5 литр хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво хувааж уусан ба ууж дууссаны дараа найз Чингүн ирж бид гурав хажууд талын байр болох 2в байрны “Т миний маркет” гэсэн нэртэй дэлгүүр лүү орж 0.5 литр хэмжээтэй пиво хүн тус бүрийн 1 лаазыг авч уусан ба удалгүй найз Золбаяр ирж дахин 2.5 литр хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 2 ширхийг авч машиндаа хувааж уусан ба Золбаяр машин барих гэж ирсэн тул пиво уугаагүй. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад буюу 2022 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингүн бид хоёр машинаас бууж 2в байрны ард талд байх граж руу очиж бие засчихаад буцаад явж байхад уг байрны урд талын жижигхэн сүүдрэвчтэй модон сандал рүү зүглээд дэлгүүрийн урдуур нэг залуу алхаж байсан. Тэгэхээр нь би Чингүн бид хоёр тэр залууг дуудаж ирүүлээд тамхи асуусан чинь хайрцагтай тамхи гаргаж ирээд бид хоёрт 2 ширхгийг өгсөн. Тэгээд бид хоёр үргэлжлүүлэн гал асуусан чинь байхгүй гэхээр нь хажууд байсан сандал руу сууя гээд дагуулж яваад хамт суулгаад, би тэр залууд гар утсаа гаргаад ир гэж хэлэхэд гар утсаа гаргаж өгөхгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр залуугийн цээж рүү нь нэг нэг удаа гараараа цохиж гар утсаа гаргаж ир пизда минь гэж хэлж айлгахад тэр залуу Samsung А52 маркийн гар утсаа гаргаж өгсөн ба би гар утсыг нь авч Чингүн бид хоёр хамт цааш гүйж машин руугаа очиж суусан. Тэгээд бид нар Оргилыг гэрт хүргэж өгөөд 50 дугаар сургууль 25 дугаар байрны ард ирж зогссон ба Золбаяр ажил руугаа явж Чингүн бид хоёр машиндаа унтсан. Тэгээд өглөө сэрээд Чингүн бид хоёр гэр гэр лүүгээ харьсан ба дээрэмдсэн гар утсаа миний машинд үлдсэн. Тэгээд байж байхад 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр миний утас руу цагдаагаас залгаж надтай ярьсан ба би дээрэмдсэн Samsung А52 маркийн гар утсаа цагдаагийн газарт аваачин хүлээлгэн өгсөн ...миний хувьд бусдын Samsung A52 маркийн гар утсыг хүч хэрэглэн, айлган авсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна. Би согтуудаа Чингүн найзтайгаа хамтарч бусдыг дээрэмдсэндээ харамсаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Чий “Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 22-23 цагийн үед Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 2а байрны ард очиж найз Эрдэнэбаяр, Оргил хоёртой Эрдэнэбаярын приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор уулзсан. Намайг очиход тэр  хоёр 2.5 литр хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво хувааж уучихсан байсан ба бид гурав хажууд талын байр болох 2в байрны “Т миний маркет” гэсэн нэртэй дэлгүүр лүү орж 0.5 литр хэмжээтэй лаазтай пиво 3 ширгийг авч уусан ба ингээд байж байхад найз Золбаяр машин барихаар ирсэн ба бид гурав дахин 2.5 литр хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 2 ширхийг авч машиндаа хувааж уусан. Золбаяр машин барих гэж ирсэн тул уугаагүй. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад буюу 2022 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Эрдэнэбаяр бид хоёр машинаас бууж 2в байрны ард талд байх граж руу очиж бие засчихаад буцаад явж байхад уг байрны урд талын жижигхэн сүүдрэвчтэй модон сандал рүү зүглээд дэлгүүрийн урдуур нэг залуу алхаж байсан. Тэгэхээр нь Эрдэнэбаяр бид хоёр тэр залууг дуудаж ирүүлээд тамхи асуусан чинь хайрцагтай тамхи гаргаж ирээд бид хоёрт 2 ширхгийг өгсөн. Тэгээд бид хоёр үргэлжлүүлэн гал асуусан чинь байхгүй гэхээр нь хажууд байсан сандал руу сууя гээд дагуулж яваад хамт суулгаж, Эрдэнэбаяр тэр залууд гар утсаа гаргаад ир гэж хэлэхэд гар утсаа гаргаж өгөхгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр залуугийн цээж рүү нь нэг нэг удаа гараараа цохиж rap утсаа гаргаж ир гөлөг минь, пизда минь гэж айлгахад Samsung А52 маркийн гар утсаа гаргаж өгсөн ба Эрдэнэбаяр гар утсыг нь авч бид хоёр хамт цааш гүйж машин руугаа очиж суусан. Тэгээд бид нар Оргилыг гэрт хүргэж өгөөд 50 дугаар сургууль 25 дугаар байрны ард ирж зогссон ба Золбаяр ажил руугаа явж Эрдэнэбаяр бид хоёр машиндаа унтсан. Тэгээд өглөө сэрээд Чингүн бид хоёр гэр гэр лүүгээ харьсан ба дээрэмдсэн гар утсаа Эрдэнэбаярын машинд үлдсэн. Тэгээд байж байхад 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цагдаагаас Эрдэнэбаяр бид хоёр луу цагдаагаас ярьсан ба бид хоёр дээрэмдсэн Samsung А52 маркийн гар утсаа цагдаагийн газарт аваачин хүлээлгэн өгсөн ...миний хувьд бусдын А52 маркийн гар утсыг хүч хэрэглэн, айлган авсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна. Би согтуудаа Эрдэнэбаяр найзтайгаа хамтарч бусдыг дээрэмдсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дугаар тал/,

Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45, 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47, 52/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 82, 83/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 80-81 дүгээр тал/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Э.Ч нь М.Этай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Хишигнямын эзэмшлийн 609.700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч М.Э, Э.Ч нар нь “ ... хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар ...” тогтоосон гэмт хэрэг тус тус үйлдсэн бөгөөд гэм буруугаа тэдгээр нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн Samsung A52 загварын гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн /хх 35/  зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан хорих ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нар гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаараа хүсэлт гаргаж, гэм буруу, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа дахин мэдүүлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэх нь “ ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Ингэхдээ мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасан ...шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Э, Э.Ч нар нь хүсэлтээсээ татгалзсан, энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ч нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар хэрэгтэй байгаа тул нэгтгүүлмээр байна гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч М.Э, Э.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаараар хорих ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж эдлэх ялыг нь 2022 оны 06 дугаар сарын 29ий өдрөөс эхлэн тус тус тоолох нь зүйтэй.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нар нь хохирогчийн Samsung A52 загварын гар утсыг /хх 35 дугаар тал/ хүлээлгэн өгсөн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхан овогт МЭ, Хотгойд овогт ЭЧ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Чийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Э.Ч нарт тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Э, Э.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж эдлэх ялыг нь 2022 оны 06 дугаар сарын 29ий өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Э.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ