Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 366

 

2018 оны 06 сарын 19 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00366

                      Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Б овогт Д-ийн Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 153/2018/00301/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу тухайн үеийн 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна. Иймд Д.Б намайг 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Б нь 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1980 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Баянхайрхан бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 14-28 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Монголын улаан загалмайн нийгэмлэгийн гишүүний бат илэрхийлэл,

-Гэрч С.Чойжилжавын “...Би 1931 онд төрсөн. Би 1977 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн , Баянхайрхан, Сүлжээ бригадын дарга, тоо бүртгэгч хийж байсан. Д.Б нь 1976 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригад буюу Баянхайрханд малчнаар 1986 оныг хүртэл ажиллаж байсан. 1986 онд Д.Б нь Ховд аймгийн Дөргөн сумын бэр болж Ховд аймгийн Дөргөн сум руу шилжсэн.  Ховд аймгийн ******* суманд Шинэ зам нэгдэл байсан. Нэгдэл 1990 онд тарсан. Шинэ зам нэгдэл тараад ямар нэгэн компани болоогүй. Нэгдэл тарснаас хойш Д.Б нь Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт мал маллаж амьдарч байгаад буцаад нутагтаа буюу Ховд аймгийн ******* сум руу шилжиж ирсэн. Д.Б-ийн аавыг Дашдорж, ээжийнх нь нэрийг сайн санахгүй байна. Аав ээж нь Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд насаараа малчнаар ажиллаж байсан. Ээж нь нэгдлийн саальчин байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Д.Б-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч М.Должинжавын “...Би 1977 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын Чоно харайх гэх газар малчнаар ажиллаж байсан. Д.Б нь 1986 онд манай нутгийн Баатарчулууны Даваасүрэнтэй гэр бүл болж манай нутагт шилжин ирсэн. Тэр цагаас хойш нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад буюу Аргалантад малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Дөргөн суманд Сүхбаатарын зам нэгдэл байсан. Нэгдэл 1990 онд тарсан. Тухайн үеийн нэгдлийн даргаар н.Сандаг, Аргалант бригадын даргаар Янжив, бригадын аж ахуй хариуцсан Түлэмж зэрэг хүмүүс ажиллаж байсан.  Сүхбаатарын зам нэгдэл тараад ямар нэгэн компани болоогүй. Нэгдэл тарснаас хойш Д.Б нь Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт мал маллаж амьдарч байгаад Ховд аймгийн ******* сум руу шилжсэн. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Д.Б-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байназэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Б-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д-ийн Б-г 1980 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д ааснаар Д.Б улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ