Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/567

 

 

 

 

 

   2022        06         28                                   2022/ШЦТ/567

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Д.Ундармаа,

  шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэмболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт АГт холбогдох эрүүгийн 2211 00386 0934 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт АГ, регистрийн дугаар ..........................................................,

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-555а тоотод оршин суух,

Урьд:Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг торгуулийг бүрэн төлж биелүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуулга баарны гадна Э.Мөнхнасангийн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын нуруу, баруун доод зовхи, зовхины дотор буланд цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Эрүүл мэндийн даатгалын санд 150 000 төгрөг төлж барагдуулна.Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Э.Мөнхнасангийн “...Чингэлтэй дүүргийн Дуулга нэртэй диско бааранд 21 цагийн орчимд орсон. Удалгүй би Золзаяагийн хамтаар тухайн диско баарнаас гараад хүүхдүүдээ харахаар үлдээсэн Болортуяа руу утсаар ярихаар Дуулга нэртэй диско баарны гадна хаалга орчимд зогсож байсан. Тэр үед нэг эмэгтэй, нэг эрэгтэй ертөнцийн зүгээр хойд талаас диско баар луу ойртож ирсэн ба гадна хаалга дээр тухайн эмэгтэйтэй би тааралдсан. Тэгэхээр нь би чи гарах уу? би гарах уу? гэж тухайн эмэгтэйгээс асуутал тухайн эмэгтэй намайг гар гэхээр нь би гарсан юм. Харин хамт явж байсан залуудаа муусайн янхнууд гаргахгүй бол болохгүй гэж хэлсэн ба би болон манай найз Золзаяа сонссон. Тэр үед манай найз Золзаяа тэр эмэгтэйг чи юу гээд байгаа юм гэж хэлтэл манай найз Золзаяа үснээс 2 гараараа зулгаагаад толгойг нь доош дарсан. Гараа салгахгүй хэсэг хугацаанд зулгаасан ба би Золзаяа үснээс 2 гараараа зулгаагаад тавихгүй болохоор нь би салгаж тухайн эмэгтэйг Золзаяагаас холдуулахаар очтол намайг тэр танихгүй эмэгтэй зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Гэрч Э.Золзаяагийн “...Чингэлтэй дүүргийн Дуулга нэртэй диско бааранд 21 цагийн орчимд орсон. Удалгүй би Мөнхнасангийн хамтаар тухайн диско баарнаас гараад хүүхдүүдээ харахаар үлдээсэн Болортуяа руу утсаар ярихаар Дуулга нэртэй диско баарны гадна хаалга орчимд утсаар яриад тамхи татаад зогсож байсан. Гэтэл тэр диско баарны хаалганы орчимд Мөнхнасан шар үстэй эмэгтэй болон хар өнгийн саравчтай малгайтай залуутай ойролцоо зогсож байсан. Тэр шар үстэй эмэгтэй Мөнхнасангийн хажуугаар явж өнгөрөхдөө муусайн янхнууд гаргахгүй бол болохгүй гэж хэлсэн ба би болон манай найз Мөнхнасан тэр үгийг сонссон. Тэр үед би тэр эмэгтэйг чи юу гээд байгаа юм гэж хэлтэл тэр шар үстэй эмэгтэй үснээс нь 2 гараараа зулгаагаад толгой доош дарсан. Гараа салгахгүй хэсэг хугацаанд зулгаасан. Тэр үед манай найз Мөнхнасан намайг тэр шар өнгийн үстэй эмэгтэйгээс салгасан юм. Харин тэр шар үстэй эмэгтэй хэл амаар доромжилж манай найз Мөнхнасангийн зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон ба түүнээс болж манай найз Мөнхнасангийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 3574 дугаартай дүгнэлтэнд “...Э.Мөнхнасангийн биед зүүн дээд доод зовхи, хацар, хамрын нуруу, баруун доод зовхи, зовхины дотор буланд цус хуралт, зүүн зүүн зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэжээ /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Шүүгдэгч А.Гын “...би тухайн өдөр Чингэлтэй дүүрэгт байх Дуулга нэртэй бааранд архи ууж байгаад 21 цагийн үед гадагшаа гараад үүдэнд байсан хоёр эмэгтэйтэй маргаан үүсгэсэн. Би нэлээдгүй согтолттой байсан маргааныг эхлүүлсэн байх. Тэгээд би Мөнхнасан гэх эмэгтэйтэй маргаан эхлүүлээд зууралдаад газарт унасан ба газарт байхад би Мөнхнасангийн нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараа атгаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-46 дугаар тал/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 58-65 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 17 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуулга баарны гадна Э.Мөнхнасангийн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын нуруу, баруун доод зовхи, зовхины дотор буланд цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Мөнхнасангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/, гэрч Э.Золзаяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  3574 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-46 дугаар тал/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 58-65 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Хохирогч Э.Мөнхнасан нь шүүх хуралдаанд оролцохгүй, хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар бичгээр гаргасан болно.

Иймд шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл,

Шүүгдэгч А.Г нь хохирогчийг цохин эрүүл мэндэд нь зүүн дээд доод зовхи, хацар, хамрын нуруу, баруун доод зовхи, зовхины дотор буланд цус хуралт, зүүн зүүн зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсан болно.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Э.Мөнхнасан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй, нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагаас нэхэмжилсэн хохирогч Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламжаас 150.000 төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 150.000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч А.Гоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт АГыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 150.000 төгрөгийг шүүгдэгч А.Гоос гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд  оруулсугай.

6.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ