Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Ш.Ганзоригийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/01090 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.Ганзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сэлэнгэ голын сав газрын захиргаанд холбогдох,

“Урамшуулал 700.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ш.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.Ганзориг би тус сав газрын захиргаанд 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 2014 оноос хойш Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын тушаалаар байгууллагын дарга, ня-бо нарт балансын урамшуулал олгох шийдвэрийг гаргаж олгож байсан. 2016 оны балансын урамшуулалыг Сэлэнгэ голын сав газрын захиргааны дарга, ня-бо нарт олгох шийдвэр гаргаж олгож байсан ч 2016 оны балансын урамшууллыг Сэлэнгэ голын сав газрын захиргааны дарга өөртөө 2 сараар үндсэн цалингаар авсан хэдий ч ня-бо Ш.Ганзориг надад олгоогүй өдий хүрсэн болно. Иймд дээрх урамшууллыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ голын сав газрын захиргаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Сэлэнгэ голын сав газрын захиргааны 2016 оны жилийн эцсээр цалингийн фонд хүрэлцэхгүй байсан тул Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/191 тоот тушаалын 2 дугаар заалтын дагуу шийвэрлэсэн болно. Иймээс Ш.Ганзоригийн Сэлэнгэ голын сав газрын захиргаанд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/01090 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ганзоригийн хариуцагч Сэлэнгэ голын сав газрын захиргаанд холбогдуулан гаргасан урамшуулалд 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ганзоригийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгад Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016.06.10-ны өдрийн А/191 тоот тушаал хуулбар хувь байгаа гэсэн байна. Уг тушаал нь хариуцагч талаас гаргаж өгсөн баримтанд мөн хуулбар хувиар авагдсан.

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас М.Ганзориг надад хариуцагч тал болох Сэлэнгэ голын сав газрын захиргаа нь урамжууллыг олгоогүй байна олгох нь зүйтэй мөн хариуцагч тал хүртэл уг урамшууллыг тухайн 2016 онд төсөв хүрээгүй учир олгож чадаагүй гэж байхад шүүх бүрдүүлсэн нотлох баримтыг минь үндэслэл болгосонгүй.

Хариуцагч талын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан бусад баримт хэрэгт авагдах үндэслэлгүй материалыг шүүх үндэслэл болгосон байна. Иймд бусад баримтыг үндэслэн үнэн мөнийг тогтоож өгнө үү гэжээ.

                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Ганзориг нь хариуцагч Сэлэнгэ голын сав газрын захиргаанд холбогдуулан урамшуулал 700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/191 дугаар тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Ш.Ганзориг нь Сэлэнгэ голын сав газарт 2013 оноос 2016 оны 07 дугаар сарын 01 хүртэл гэрээт нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 2015 оны аудитын шалгалтаар зөрчилгүй гарснаар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Байгаль орчин ногоон хөгжил аялал сайдын А/191 дугаар тушаалаар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсний дагуу 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин 700.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын тушаал нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувийг шүүхэд нотлох баримтаар өгсөн, сарын хэдэн төгрөгний цалинтай болохоо нотолсон баримтыг өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй байгааг тайлбарласан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эсэх талаар тайлбарлахад нотлох баримтаа шүүхээр бүрдүүлэх хүсэлтээ дэмжээгүй ба шүүх өөрийн санаачилгаар бүрдүүлэх боломжгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч Ш.Ганзоригийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/01090 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ш.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ