Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамбалын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 151/2016/0332/э |
Дугаар | 322 |
Огноо | 2016-10-24 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 322
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,
хохирогч Т.Цэрэндэжид,
хохирогчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
шүүгдэгч Н.Цэрэнсамбуу нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Найдандоржийн Цэрэнсамбууд холбогдох эрүүгийн 201619000623 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Бүрэн сумын 3 дугаар баг Соосгорт гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Найдандоржийн Цэрэнсамбуу /РД:НК74072111/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Цэрэнсамбуу нь Төв аймгийн Бүрэн сумын 3 дугаар багийн нутаг “Соосгорт” гэх газарт 2016 оны 08 сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Цэрэндэжидийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Н.Цэрэнсамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 сарын 17-ны өдөр манайх Улаанбаатар хот руу нүүх гэж байгаа гээд хүмүүст ганц нэг шил архи авч өгөөд хувааж уусан юм. Тэгээд архи уучихаад эхнэрээ зодсондоо харамсаж байна. Миний буруу гэв.
Хохирогч Т.Цэрэндэжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ер нь их ширүүн хүн. Тэр өдөр би архины мөнгө өгөхгүй байсан юм. Тэрнээс болоод л намайг хүрч ирээд өшиглөөд зодсон. Би унтахаар нь оръё гэж бодоод хөдөө сууж байсан чинь хүрч ирээд өшиглөөд унасан гэв.
Гэрч Ц.Сумъяасүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би хотод байсан сүүлд мэдсэн. Тэр өдөр тэр хоёр хүмүүстэй архи уугаад хоорондоо муудалцаад аав ээжийг зодсон гэсэн. Гэр орондоо сайхан харилцаатай байдаг юм. Муудаж маргаад байдаггүй. Найз нөхөдтэйгээ уулзахаараа хааяа уудаг. Өмнө ойр зуурын маргасан зүйл байдаг. Гэхдээ хоорондоо зодолдож маргадаг зүйл байдаггүй. Намайг байхад тийм зүйл болж байгаагүй. Намайг байхгүй хойгуур сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-09 тал/,
Гэрч П.Хандсүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Гэр бүлийн найзууд байгаа юм. Эхнэр нь надтай сайн найз байгаа юм. Би саяхан л хүнээс сонслоо. Ер нь гайгүй харилцаатай байдаг. Муудаж маргаад байхыг нь үзээгүй. Бид нар таарахаараа ганц нэг пиво л ууцгаадаг юм. Олонтойгоо хүмүүс хүмүүс байгаа юм. Гурван жилийн өмнө Цэрэндэжид нь нөхөртэйгээ муудсан гээд манайд хэд хонож байгаад хүүхдүүд нь ирж авч явж байсан. Тэр үед Цэрэндэжид нь зодсон гэж байсан харахад хөхөрсөн хавдсан зүйл мэдэгдээгүй. Намайг үсдээд байсан толгой өвдөөд байна л гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-10 тал/,
Гэрч Б.Лувсанжав хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би сумын төвөөс урагшаа гэрлүүгээ явж байтал манай саахалтын Лувсанбалдан сумын төв дээр ирсэн байсан. Тэгээд явж байтал Лувсанбалдан утсаар яриад хүлээж бай гэсэн. Тэгээд хүлээгээд байж байтал Лувсанбалдан эхнэртэйгээ Цэрэнсамбуу эхнэртэйгээ мотоцикльтой ирсэн. Ирээд нэг шил архи, нэг пиво гаргаж ирээд эрчүүд нь архи уугаад эмэгтэйчүүд нь пиво уусан. Тэгээд ууцгаачаад гэр гэрлүүгээ хөдөлсөн. Сайн мэдэхгүй байна гайгүй байх шиг байсан. Ерөөсөө тийм зүйл болоогүй. Тийм зүйл ерөөсөө дуулдаж байгаагүй. Амьдралын төлөө явж байгаа сайн хүмүүс л гэж бодоод байдаг юм. Их согтуу явахыг хараагүй. Гайгүй сайхан тааруулаад хэрэглэдэг юм шиг санагдсан. Нилээд түвшин хүн л гэж боддог. Тийм зүйл ерөөсөө сонсож байгаагүй” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Мөнхгэрэл хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Манай хоёр өнгөрсөн өвөл айл байсан. Манайхыг айл байхад зодож маргалдаж байгаагүй. Зүгээр инээж хөхөрөөд л байж байдаг байсан. Хоорондоо маргаж муудаад байдаггүй. Эвтэй найртай сайхан л байдаг. Найз нөхөдийн хүрээнд л хамт уугаад байдаг. Тэр болгон архи хэрэглээд байдаггүй хүмүүс байгаа юм. Цэрэнсамбуу, Цэрэндэжид хоёр нь их тусархуу, зан ааш их сайтай хүмүүс байгаа юм. Энэ асуудлаа л Цэрэндэжид утсаар ярьж байсан. Цэрэнсамбууд зодуулаад мөнгөний хэрэг байна гээд зээлсэн мөнгөө надаас авсан. Энэ хоёр зодолдож муудалцаж байсныг би сонсоогүй” гэсэн мэдүүлэг /хх-12 тал/,
Гэрч Н.Ганбаатар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Нэг айлын хүргэн байгаа юм. Айл сахалт байдаг юм. Би тийм зүйл мэдээгүй. Уг нь гайгүй л хүн байгаа юм. Гайгүй бололцооны харицаатай байдаг. Хоорондоо маргалдаж муудалцаад байхыг үзээгүй. Байнга уугаад байдаг хүмүүсийг бодоход гайгүй. Хааяа л ууж харагдаж байдаг. Цэрэнсамбуу нь архи уухаараа яадагийг мэдэхгүй эрүүл үедээ бэлэн цэцэн үгтэй илэн далангүй яриатай хүн байгаа юм. Эхнэр Цэрэндэжид нь даруухан хүн байдаг. Хүнтэй маргаж муудаад байдаггүй хүн байгаа юм. Хааяа хэрэлдэж муудалцаж л байгаа харагддаг. Зодолдож байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-13 тал/,
Гэрч Б.Рэнцэнханд хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Эхнэр Цэрэндэжидтэй нэг анги байсан юм. Тэгээд 2016 оны 03 сарын 15-ны үеэр айл бууж байгаад 2016 оны 07 сарын 24-ний үед нүүсэн. Манайхтай айл байхдаа л лав маргаж муудалцаж зодолдож байхыг би мэдэхгүй байна. Тийм зүйл болж байгаагүй. Хүүтэйгээ муудалцаад хүү нь өвөөгийнхөө гэр лүү явж байсан гэснийг л сонсож байсан. Хоорондоо инээж хөхрөөд хүүхэд шиг нэг нэгээрээ тоглоол явж байдаг. Манайхтай айл байхдаа хамт архи ууж байгаагүй. Энэ хоёр сундлаад хоёр гурав хоногоор яваад ирдэг байсан. Тэгээд асуухаар тэр тэрэнтэй архи ууж байгаад ирлээ гэдэг байсан. Цэрэнсамбуу нь нэг их уурлаад байдаггүй. Марзан юм яриад инээж хөхрөөд л явж байдаг. Цэрэндэжид нь багаасаа нэг ангид байсан хүнтэй муудаж маргаад байдаггүй хүн л гэж боддог. Би ер нь энэ хоёрыг маргаж муудалцаж байхыг сонсоогүй. Надад тийм зүйл ярьж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-14 тал/,
-Төв аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-2 тал/,
- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №425 дугаар шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд/:
1. Т.Цэрэндэжидийн биед дух, баруун бугалга, цээжинд зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, баруун, зүүн бугалга, цээж, баруун мөр, зүүн гуя, баруун зүүн өвдөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ. /хх-16 тал/,
- шүүгдэгч Н.Цэрэнсамбууг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-22 тал/, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар /хх-38 тал/ байцаасан тэмдэглэл,
- шүүгдэгч Н.Цэрэнсамбууг ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-28 тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Цэрэнсамбуу нь Төв аймгийн Бүрэн сумын 3 дугаар багийн нутаг “Соосгорт” гэх газарт 2016 оны 08 сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Цэрэндэжидийг /мөнгө өгсөнгүй гэж/ хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №425 дугаар шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлтийн шатан өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Цэрэнсамбуугийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Цэрэнсамбууг Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхийн шатанд хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж өгсөн байна.
Шүүгдэгч Н.Цэрэнсамбууд холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Н.Цэрэнсамбууд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Хохирогч Т.Цэрэндэжид нь “хохирол төлбөргүй, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх 2 хуудас эвлэрлийн гэрээг шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 289, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Найдандоржийн Цэрэнсамбууг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар нь хохирогч Т.Цэрэндэжид нь шүүгдэгч Н.Цэрэнсамбуутай сайн дураараа эвлэрсэн байх тул Н.Цэрэнсамбууд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Цэрэнсамбууг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Н.Цэрэнсамбуу нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Цэрэнсамбууд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Цэрэнсамбууд авсан бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА