Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0061

 

 

 

 

 

 

 

Г.Э*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Э*******

Хариуцагч Монгол Улсын Дотоодын цэргийн командлагч

Нэхэмжлэлийн шаардлага: “Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, тэтгэвэрт гаргасан 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойших шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг олгохгүйгээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан учраас ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 732 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Э*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*******

Хэргийн индекс: 128/2023/0370/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Э*******аас Монгол Улсын Дотоодын цэргийн командлагчид холбогдуулан “Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, тэтгэвэрт гаргасан 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойших шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг олгохгүйгээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан учраас ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 732 дугаар шийдвэрээр: 

Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1.10, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 22 дугаар зүйлийн 22.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э*******ын нэхэмжлэлтэй Дотоодын цэргийн командлагчид холбогдуулан гаргасан Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгож, тэтгэвэрт гаргасан 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойших шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг олгохгүйгээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан учраас ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гээд 1/-д 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд цэргийн алба хаагч нь 25-аас доошгүй жил алба хаасан бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэсэн болохоос биш шууд тэтгэвэр тогтоолгохоор заасан эрх олгосон заалт биш бөгөөд хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг минь эдлүүлэлгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан.

Мөн хариуцагч маргаан бүхий тушаалдаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг үндэслэсэн байдаг. Гэтэл тус хуульд ийм зүйл, заалт огт байхгүй.

3.2.Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т "Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно", 21.2-т "Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно", 21.3-д "Цэргийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, цэргийн цолыг бууруулж болохгүй", 22 дугаар зүйлийн 22.1-т "Цэргийн алба хаагчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө", 22.1.5-т "алба хаах насны дээд хязгаарт хүрсэн" гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой байсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар 57 нас хүрч тэтгэвэрт гарах эрх үүснэ. Миний бие 1989-2019 он хүртэл Цагдаагийн байгууллагад ажилласан.

Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар тэтгэвэрт гарах бөгөөд Цэргийн албаны тухай хуулиараа тэтгэвэрт гарах насны хязгаарт хүрэх жилээр ажиллаагүй. Учир нь миний бие цэргийн албанд ажиллах насны дээд хязгаар хүрсэн учраас цагдаагийн байгууллагад шилжүүлэх, цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг илт үндэслэлгүйгээр нөхөн гүйцэтгэж, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс сонсох ажиллагаа явуулахад санал хүсэлт байхгүй гэдгээ мэдэгдсэн, албанаас чөлөөлсөн болохыг танилцуулъя гэсэн албан бичгийг хүргүүлж, миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хариу хүргүүлсэн. Хариуцагчийн хариу тайлбартаа ирүүлсэн "эрх бүхий албан тушаалтнаас хүлээж аваагүй" гэдэг нь үндэслэлгүй.

Мөн Дотоодын цэргийн штабаас ирүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2/215 дугаар албан бичигт мөн оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 6/52 дугаар албан бичгээр хариу өгөхдөө зөвхөн Цэргийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг буюу "иргэн ахлагчийн албыг 47 нас хүртэл хаана" гэсэн хэсэгт заасан алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагч байхгүй болно гэснийг хүргүүлсэн бөгөөд манайд ирүүлсэн 2/215 дугаар албан бичгээр Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т заасан хүсэлтийг асуугаагүй болно.

3.3. 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр сонсох ажиллагаа хийгдсэн эсэхэд эргэлзээтэй бөгөөд үндэслэлгүй. Хавтаст хэргийн 64 дүгээр талд авагдсан Ц.С*******ийн тэмдэглэлээс үзэхэд татгалзсан гэсэн тэмдэглэл үйлдсэн нь ойлгомжгүй бөгөөд ямар хугацаанд ямар холбооны хэрэгсэл ашиглаж надтай холбогдсон болохоо тэмдэглээгүй, тухайн цаг хугацаанд холбогдоогүй бөгөөд үндэслэлгүйгээр татгалзсан гэж миний өмнөөс тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.

2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлийн тухайд гэвэл орой ажлын цаг дуусч байхад буюу 16 цаг 49 минутад над руу залгаж танилцуулахдаа 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр тушаал гарсан байдлаар танилцуулсан бөгөөд цаг хугацааны хувьд тайлбар, баримт гаргаж өгөх эрхийг хясан боогдуулах замаар яаруу сандруу, урьдаас гаргасан тушаалыг танилцуулах мэтээр холбогдсон.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж хуульчилсан бөгөөд тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байхад тушаал гарах өмнөх өдрийн байдлаар тушаал гарсан талаар утсаар тайлбарлан хэлж байгаа үйлдэл нь хуулийг зөрчсөн гэж үзнэ.

3.4. Нэхэмжлэгчийн зүгээс "Ээлжийн амралтыг олгохгүйгээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан учраас ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах" гэсэн шаардлагыг гарган маргасан. Анхан шатны шүүх...энэ шаардлагын тухайд Дотоодын цэргийн командлагчид хамааралгүй, учир нь ...ээлжийн амралт болон ээлжийн амралтын нөхөн олговрыг Дотоодын цэргийн штабаас олгодог болох нь тогтоогдож байх тул... гэж дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино", 25.2-т "Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна" гэж тус тус заасан.

 

Гэтэл анхан шатны шүүх уг шаардлага нь Дотоодын цэргийн командлагчид хамааралгүй, Дотоодын цэргийн штабт хамааралтай юм бол дээрх хуульд зааснаар Дотоодын цэргийн штабыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, холбогдох тайлбар, нотлох баримтуудыг цуглуулсны дараа хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Үүнээс үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0731 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Нэхэмжлэгч цэргийн албанд ажиллах насны дээд хязгаар хүрсэн эсэхтэйгээ бус харин цагдаагийн байгууллагад шилжин ажиллах хүсэлтийг нь шийдвэрлэлгүйгээр цэргийн албанаас чөлөөлсөнийг эс зөвшөөрч маргадаг.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/701 дүгээр тушаалаар цагдаагийн дэд хурандаа Г.Э*******ыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын ажлаас мөн оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөр чөлөөлж, 5-ны өдрөөс Дотоодын цэргийн тусгай салбарын захирагчаар томилж, дэд хурандаа, мөн оны Б/1068 дугаар тушаалаар цэргийн хурандаа цол тус тус олгосон, хэдийгээр үүнээс өмнө нэхэмжлэгч 30 гаруй жил цагдаагийн байгууллагад ажиллаж байсан талаар шийдвэрт тодорхой дурдсан боловч маргаан бүхий тушаал гарах үед тэрбээр цагдаагийн алба хаагч бус харин дотоодын цэргийн ахлах офицер буюу цэргийн жинхэнэ алба хаагч байсан тул Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Офицерын албыг ахлах офицер 52 нас хүртэл хаана” гэсэн насны дээд хязгаарыг хэтэрсэн 53 настай нэхэмжлэгчийг уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасны дагуу “алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Тушаалын зорилго нь нэхэмжлэгчийг албанаас чөлөөлсөн болохоос бус тэтгэвэр тогтоогоогүй, харин нэгэнт хуульд заасан цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнтэй холбогдуулж хуулийн энэхүү заалтыг тушаалд үндэслэснийг буруутгах боломжгүй.

2.Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно” гэсэн нь хариуцагчид эрх олгосоноос бус үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш, иймд Дотоодын цэргийн штабын даргад 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс гаргасан офицерийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгаж ажиллах тухай хүсэлтийг хүлээн аваагүйтэй холбогдуулан тэрбээр цагдаагийн байгууллагад шилжин ажиллах хүсэлт гаргасан болох нь мөн оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/103 тоот Мэдэгдэх хуудсаар тогтоогдох боловч нэгэнт алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх хүсэлтийг хариуцагч шийдвэрлэх үүрэггүй болно.

3.Түүнчлэн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Офицер, …цэргийн жинхэнэ албан хаасан 5 жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно” гэж заасны дагуу Г.Э******* нь жилд 52 хоног /үндсэн 15, нэмэгдэл 37/-ийн ээлжийн амралт эдлэхээр, үүнээс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хуанлийн 34 хоног буюу ажлын 19 хоногийг биеэр эдэлсэн, улмаар маргаан бүхий тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын 2.8.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ээлжийн амралтын үлдэгдэл ажлын 33 хоногийг тооцон 3.484.616 төгрөгийг түүний Хаан банкан дахь дансанд шилжүүлсэн энэ тохиолдолд ээлжийн амралтын нөхөн олговор дахин гаргуулах үндэслэлгүй.

Шийдвэрт дээрх үйл баримтыг дурдсан атлаа “…энэ шаардлагын тухайд Дотоодын цэргийн командлагчид хамааралгүй, учир нь нэхэмжлэгчид ээлжийн амралт болон ээлжийн амралтын нөхөн олговрыг Дотоодын цэргийн штабаас олгодог болох нь тогтоогдож байх тул энэ талаар маргах эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүй…” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл нөхөн олговрын санхүүжилт хаанаас, хэрхэн хийгдсэнээс үл хамаарч энэ шаардлагын хариуцагч өөрчлөгдөхгүй, учир нь ээлжийн амралтаа биеэр бүрэн эдэлж дуусаагүй байхад нь албанаас чөлөөлөхдөө үлдсэн амралтад нөхөн олговор олгоогүй байх тохиолдолд хариуцагчаас уг олговрыг тооцон гаргуулах боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН