Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/566

 

 

 

 

 

 

  2022        06          27                                     2022/ШЦТ/566

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Ц.Ж /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Г” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ЦЖд холбогдох эрүүгийн 2211 00000 1222  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АПУ ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 35 дугаар гудамжны 396 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-528 тоотод оршин сууж байгаа гэх,

урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт ЦЖ /РД:................................................/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ж нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32 дугаар автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлж байсан иргэн Ч.Базарсадыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Ж нь:

2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32 дугаар автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлж байсан иргэн Ч.Базарсадыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Надад үнэхээр хэцүү байна” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Ч.Базарсадын “...Би 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ахын гэр болох Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн Сансар супер маркет худалдааны төвийн зүүн талд байрлах 2 давхар саарал байранд том савалгаатай Боргио нэртэй шар айраг ганцаараа нэгийг ууж дуусгаад өлсөөд байсан учир түргэн үйлчилгээний цэг орж хоол авч идэхээр гэрээсээ 02 цаг өнгөрч байхад гарч Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн баруун талын автобусны буудлын түргэн үйлчилгээний цэг орж 8 ширхэг хуушуур авах гэтэл 21.000 төгрөг гэх шиг болсон. Тухайн түргэн үйлчилгээний цэг дотор байсан 170 см өндөртэй, 20-25 насны залууд хандаж би 8 ширхэг хуушуур яагаад 21,000 төгрөг байдаг юм гэж хэлсэн ба түүнээс болж би тухайн залуутай маргалдсан. Миний нүүр хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 4-5 удаа тэр залуу цохисон. Мөн цээж болон зүүн гарын булчин хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би болон надтай хэрэлдэж, маргалдсан тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7018 дугаартай дүгнэлтэнд  “Ч.Базарсадын биед дагз, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэжээ /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.Жгийн “...би АПУ компанид ачигчийн ажил хийдэг ба 00 цагийн орчим ажлаа тараад Баянбүрдийн ойролцоо гадаа байдаг сааданд ганцаараа 0,5 литрийн Хараа архи ууж байгаад 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32 дугаар тойргийн автобусны буудлын баруун талд байрлах ТҮЦ-ээс орж хоёр ширхэг ороомог авч, халуун цай ууж байтал гаднаас 30 орчим насны 160 см өндөртэй залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тухайн залуу хуушуур авъя гэж хэлтэл худалдагч залуу 21,000 төгрөг гэж тухайн залууд хэлтэл намайг хэлж байна гэж сонсоод 8 ширхэг хуушуур юу гэж 21.000 төгрөг гэдэг юм гэж хэлээд над руу уурласан. Тэгээд бид маргалдаж би тухайн залуугийн нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Мөн зүүн гарын булчин цээж хэсэг рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 58, 59/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 497 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ц.Ж нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32 дугаар автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлж байсан иргэн Ч.Базарсадыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч нь хохирогчид хохиролд 80.000 төгрөг /хх 41 дүгээр тал/-ийг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байх ба хохирогч Ч.Базарсад нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хавсаргуулаагүй, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй ба;

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ “... шүүгдэгч Ц.Жгаас мөнгө авсан, гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “ гэжээ.

Иймд шүүгдэгч Ц.Жг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ЦЖг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ