Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/565

 

 

 

 

 

 

 

   2022        06         27                                   2022/ШЦТ/565

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч С.Сүрэнхорол,

  шүүгдэгч А.Ц /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт АЦд холбогдох эрүүгийн 2211 00149 0779 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт АЦ, регистрийн дугаар .............................................

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эх, эхнэрийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 48 дугаар гудамжны 1093в тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22-383 тоотод оршин сууж байгаа гэх, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч А.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-792а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Мягмаржавыг “ээжийг минь доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна .Хохиролоо бүрэн төлж барагдуулна...” гэв.

Хохирогч Д.Мягмаржав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Шинэ жилээ тэмдэглэчихээд би явах гээд сууж байсан. Бид нар уучихсан байсан болохоор хоорондоо хамаагүй ярьж байсан. Манай дүү халамцуу байсан тэгээд намайг буруугаар ойлгоод босож ирээд цохисон байгаа. Би шүднийхээ суулгацаа 4 800 000 төгрөгөөр хийлгээд авчих юм бол өөрөөр гомдол саналгүй.Өөрийнхөө үйлдэлд бас гэмшиж байгаа ” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Мягмаржавын “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-792а тоотод ... Норжмаа, Улаанхүү нарын хамт архи уугаад тоглоомоор бие биенийгээ элдэв үгээр хэлээд инээлдээд байж байтал гаднаас Норжмаагийн хүү Цогоо гэгч нь орж ирээд чи миний ээжийг юу гээд байна аа айн гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Гэрч Ц.Норжмаагийн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 22-383 тоотод хүү Цогтгэрэл, хамтран амьдрагч Улаанхүү нарын хамт байж байтал гаднаас Улаанхүү гэгчийн найз гээд Мягмаржав нь согтуу орж ирсэн. Тэгээд Улаанхүү, Мягмаржав бид гурав жоохон хууч хөөрөөд сууж байтал Мягмаржав нь намайг хэл амаар доромжлоод “Бэлэн бор хүүхэн, гурвуулаа унтана гэж хэлтэл” нөгөө талын өрөөнд байсан Цогтгэрэл өрөөнөөс гарч ирээд чи миний ээжийг юу гэдэг гэнээ гээд Мягмаржавын нүүр хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон ... Надтай хамт амьдарч байгаад Улаанхүү нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Швед улс руу явсан. Улаанхүүгийн хүүхдүүд нь бүгд Швед улсад байдаг. Улаанхүү нь ямар нэгэн зодоонд оролцоогүй ээ. Тухайн хэрэг болох үед унтаж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын  05-ны өдрийн 1210 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Мягмаржав дээд баруун 1-р шүд, зүүн 2-р шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 10% алдагдуулна” гэжээ /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Шүүгдэгч А.Цийн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг шилжих шөнө миний бие өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 22-383 тоотод унтаж байхад манай гэрт манай ээжийн хамтран амьдрагч Улаанхүүгийн найз Мягмарсүрэн гэх хүн согтуу ирсэн байсан. Тэгээд манай ээж Норжмаа, Улаанхүү, Мягмарсүрэн нар нь архи уугаад байж байсан бөгөөд тэр хэд хоорондоо юм яриад байсан тул сэрээд байж байтал Мягмарсүрэн гэгч нь манай ээж Норжмааг дундын хүүхэн болгоно энэ тэр гээд юм яриад байхаар нь миний уур хүрээд Мягмарсүрэн гэгчийг нэг удаа уруул хэсэг рүү нь баруун гараараа цохисон. Тэгтэл Мягмарсүрэн гэрээс гараад яваад өгсөн ба удалгүй 2 цагдаагийн алба хаагч дагуулаад манай гэрт хүрээд ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 55 минутад №099 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн  37 дугаар тал/,  гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 33 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч А.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-792а тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Мягмаржавыг “ээжийг минь доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Мягмаржавын мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/, гэрч Ц.Норжмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1210 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 55 минутад №099 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ц нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч А.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл,

шүүгдэгч А.Ц нь “...ээжийг минь доромжиллоо...” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисоны улмаас ... дээд баруун 1-р шүд, зүүн 2-р шүдний булгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч А.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасан болно.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.Мягмаржав нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын хохирлын талаар Гранд анир ХХК-ны имплант, зиркон  бүрээс хийлгэх зардал 4 800 000 төгрөгний баримт хавтаст хэрэгт хавсаргасан боловч уг баримтын хүрээнд шүүх гэм буруутай этгээдээс хохиролыг гаргуулах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагаас “ ... хохирогч Д.Мягмаржав нь Чингэлтэй эрүүл мэндийн төвөөс гэмтлийн амбулторийн үзлэг, амбулториор хийгдэх мэс ажилбар зэрэг нийт 44.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг А.Цээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ... “ гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь уг 44.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 44.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт АЦийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 44.000 төгрөгийг шүүгдэгч А.Цээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд  оруулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид шүд солиулахад гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ