Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 368

 

 

2018 оны 06 сарын 19 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00368

                       Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дуут сум, Хөх бэлчир багт оршин суух, ..... дугаарын регистртэй, М овогт Б-ийн М-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 153/2018/00313/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.М нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Миний бие 1978 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй байна. Иймд намайг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.М нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

- Хүсэлт гаргагчийн 1991 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/

- Батлан хамгаалахын тав архивын лавлагаа /хх-ийн 13 дугаар хуудас/

- хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 970 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадын 1976 оноос 1978 он, 1981 оноос 1991 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 19-33 дугаар хуудас/,

-Гэрч Д.Цэдэнгийн ...Би 1960 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 7 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчин болж байсан. Улмаар 1965 онд цэргийн албанд татагдаж, 1968 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлдээ уг нэгдлийг тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Б.М нь бага залуу наснаасаа эхлээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд татагдаж 1981 онд цэргээс халагдсан. 1981 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Дуут Социализмын зам нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч М.Мөнхжаргалын ....Би 1968 онд Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуулийн 3 дугаар ангийг төгсөөд сургуулиас гарсан. Улмаар эцэг эхийн хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1972 онд цэргийн албанд татагдаж, 1975 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Б.М нь эцэг эхийн хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд татагдаж 1981 онд цэргээс халагдсан. 1981 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Дуут Социализмын зам нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан... зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.М-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М овогт Б-ийн Ма-ыг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ