| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00314/и |
| Дугаар | 369 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 369
| 2018 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2018/00369 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Е овогт Д-ийн Г-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 153/2018/*******/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 онд ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 дугаар анги төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйд гарч 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад /Шураг/ аав ээжийн хамт малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдан Ардын армийн 122 дугаар ангид цэргийн алба хаагаад 1986 оны 06 дугаар сарын 15-нд цэргийн албанаас халагдсан.
1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс Ховд аймгийн ******* сумын Социапизм нэгдлийн 3 дугаар бригад /Шураг/-т аав ээжийн хамт мал маллан амьдарч гэр бүл болсон. Улмаар эхнэрийн хамт мал маллаж байгаад 1991 онд өмч хувьчлал явагдаж, нэгдэл тарж хувьчлалаар мал авч хувийн аж ахуй эрхлэх болсон. Ингээд 1986 оноос өнөөдрийг хүртэл мал маллан амьдарч байна.
Миний Ховд аймгийн ******* сумын Социапизм нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн ажилласан хоног, авсан цапин хөлсийг тодорхойлсон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн /1980 оны/ дэвтэр байгаа боловч бичвэр нь засвартай байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн болно.Иймд холбогдох баримтуудыг үндэслэн намайг 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригад /Шураг/-т малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Миний бие нь амьдралын шаардлагаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул шүүх хуралдаанд миний өмгөөлөгчийг оролцуулан хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Д.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригад /Шураг/-т малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Г нь 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригад /Шураг/-т малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 4-15 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 933 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын 3 дугаар бригадын 1980 оноос 1982 он, 1987 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 22-28 дугаар хуудас/
-Гэрч Н.П*******ийн ...Би 1964 онд төрсөн. 1982 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилд орж байсан. 1985 оноос 1988 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1988 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Би 2016 онд аймгийн сайн малчин болсон. Д.Г нь 1980 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1993 онд Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Т.Д*******йн ...Би 1943 онд төрсөн. 1980 оноос 1996 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Шураг бригадад агент, бригадын даргаар ажиллаж байсан. Д.Г нь 1981 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Бага залуу наснаасаа эхлээд мал маллаж байгаа. Одоо ч гэсэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд мал маллаж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Г-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Е овогт Д-ийн Г-ийг 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ