| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0479/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/536 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/536
2022 06 20 2022/ШЦТ/536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Батцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт БМд холбогдох эрүүгийн 2211 00000 1031 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1124 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Боржигин овогт БМ /РД:................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 04 дүгээр сарын 6-наас 07-нд шилжих орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хүчит Шонхор худалдааны төвийн эмч нарын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нууцаар нэвтэрч, иргэн Б.Эрдэнэбилэгийн ажлын байрнаас 539,400 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг таб А7 загварын таблетыг нууцаар хууль бусаар авч хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.М нь:
2022 оны 04 дүгээр сарын 6-наас 07-нд шилжих орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хүчит Шонхор худалдааны төвийн эмч нарын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нууцаар нэвтэрч, иргэн Б.Эрдэнэбилэгийн ажлын байрнаас 539,400 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг таб А7 загварын таблетыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй ... гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Эрдэнэбилэгийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой Чингэлтэй дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор зах малын эмч нарын өрөөнөөс ажлын цаг дуусаад орой 21 цагийн үед эмч нарын өрөөнөөс гэр рүүгээ явахаар гарсан гарахдаа ажлын хэрэгцээнд хэрэглэдэг ашигладаг Самсунг таб А7 загварын таблетыг ажлын өрөөний ширээн дээр орхиод гарсан. Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 05 цагийн үед ажил дээрээ ирээд 07 цагийн үед Самсунг таб А7 загварын таблетээр ажлынхаа мэдээг бичих гэсэн боловч алга болсон байсан. Тэр өрөөндөө хайгаад олдохгүй болохоор нь ажлынхаа эмч нараас асуухад мэдэхгүй гэхээр нь хяналтын камерын бичлэг шүүх гэтэл тог тасарсан ажиллахгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/,
Гэрч Ц.Оюунтунгалагийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 07 цагийн үед Хүчит шонхор зах дээр ажил дээрээ ирэхэд манай хүргэн Мөнхбат би Нарантуул зах руу явлаа эхнэр хүүхдээ хувцаслана би цалингаа авсан 2 хүүхдийнх нь хүүхдийн мөнгө нь орчихсон байсан гээд зах руу явсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булагийн 19- 1125 тоотод гэртээ Мөнхбат ирсэн. Манай хашаанд 3 гэр байдаг Мөнхбат манай Оюунмөнхтэй 2 хүүхдийн хамт тусдаа гэрт амьдардаг. Мөнхбатыг манай дунд охин Оюунмэнд та хаагуур хэд хоног явж байгаад ирсэн бэ гэж асуухад нь Мөнхбат “Ах нь их зах буюу Нарантуул зах ороод Хүчит шонхор захын үхрийн заалны хажууд эмч нарын өрөөний түлхүүр нь ширээн дээр нь байхаар нь түлхүүрээр онгойлгоод Самсунгийн табыг нь аваад Нарантуул зах дээр кодыг нь тайлуулах гээд очоод энэний кодыг нь тайлаад байж байгаарай гэж хэлчихээд гарч яваад буцаад ороод ирсэн чинь 2 цагдаа гавлаад аваад явсан. Самсунгийн табыг хаанаас хэнээс судалдаж авсан гэж цагдаа нар нь асуусан тэгэхээр нь Мөнхбат би хүнээс 80,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлээд эмч нарын өрөөнөөс авсан табаа болон том хар цүнх, хүүхдүүддээ авсан хувцаснууд, өөрийнхөө гар утас байсан эд зүйлээ тэр 2 цагдаад хураалгаад эргээд ирж чадахгүй байсан” гэж ярьсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Гэрч О.Оюунмэндийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булагийн 19-1125 тоотод гэртээ байж байхад Хүргэн ах Мөнхбат 12 цагийн үед Нарантуул зах орж эхнэр хүүхдүүддээ хувцас авна гээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яваад 25-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай гэрт ороод ирсэн. Тэгээд араас манай эгч Мөнхбат ахын эхнэр болон Оюунмөнх орж ирээд Мөнхбаттай олон хоног гадуур явлаа гээд маргалдаад муудалцсан. Тэгээд хоорондоо гайгүй болж байснаа таб гээд том утасны талаар яриад байсан. Хүргэн ах тэр яриад байсан табаа эмч нарын өрөөнөөс авч гарсан табаа Нарантуул зах дээр кодыг нь гаргахаар очоод кодыг гаргуулах Нарантуул зах дээр гаргадаг хүнд өгчихөөд буцаад ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан тэгээд намайг бариад эмч нарын өрөөнөөс авсан таб, өөрт байсан цагаан өнгийн таб, өөрийнх нь гар утас, хүүхдүүддээ авсан хувцаснууд цагдаа дээр хураалгасан байгаа гэж эгч Оюунмэндэд хэлэхийг нь би сонсоод би ээж Оюунтунгалагт өчигдөр орой нь хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
Гэрч О.Оюунмөнхийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед манай нөхөр Мөнхбат цалингаа аваад Нарантуул зах явж надад болон хүүхдүүддээ хувцас хунар авна гээд миний барьж байсан гар утсанд сим картаа хийгээд явсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 19- 1125 тоотод гэртээ байж байхад манай нөхөр Мөнхбат 15 цаг өнгөрч байхад манай дүү Оюунмэндийн гэрт орохоор нь би араас нь ороод Мөнхбатыг 4 хоног хаагуур явж байгаад гэртээ ирсэн талаар нь асуугаад Мөнхбаттай маргалдсан. Тэгээд бид 2-ын хэрүүл гайгүй болоод хаагуур явсан талаар нь ярилцсан чинь Мөнхбат надад би Нарантуул зах дээр очиж 2 хүүхдэдээ таавчик, өмд цамц, нэг гар утас худалдаж авсан. Тэгээд Шонхор захын эмч нарын өрөөний түлхүүрийг ширээн дээрээс аваад орж нэг таб байхаар нь аваад кодыг тайлуулах гээд код тайлдаг хүнд өгчихөөд буцаж ирээд табаа авах гэсэн чинь цагдаа ирчихсэн намайг авч яваад хүүхдүүддээ авсан хувцас, гар утас, эмч нарын өрөөнөөс авсан таб зэргийг цагдаа нар хураагаад авсан маргааш ирж юмаа аваарай гэж хэлсэн гэсэн. Би нөхөр Мөнхбатад яах гэж эмч нарын өрөөнөөс юу авсан юм бэ гэж асуухад юм дугарахгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Гэрч Э.Ариунбаатарын “...2022 оны 04 дүгээр сарын 21-23-ны хавьцаа ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул худалдааны төвийн эрдэнэсийн арал буюу хогон дээр өглөө байж байхад нэг залуу утасны код тайлуулах гэсэн юмаа гэж хэлээд явж байсан юм. Тэгээд би тэр залууд гар утасны чинь кодыг тайлахгүй гэж хэлээд явуулсан ба нөгөө залуу эргээд 80.000 төгрөгөөр кодыг нь тайлах юм байна гэж хэлээд буцаад ирсэн. Тэгээд би нээх нөгөө залууг анзаараагүй зогсож байхад 80.000 төгрөгөөр код тайлуулах гэсэн чинь мөнгө алга байна гэж хэлээд 60.000 төгрөгөөр заръя бас нэг сим карт карт хийх утас өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би худалдаж авахаар тохиролцоод авах гэсэн чинь ойролцоо байх дэн буудалд байгаа очоод авчих гэхээр нь өөрийн авто машиндаа суулгаад байгаа газраас нь очиж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... Тус үнэлэгдэж буй зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 539.400 /таван зуун гучин есөн мянга дөрвөн зуун төгрөг/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Мын “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой Хүчит шонхор захын баруун талын хаалганы орчимд танил 2 хүний хамтаар 0,5 литрийн Хараа архи нэгийг уугаад тухайн хоёр хүнээс салаад ганцаараа үргэлжлүүлэн архи уух зорилгоор Энхбаатар эмчтэй уулзаж мөнгө зээлэхээр ажил руу нь орсон. Энхбаатар эмч Хүчит шонхор захын дотор байрладаг 2 зэрэгцээ ногоон барилгын зүүн талын барилгад өрөө нь байдаг. Гэтэл тухайн эмч нарын өрөө цоожтой харин өрөөний түлхүүр хаалганыхаа дээд талд тогтоож тавьсан байхаар нь би өрөө рүү орж Самсунг а7 загварын табыг авч өрөөнөөс гарсан. Тухайн өрөө шилэн том цонхтой учир дотор талын эд зүйлс гадна талаасаа бүгд харагддаг байсан. Өрөөнөөс хар өнгийн Самсунг А7 загварын табыг авч гарах үед хэн нэгэн намайг хараагүй. Би тухайн Самсунг А7 загварын табыг зөвшөөрөлгүй авсан өдрөө зарж борлуулаагүй харин 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Нарантуул захын мангасын ам гэх газарт 60.000 төгрөгөөр намхан, бор арьстай, 38-40 настай эрэгтэй хүнд зарж борлуулсан. Би Эрдэнэбилэг гэх хүнд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор тухайн эд зүйлийг хулгайлсан ба өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад баримт зэргийг шинжлэн судаллаа.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 04 дүгээр сарын 6-наас 07-нд шилжих орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хүчит Шонхор худалдааны төвийн эмч нарын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нууцаар нэвтэрч, иргэн Б.Эрдэнэбилэгийн ажлын байрнаас 539,400 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг таб А7 загварын таблетыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/, гэрч Ц.Оюунтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/, гэрч О.Оюунмэндийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, О.Оюунмөнхийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, гэрч Э.Ариунбаатарын мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар тал/, шүүгдэгч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Шүүгдэгч Б.М нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хүчит Шонхор худалдааны төвийн эмч нарын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нууцаар нэвтэрч, иргэн Б.Эрдэнэбилэгийн ажлын байрнаас 539,400 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг таб А7 загварын таблетыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч Б.Мын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.М нь хэргийн үйл баримт, гэм буруу маргаагүй, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Мыг “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай ...” гэв.
Шүүгдэгч Б.М нь хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Эрдэнэбилэгээс “...Б.Маас бэлнээр болон дансаар хүлээж авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 58 дугаар тал/-ээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт БМыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ